Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Бумчимэг: Өрхийн бодит хэрэглээ 10 хувиар буурсан нь дефляц үүсгэх талтай

Т.ЖАНЦАН

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгтэй улсын төсөв, эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар ярилцлаа.
------------------------------------------
------------------------------------------

-Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Хямралаас ирэх хоёр гурван жилдээ гарч чадахгүй гэсэн яриа бий. Судлаач хүний хувьд та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарсан хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Хятад дэлхийн металын хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг. Тус улсын хэрэглээ буурсан тул  түүхий эдийн үнэ унасан. Ингээд манай улсын экспортын орлого буурлаа. Түүхий эдийн үнэ буурахаар манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт багассан. Нэг ёсондоо хөрөнгийн урсгал, экспортын орлого хумигдаж гадаад эдийн засгийн шоконд орсон. Үүнээс гадна өнөөдөр дефляцад орох аюул нүүрлээд байна. Өрхүүд хэт их өр тавьсан тул хэрэглээгээ нэмэгдүүлж чадахгүй боллоо. Энэ өрийн дийлэнх нь ипотекийн зээл. Монгол Улсын орлого буурч, ажил эрхлэлт нэмэгдэхгүй байгаа үед өрхийн хэрэглээгээ танаж эхэлсэн. Иймд бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, дефляц үүсэхэд хүргээд байгаа юм. Хувцас, бөс бараа, номны үнэ гээд хүнд хандсан үйлчилгээний үнэ хямдарсан. Үүний нөлөөгөөр эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд ажилчдаа цомхотгож эхлээд байгаа. Энэ байдал цаашид даамжирч улам эрсдэлд орж магадгүй дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Гэтэл гадаад эдийн засгийн байдал тийм ч хурдан сэргэх төлөв харагдахгүй байна.  Ер нь, Хятад дотоод асуудлаа хэдий хугацаанд шийдэж чадсанаас түүхий эдийн үнэ шалтгаална. Тэгэхээр манай эдийн засгийн байдал  ойрын жилдээ сэргэх тал ажиглагдахгүй байгаа юм. Гэвч манай улсад эдийн засгийн хүндэрлээс гаргах нэг хүчин зүйл  бий. Тэр бол Оюу толгойн хөрөнгө оруулалт. Тус уурхайд энэ онд 400 сая ам.доллар орж ирнэ. Уг мөнгө ДНБ-ий дөрөв орчим хувь. Ирэх жилүүдэд 1.1-1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөв бий. Эдгээр нь ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлэх тооцоо гарсан. Ийм учраас манай эдийн засагт эерэг шок гарах боломжтой. Уг хөрөнгө оруулалт түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарахгүй гэж байгаа. Тэгэхээр манай улсын эдийн засагт гэрэл асаасан зүйл болно. Гэхдээ үүнээс өмнө өрхүүд зээлээ төлж чадахгүйд хүрч банкуудын зээлийн чанар муудаж, санхүүгийн салбар хүндрэлд орох эрсдэл байгаа юм.

-Тэгэхээр Оюу толгойд л найдах нь ээ. Харин одоо учраад байгаа төсвийн алдагдал, орлогын тасралт, өрийн дарамтын асуудлыг шийдэх боломж юу байна?
-Засгийн газар богино хугацаанд хэрэгжүүлэх ёстой алхмууд яах аргагүй бий. Сангийн яам, Монголбанкнаас маш олон мэдэгдэл хийсэн. Жишээлбэл, улсын валютын нөөцгүй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьтай тэнцлээ, өрөө төлж чадахгүйд хүрлээ гэх мэт богино хугацааны томоохон эрсдэлүүд ярьсан. Тэгэхээр энэ эрсдэлүүдийг шийдэж байж эдийн засгийн өсөлт гарна. Хэрэв валютын нөөцгүй болсон бол импортын төлбөрөө төлж чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүсэх юм. Мөн төсвийн алдагдал өндөр, бүрдэхгүй болсон. Иймд цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадах эсэх тухай ч яригдана. Эдгээр бэрхшээлээс гарах арга замыг яах аргагүй өнөөдөр олох ёстой. Үүнээс гарах боломжит хувилбар бол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр. Уг хөтөлбөрт орж дээрх хүндрэлийг богино хугацаанд шийдэж чадвал ирэх оны сүүлч эсвэл 2018 оноос эдийн засаг сэргэх боломж бий.

