Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Монгол Улсын Засгийн газар, “Хувь хүний хөгжлийн институт”-ийн хамтарсан “Хувь хүний хөгжлийн зөвлөл”-ийн 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөр энэ жилээс АНУ-ын Бостон хотод төвтэй “Макс Вөрбүрг Коүрэж” байгууллагын “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн 25 орны боловсролын салбарт нэвтэрч, үр дүнгээ өгсөн уг хөтөлбөрт 1991 оноос хойш 200 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдсан бөгөөд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогт нийцүүлэн хувь хүний хөгжлийн чиг баримжаа олгодгоороо онцлогтой. Энэ тухай “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийн зөвлөх, хуульч М.Ичинноровтой ярилцлаа.
-Юуны өмнө хөтөлбөрийн зорилго хийгээд хүрч болох үр дүнгийн тухай товч танилцуулахгүй юу?
-Манай “Хувь хүний хөгжлийн институт”-ээс “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” гэх хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд бид “Мөрөөдлийн хөтөч” нэртэй өсвөр насны хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, амьдралын чиг баримжаатай, ажил мэргэжлээ зөв сонгох ойлголт, мэдэгдэхүүнтэй, зөв харилцаа, төлөвшилтэй, үнэ цэнэтэй хүн болоход нь чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Мөрөөдлийн хөтөч” нэртэй гарын авлага гаргаж, цөөнгүй сургуульд хэрэгжүүлжээ. Мөн манай хөтөлбөр АНУ-д төвтэй “Макс Коүрэж” гэх хувь хүний хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллах гэрээ байгуулснаар энэ жилээс хамтын ажиллагаагаа эхлүүлж буй юм. Энэ хөтөлбөрийн утга учир юунд байна вэ гэвэл өсвөр насны хүүхдүүдээр “Миний эр зоригийн түүх” сэдвээр эссе бичүүлж, хувь хүний нинжин сайхан сэтгэл, бэрхшээл зовлонг даван туулах чадвар, хүнлэг, энэрэнгүй сэтгэлзүй төлөвшүүлэх зорилготой юм. Мөн өсвөр насныхныг утга, уран зохиолтой нөхөрлөдөг болгох юм. Үүгээр дамжуулан тухайн хүүхдийн бичгийн боловсрол, чадварыг сайжруулах, унших дадал төлөвшүүлж, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгодог. Зарим сургуульд, сургууль завсардсан, үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцорсон хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулснаар эерэг үр дүн үзүүлсэн байдаг. Ер нь, дэлхийн 25 оронд амжилттай хэрэгжсэн, 25 жилийн түүхтэй шалгарсан хөтөлбөр юм.
-Товчхондоо, олон улсын боловсролын системд нэвтэрсэн сайн туршлагыг нутагшуулах зорилготой байх нь?
-Тийм, үүнтэй адил хувь хүний хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөр цаашлаад сургалтын арга барилыг манай боловсролын салбарт нэвтрүүлэх цаг үеийн шаардлага байгаа гэж харж байна. Уг хөтөлбөрийн үүсэл хөгжлийн тухайд дурдвал 25 жилийн өмнө Макс гэх хүү зургаан настайдаа тархины хорт хавдраар өвчилж улмаар урт хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, хүнд бэрхийг туулсан хийгээд амьд ахуй хугацаандаа олон хүүхдэд тусалж, энэрэнгүй сайхан сэтгэлийн илрэл болсных нь хувьд Макс хүүгийн гэгээн дурсгалд зориулж, түүний эр зориг, энэрэнгүй сэтгэлийг өсвөр насныханд үлгэр жишээ болгон төлөвшүүлье гээд Бостоны улсын сургуулиудад нэвтрүүлж эхэлсэн нь богино хугацаанд асар өндөр үр дүн үзүүлсэн байдаг. Энэ бол өнөөдрийн манай боловсролын системд дутагдаж байгаа зүйл юм. Манай систем “hard skill” буюу хүүхдийг шинжлэх ухаанч, IQ тал руу нь илүү хөгжүүлэх гээд байдаг. Гэтэл “soft skill” буюу хувь хүний хөгжил рүү нь чиглэсэн сургалтын арга барил, программ дутагддаг. Угтаа хүүхэд бүр том болоод эцэг эх, эмээ өвөө болно. Тиймээс утга, уран зохиолд дурлуулах, бичиг үсгийн боловсролд нь анхаарах замаар “soft skill” буюу зүрх сэтгэлийн боловсрол руу нь анхааръя, цаашлаад боловсролын системд нэвтрүүлье гэх үүднээс эхний ээлжинд эссе бичлэгийн уралдаан зарлаж, олон нийтэд танилцуулж байгаа юм.
