Даяаршлалын асуудал болоод удаж байгаа авто машин нь орчинг эвдлэн, хүн төрөлхтөнд хор учруулсан хэвээр байгаа. Уг нь, авто машингүй өдрийг аль 1970-аад оноос бий болгосон ч 1999 онд Европт “Машингүй хотод амьдарцгаая” төслөөр олон улсын өдөр болгон тэмдэглэж эхэлжээ. Энэхүү хөдөлгөөнд үндэслэн албан ёсоор 2000 онд Дэлхийн машингүй өдрийг үүсгэн байгуулж, албан болон албан бусаар дэлхийн 40 орны 1000 гаруй хот хамрагдаж өдгөө өдрөөс өдөрт улам өргөжжээ. Энэ өдөр дэлхийн олон оронд өөр өөр арга хэмжээ зохион байгуулдаг ч энэ нь машины тоог бууруулах, улмаар хүмүүст амьдрах, ажиллах ая тухтай орчинг бий болгоход хувь хүн хамт олноороо хамтран чадах бүхнээ хийх нэг зорилгод нэгддэг.
Жил бүр зам тээврийн ослын улмаас 1,2 сая гаруй хүн амь насаа алдаж, 20-50 сая хүн тахир дутуу болдог байна. Тиймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд авто машины тоо хурдацтай өсөхийн хэрээр улс орнуудад осол гэмтлийн төвшин аюулын хэмжээнд хүрнэ гэж ДЭМБ анхааруулж буй.