-“Стэнд бай” хөтөлбөрөөс өөр боломж байхгүй гэж үү. Их хатуу нөхцөл шаарддаг хөтөлбөр гэдэг шүү дээ?
-ОУВС-гийн энэ хөтөлбөр харьцангуй бага хүүтэй гэдгээр давуу талтай. Бага хүүтэй зээл аваад Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга баттай, мөнгөний бодлогоор эдийн засгийн эрэлтийг хумина. Өөрөөр хэлбэл, өр болон импортын төлбөрөө төлж чадахгүй байх эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ авах амлалт өгнө гэсэн үг. Тэгээд амлалтаа биелүүлдэг болохоор гадаад эдийн засагт Монгол Улсын нэр хүндийг өсгөнө. Жишээ нь, Монгол Улсын зээлжих зэрэглэл муудсан. Үүнийг сайжруулна. Мөн ОУВС-гаас зээл авч чадвал уг мөнгөөр өрөө төлөх боломжтой. Эсвэл гадаад зах зээлээс дахин мөнгө босголоо гэхэд харьцангуй бага хүүтэй байна. Дахин хэлэхэд Сангийн яам, Монголбанкнаас хийсэн дараалсан мэдэгдлүүд Мон­гол Улсын талаар хө­рөн­гө оруулагчдыг сөрөг мэдээ­лэлтэй болгосон. Үүнийг эер­гээр эргүүлэхэд чухал нөлөөтэй юм. Өөр хөтөлбөр хэрэгжүүлэхэд ч хүндрэлтэй. Өндөр хүүтэй арилжааны зээл авна гэсэн үг. Хүүгийн хэмжээгээр төсвийн зардал өснө. Гэтэл манай төсвийн алдагдал маш өндөр тул их дарамттай.

-ОУВС-гаас хэдий хэм­­жээ­ний мөнгө авах бо­ломж­­той бол. Тодорхой хяз­гаар тогтоосон байдаг уу?
-ОУВС 2008 оны хямралаас хойш хязгаар тогтоохоо  больсон. Тухайн улсыг эдийн засгийн хүндэрлээс гарах хүртэл нь мөнгөн туслалцаа үзүүлсэн туршлага бий. 