-Таны хэлсэнчлэн манай боловсролын системийн үндсэн суурь бодлого, систем алдагдчихсан санагддаг. Улс төрийн ч нөлөө байдаг байх. Угтаа боловсролын систем, бодлого төлөвлөлт гэх зүйл улс төрийн нам хүчнээс ангид, урт хугацаанд хийгдсэн байх ёстой биз?
-Санал нэг байна. Зөвхөн боловсрол гэлтгүй бүх салбарт улс төрийн нөлөө их байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа аль нэг намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл дөнгөж биеллээ олоод, хэрэгжиж эхлээд явж байтал дараагийн нам нь гарч ирээд орвонгоор нь эргүүлчихдэг. Бүгд л зөв зүйтэй, олон түмэнд хэрэгтэй зүйл хийх гээд сэддэг ч харамсалтай нь харилцан биесээ үгүйсгэх замаар хийж эхлүүлсэн ажлыг нь бусниулж орхидог. Хүн нь ч солигддог, хүнээ дагаад бодлого төлөвлөлт нь ч солигддог. Ерөөсөө л дөрөв дөрвөн жилээр бүх л салбарыг, нэгж бүрийг нь хөдөлгөөнд оруулж бодлого төлөвлөлтөөс эхлээд даргаас нь цэрэг хүртэл сольдог. Манайх бол ийм л тогтворгүй, байнгын бүтцийн хөдөлгөөнд байдаг нийгэм. Дээр нь улс төрөөс хэт хамааралтай. Угтаа төрийн албаны бодлогын залгамж халааг хадгалдаг, хамгаалдаг дархлаа байх ёстой. Ялангуяа, боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрах тусам улам л хөл толгой нь олдохгүй болдог. Энэ мэт зарим зүйлд ямар ч цензур байдаггүй. Угтаа аливаа нийгмийн хөгжил ард иргэдийнх нь соёл төлөвшил ямар байгаагаас маш их хамаардаг. Энэ мэт соёл, боловсролын үндэс суурь нь зөв байж гэмээнэ ул суурьтай, урт хугацаанд хөгжих боломжтой.
-Үнэнийг хэлэхэд сүүлийн 20 гаруй жилд нийгмийн чухал салбаруудын бодлого чиглэл алдагдчихсан санагддаг. Үүнийг эргээд цэгцэлье гэвэл хаанаас, юунаас эхлэх ёстой юм бол?
-Үнэнийг хэлэхэд хамгийн зөв сэтгэлтэй, зөв юм хийхээр хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж яваа хүмүүс нь ямар ч эрх мэдэлгүй байна. Тэдэнд эрх мэдлийн хойноос хөөцөлдөх амбиц ч байдаггүй. Тиймдээ ч тэдгээр хүний оролцоо дутмаг, хязгаарлагдмал байгаа хэрэг. Бид өнгөрсөн дөрвөн жилийн турш монгол хүнд хүн байх боловсрол олгох хүсэл эрмэлзэл өвөрлөн болохоос нь болохгүй хүртэл явж байна. Ядаж л нэг юмаа дагнан хөгжүүлэхээр яваа хүмүүсээ дэмждэг, үгийг нь сонсдог, зөвлөгөө авдаг төр засгийн бодлого байх ёстой юм. Хамгийн чадал, чадвартай хүмүүс хувийн хэвшилд л байна шүү дээ. Хувийн хэвшлээ дэмждэг, ашиглаж чаддаг болчихвол төрийн алба ийм нүсэр, данхайсан байх шаардлагагүй.
-“Макс Коүрэж” хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Би ноднин өдийд Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн захиргааны сургуульд, “Эмэгтэйчүүдийн манлайлал-төрийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагдахдаа манай байгууллагатай ижил төстэй зорилго, арга барилтай ямар байгууллага байдгийг судалж энэ хөтөлбөрийнхэнтэй танилцсан юм. Улмаар бүтэн жилийн хугацаанд хамтран ажиллаж, хөтөлбөрөө хөгжүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангасны эцэст одоо олон нийтэд танилцуулж байна.
-2005 онд байх аа, Няндаг багшаар ахлуулсан хэсэг багш “Миний тухай” гэх дунд, ахлах ангийнханд зориулсан сурах бичиг гаргаж байсан нь танай хөтөлбөрийн үндсэн агуулгатай төстэй байсан юм. Харамсалтай нь, тэр ном сургалтын программд нэвтэрч чадаагүй?
-Сурах бичиг хэлбэрээр нэвтрүүлье гэхээр нөгөө л яамны зөвшөөрөл, бичиг хэрэгтэй болдог. Олон ч хаалга татах байх. Яахав, үнэхээр дэмжээд өгвөл сурах бичиг байна уу хамаагүй л дээ, бидний зүгээс татгалзах юмгүй. Хамгийн гол нь яам, төр засгаас иймэрхүү олон улсад үр өгөөжөө өгсөн төсөл, хөтөлбөрийг анхаарч авч үздэг, санхүүжүүлдэг баймаар байна. Санхүүжүүлдэггүй юм гэхэд бодлогоор дэмжих хэрэгтэй. Яахав, “Авьяас”, “Ном” зэрэг хөтөлбөр агуулга, хувь хүний хөгжил төлөвшил рүү чиглэсэн гэдэг утгаараа үр өгөөж өгч байсан. Гэхдээ бидний хөтөлбөртэй холбоод, уялдуулсан бол төгс болох байсан санагддаг.
-Ер нь, тэгээд боловсрол ярихаар хаанаас нь эхлэхээ мэдэхээ больчихсон санагддаг. Нөгөө л цэцэрлэг, сургуулийн барилга байшин ярьж, цэгцэлж байж дараа нь бодлого төлөвлөлт ярих ёстой ч юм шиг. Угтаа монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон программ, сургалтын арга барил боловсруулах нь зүйтэй ч юун түрүүнд ул суурьтай судалгаа шинжилгээ хийх ёстой байх?
-Тийм шүү. Маш их судалгаа хийх шаардлагатай. Энэ талын ажил манайд дутмаг байгаа. Би гэр бүлийн хүчирхийлэл гээд л багагүй бичиж, ярьж яваагийн хувьд анзаарсан. Манай төрийн бодлого үе шаттай хэрэгжиж чаддаггүй болчихсон. Гэр бүлийн хүчирхийллийг нийгмийн хорт хавдар гэж ойлговол бид шууд л хутга мэс бариад хагалах гээд дайраад байна. Угтаа аливаа өвчин эмгэгийг эмнэхийн тулд юун түрүүнд оношоо зөв тогтоох ёстой. Хүчирхийлэл яагаад үйлдэгдээд байгаа учир шалтгаанаа нарийн судалж тогтоосны дараа түүнд тохирох арга хэмжээ авч, хууль журмаа батлах ёстой юм. Америкийн дунд болон ахлах сургуулиудын сургалтын арга барилаас харахад хүүхдийг багаас нь хүчирхийллийг үл тэвчихэд сургадаг юм. Үүнийгээ боловсролын системээр нь дамжуулан төлөвшүүлдэг. Хоёр хүүхэд маргалдаж байхад гурав дахь нь хараад сууж байвал тэр хүүхэдтэй ч хариуцлага ярьдаг. “Хоёр найз чинь бие биесээ бүдүүлгээр доромжилж, нэг нь нөгөөгөө дээрэлхэж байхад чи яагаад үүнтэй эвлэрсэн бэ” гэж ханддаг. Гэтэл манайд “Энэ нөхөр авгайгаа долоон жил зодож байгаа юм” гээд хээв нэг ярьж зогсдог хөрш байна. Долоон жилийн дараа нөхрийнхөө гарт амиа алдсан хойно нь хөрш нь ингэж ярьж байгаа юм. Магадгүй тэр хөрш хүчирхийлэлтэй үл эвлэрэхийг эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээр олж аваагүй бол боловсролоор олж авдаг байх хэрэгтэй байгаа биз. Өөрийн ч байна уу өрөөлийн ч байна уу хэн нэгэн хүчирхийллийн золиос болж буйг хараад түүнийг үл тэвчих нь нийгэмшсэн хүний сэтгэлгээ. Харин манайд хувиа хичээх үзэл, хандлага давамгайлдаг. Бидний хийх гээд буй “Миний эр зоригийн түүх” сэдэвт эссе бичлэгийн уралдаан маань дээрх ойлголтын үндэс болох юм. Өсвөр насныхан эр зориг гэгчийг хэрхэн ойлгодгийг тандах, улмаар тэдний сэтгэлзүйн онцлог, хувь хүний төлөвшил, хандлагыг судлах зорилготой. Энэ бол хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг. Энэ мэт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөр насныхны хувь хүний хөгжилд чиглэсэн маш олон талын сургалтын арга барил байдаг. Чи үнэхээр чадалтай инженер, багш, эмч байсан ч хүн болж төлөвшиж чадаагүй л бол хэн ч биш. Тиймээс давын өмнө хүн байх тухай асуудал чухлаар яригддаг. Товчхондоо “Амьдрах ухаан-Амжилтын үндэс” хөтөлбөр бол хүнээр хүн хийнэ гэдэг шиг хүүхдэд боловсрол олгох замаар зөв хүн болгон төлөвшүүлэх олон улсад шалгарсан сургалтын арга барил.