-Та Монгол Улсад дефляц үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн. Тэгвэл өнгөрсөн сарын инфляц сөрөг утгатай гарсан. Үүнийг Төв банк түр зуурынх гэж байгаа. Эдийн засагч, судлаач хүний хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Улирлын чанартай дефляц үүслээ гэсэн. Үүний нарийн тайлбарыг хийх ёстой. Энэ жил махны үнэ өмнөх оноос хямд байна. Сүүлийн жилүүдэд  ноос, ноолуурын үнэ, тэтгэвэр, тэтгэмж өсөөгүй. Иймд малчид өрхийн өрөө төлөх, хэрэгцээгээ хангах үүднээс хямдхан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэж хэлж болно.  Мөн зуд болно гэсэн хүлээлт байгаа тул махны үнэ хямдарсан. Гэхдээ цаашид махны үнэ буурна гэж хүлээх хэрэггүй. Малчдын орлогын нэлээд хувийг мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлдэг. Жишээлбэл, махны борлуулалт орлогынх нь 20 хувийг  эзэлж байгаа. Тэгэхээр махны үнийн бууралт малчин өрхийн орлогыг дээрх хэмжээгээр л бууруулна. Орлого нь буурсан малчны худалдан авалт ч дагаад багасна. Тэгэхээр махны үнэд үүссэн дефляцыг зөвхөн улирлын чанартай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл малчид борлуулагч бас худалдан авагч. Үүн дээр нэг тодруулга хийж хэдэн тоо хэлье. Улсын инфляц нэг хувийн дефляцтай гарсан. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар буурсан гэсэн үг. Хүнсний үнэ 4.7 хувиар хямдарлаа. Хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар өссөн.  Энэ нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ дефляц болоход маш ойрхон байгааг харуулж байгаа юм. Улаанбаатар хотын инфляц -06 хувийн дефляцтай гарлаа. Хүнснээс бусад бүтээгдэхүүний үнэ 0.3 хувиар өссөн дүн бий. Иймд дефляц үүсэхэд маш ойрхон байгааг илтгэж байна. Бүлгүүдээр нь хувааж үзвэл хувцас бөс барааны үнэ  1.3 хувиар хямдарсан. Хувь хүнд хандсан үйлчилгээ 0.4 хувиар буурав. Энэ бүгдээс үзвэл уг дефляцыг улирлын шинж чанартай гэж дүгнэх нь өрөөсгөл. Товчхондоо өрхийн орлого буурч, хэрэглээ танагдаж, дефляц үүсэхэд ойрхон байна гэж ойлгож болно. Тухайлбал, өрхийн бодит хэрэглээ энэ оны эхний хагас жилд 10 хувиар буурсан нь бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах шалтгаан болсон байх талтай.

-Та өрхийн орлого буурсан гэлээ. Тэгвэл өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?
-Өрхийн орлого сүүлийн нэг жилийн хугацаанд буурсан. Тэр хэмжээгээр зардал танагдана. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ажилгүйдэл 10.4 хувьтай гарлаа. Энэ бол өндөр үзүүлэлт. Мөн ажил эрхлэлт өнгөрсөн оныхоос 1.2 хувиар буурсан. Эндээс харвал цөөн хүн ажил хийж бага орлого олж байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

-Монгол Улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж судлаачид зөвлөдөг. Үүнийг ярьдаг ч дорвитой ажил хийгээгүй гэдэг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Уул уурхайд суурилсан эдийн засагт “Голланд өвчин”, байгалийн баялгийн хараал тусдаг гэж ярьдаг. Энэ нь өөрсдөө үйлдвэрлэхгүй бэлэн түүхий эд олборлоод зардаг тул үнэ буурах, нөөц дуусвал хүнд байдалд ордог. Иргэд ч уул уурхайн мэргэжлээс өөр мэргэжлийн ажил хийж чаддаггүй. Жишээлбэл, эксковаторын жолооч байсан хүн уурхай нь хаагдахаар ажилгүй болно. Хэрэв уул уурхайд шүтээгүй орон байсан бол байдал өөр. Гутал тахалдаг хүн байлаа гэхэд гадаад эдийн засагт ямар ч хүндрэл гарсан, хямрал боллоо ч  тэр ажлаа л хийж байна. Уул уурхайн салбар чинь бүтээмж бараг гаргадаггүй. Дээр нь, улс төрийн зөрчил нэлээд бий болдог. Олон улсын жишээнд тухайн улсын Засгийн газрын орлогоос төсөл хэрэгжүүлж буй уул уурхайн корпорацын орлого хамаагүй өндөр байдаг. Ийм учраас тэр хоёрын хооронд ашигтай хэлэлцээр хийхэд хэцүү.
Африкийн орнууд уул уурхайгаас болж мөргөлдөөн, тогтворгүй байдал үргэлж гарч байна. Үүнээс гарах гарц нь хувь хүний боловсролыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх. Хүн хөдөлмөрлөж илүү их бүтээмж бий болгож байвал ирээдүйд алзахгүй. Засгийн газар эдийн засагт их оролцох нь буруу  ч орлого өсөхөөр эдийн засгаа тэлсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэтэл орлого багасхаар эдийн засгийн бүх салбараа тэтгэж чадахгүй эдийн засгаа унагаж байгаа юм. Ийм учраас уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнуудын Засгийн газар хуримтлалын сантай болсон. Энэ сангийн хөрөнгийг эдийн засаг хүндэрсэн үед зарцуулах учиртай. Харин манайд алга.  Ер нь, бусад орнуудаас төсөв, мөнгөний бодлогын сахилга бат хамаагүй өндөр байж амжилтад хүрнэ.

-Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш цаашид ямар байх чиг хандлага ажиглагдаж байна вэ?
-Манай улсын экспортын тал хувийг зэсийн баяжмал бүрдүүлдэг. Зэсийн үнэ одоогийн ханшаас буурахгүй. Гэхдээ өсөлт ажиглагдахүй байна. Гэтэл Оюу толгойн үйлдвэрлэж буй баяжмалын зэс, алтны агууламж буурсан байна билээ. Иймд ирэх онд манай экспортын орлого нэлээд буурах төлөв бий. Үүнээс гадна коксжих нүүрсний үнэ өссөн явдал эергээр нөлөөлөх байх. Мөн алтны үнэ харьцангуй өндөр байгаа.  Тэгэхээр алтны экспорт өсөх дүр зураг ажиглагдаж байна.

-Эдийн засаг хүндэрч байхад төрөөс төсөв, мөнгөний бодлогоо чангалах арга хэмжээ авч байна. Бусад улс орон тэлэх бодлого баримталдаг. Өнөөгийн нөхцөлд хатуу бодлого манай улсад хэр нийцэж байна вэ?
-Манай улс эдийн засгаа тэлсний хэрээр уг мөнгөний 40 орчим хувь нь импорт болоод гардаг онцлогтой. Энэ нь гадаад валютын нөөцийг барах гол шалтгаан болдог. Ийм учраас гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар болсон үед тэлсэн бодлого хэрэгжүүлэхэд хэцүү. Эдийн засагт нэг төгрөг нэмэх бүрт цаана нь 0.4 төгрөгийн импорт орж ирдэг тул гадаад валютын нөөцөө шавхахгүй барих ёстой. Үүнээс сэргийлж Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Төсвийн орлого бүрдэхгүй байгаа учир Засгийн газар татвар нэмэх зорилготой байна. Манай улсын төсөв хангалттай том. Өнгөрсөн оны байдлаар төсвийн орлого ДНБ-ий 26, зардал нь 31 хувийг тус тус эзэлж байгаа. Монголд зарцуулж байгаа төгрөг бүрийн 30 хувь нь төсвөөс гарна гэдэг нь төсөв өөрөө маш их данхайсны шинж. Тэгэхээр зардлаа сайн танах ёстой юм. Мөн Сангийн яамнаас гаргасан төсвийн төсөөлөл дээр нэмж зардал тусгах явдалд хязгаарлалт хийж өгөх  хэрэгтэй. Ингэхгүй болохоор жил болгон төсвөө тодотгодог, алдагдалтай гардаг болчихсон.  Дээр нь төр засаг хувийн хэвшлийн ажилтай хэт хутгалдахаа болих хэрэгтэй.

-Тэгэхээр манай улсын төсөв, мөнгөний бодлого улстөрчдийн үзэл бодол, тэдний эрх ашгийн төлөө батлагдаад байна гэж ойлгож болох нь ээ?
-Миний бодлоор манай эдийн засгийн бодлогод улс төрийн нөлөө бий. Жишээ нь сонгуулийн өмнө хувьцаа, хишиг гээд мөнгө тараадаг. Халамж амласан мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаа. Тэгээд сонгуульд ялсан нам нь амласнаа биелүүлэх гэж  дөрвөн жилийн хугацаанд эдийн засгаа хэт тэлдэг болчихсон. Сүүлд нь эдийн засагт тараасан мөнгөө татаж авах гэж бөөн асуудал үүсгэдэг. Уг нь ингэж савчиж явмааргүй л байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан