Э.СЭРГЭЛЭН
Бид товлосон цагтаа уулзаад товчхон мэндлээд замд гарлаа. Очих гэж зорьж яваа айл маань бага насны гурван хүүхэдтэй эмэгтэйнх гэснээс өөр мэдээлэлгүй ч би түүнтэй ярилцлахаар бэлтгэсэн асуултуудаа бодсоор л явсан юм. Ойр зуурыг ярин Баянхошууны 27 дугаар хороонд оршин суух нэгэн эмэгтэйнд очив. Нөхрөөсөө салсан 27 настай залуухан эмэгтэйд балчирхан гурван үрээс нь өөр өмчлөөд “минийх” гэхээр зүйлгүй аж. Орон гэр ч үгүй. Хүний хашаанд нар сар гэрэлтсэн амбаарт гурван үртэйгээ толгой хоргодох түүнийг орон гэртэй болгохоор ярилцлагын эзэн маань зорьж яваа нь энэ. Бүсгүй амьдралынхаа эрээн барааныг биднээс нууж хаалгүй ярих. Түүний яриаг тэвчээртэй гэгч нь сонсч дуусаад “Ямартаа ч би хүмүүсээс тусламж хүсье. Хэрэв тэд туслана гэвэл чи гэр оронтой боллоо гээд л бодчих” хэмээн хэлэхэд эмэгтэйн нүүрэнд гэгээ тодров... Энэ түүний хийдэг л ажлын нэг нь. Гэхдээ тэр баяндаа биш хүний төлөө сэтгэлтэй учраас энэ мэт тусламжийн ажилд ханцуй шамладаг аж. Гадаа намрын нар бүлээн элчээрээ төөнөнө. Яг л түүний сэтгэл шиг...
Ярилцлагч маань жирийн нэг монгол эр. Сошиал медиа хэрэглэгчид түүнийг мод тарьдаг, орон гэргүй хүмүүст тусладаг гэдгээр нь таньдаг. Түүний үйл хэргийг Монгол төдийгүй Өвөр Монгол, Буриад нутгийн залуус ихээр хүндэлж, санаачилсан ажилд нь гар биеэрээ биш юм гэхэд сэтгэлээр дэмжин тусладаг аж. Тэр бол “Нэр төр эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт. Гадаад төрхөөс эхлээд хийж буй ажил, бусдыг гэсэн сэтгэл, эх оронч байдал гээд олон зүйл сонирхлыг минь татсан учир хаанаас нь эхэлж асуухаа бодсоор л явлаа. Гэвч тэрээр миний асуултыг хүлээсэнгүй шууд л ярьж эхэлсэн...
Боломжтой нь биш амьдралын төлөө хөлсөө дуслуулж яваа хүн л хандив өгдөг
-Олон мянган Өвөр Монгол залуучууд миний үйл хэрэгт ихээр туслаж дэмждэг. Би мод тарих “Байгаль дэлхийгээ аврах аян”-г эхлүүлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд 10 аймгийн 50 гаруй суманд мод тарьж. Энэ ажил минь одоо ч үргэлжилсээр байна. Монгол болон Өвөр Монгол залуучуудын сэтгэл шингэдэг учир миний ажил байнга урагшилдаг. Ажлаа эхлүүлээд удаагүй байлаа. Гудамжаар алхаж явтал шуудай үүрсэн ах эгч хоёр “Чи чинь мод тарьдаг залуу мөн байна. Ах эгч хоёрт нь байгаа нь энэ гээд 20 төгрөг өгч байсан юм. Боломжтой амьдралтай нь биш амьдралын төлөө хөлсөө дуслуулж яваа нь сайн үйлсийн аянд хандив өгдөг юм шүү. Нэгэнт хандивын талаар ярьсан учраас Өвөр Монгол ахан дүүсээ ярихгүй бол болохгүй. Тэд сайн үйлсийн аянд хандив өгөхдөө “Бид даанч Монголын иргэн болж чадахгүй. Миний хөлс, сэтгэл шингэсэн мөнгөөр Монгол нутагт минь мод тариарай. Үр хойч, байгаль дэлхий минь баярлаг” гэж надад захидаг юм. Модоо тарьчихаад хэсэг хугацааны дараа тарьсан модныхоо зургийг үзүүлэхэд тэд их баярладаг. Зарим нь өөрсдөө ирээд модоо тариад буцдаг. Мод тарина гэдэг чинь нэг насны буян шүү дээ.
-Таны фэйсбүүкээс харж байхад өвөрмонголчуудаас гадна олон орны иргэн мод тарих үйл хэргийг дэмждэг юм билээ. Өөр ямар орны хүмүүстэй хамтарч байна?
-Би одоогоор 15 орны хүнтэй хамтарч мод тарьсан. Гадаадын иргэд тарьсан модоо хэдэн жилийн дараа заавал эргэж ирдэг. Миний тарьсан мод ургасан үгүйг бас их асууна. Бүр Африк тивийн Кени улсаас зочин ирж мод тарьж байлаа. Дэлхийн даяар Монголын байгаль чухал нөлөөтэй гэдгийг ойлгодог болж. Яагаад дэлхийн олон орноос хүмүүс ирж манайд анхаарал тавиад байна гэвэл Монгол улс маань маш чухал газарзүйн байрлалд байдаг, гол зүрх нь гэдгийг сайн ойлгодог. Монгол улсын байгаль цэвэр байвал бусад орны байгаль экологийн тэнцвэр алдагдахгүй учраас тэр. Монголын гол мөрөн нь их далайд цутгадаг. Жишээ нь, Орхон гол Амур мөрөнд цутгаад тэндээс шууд Номхон далайд гэхчлэн. Гол мөрнөөс гадна манай газар нутаг хуурайшилтай байвал зүүн Азийн орнуудад нөлөөлдөг. Иймээс л олон орны иргэн Монголд ирж мод тарих сонирхолтой байдаг.
Манайхан ашиг олохын тулд дархлаагүй мод бойжуулаад худалддаг
-Мод тарих нэг хэрэг ч арчилгаа чухал. Та сая 10 аймгийн 50 гаруй суманд мод тарьсан гэлээ. Тэр болгонд өөрөө очиж арчилж чадахгүй нь мэдээж. Тарьсан модоо яаж арчилдаг вэ?
-Тухайн орон нутгийханд нь захиж үлдээдэг. Зүгээр ч захиж үлдээх биш 500 мод нэг суманд тарилаа гэхэд Засаг дарга, иргэдийг нь цуглуулж байгаад захидаг. “Би та нарт 500 нялх хүүхэд авчирч өглөө. Энэ хүүхдүүдийг асарч, халамжлаад сайхан өсгөх үү эсвэл арчлахгүй харсаар байгаад үхүүлэх үү. Модоо үхүүлчихвэл буян болохгүй л байх даа. Гэхдээ та нарын дур” гэж хэлэхээр хүмүүс их өөр хандана. Ингэж хэлэхээс ч өөр арга байхгүй. Мод гэдэг чинь бидэнтэй адил инээж баярлана, гомдоно, өвдөнө. Сэтгэл зүрхтэй амьтай зүйл гэж боддог юм. Мөн яг хүүхэд шиг гурван жилийн турш арчилгаа шаарддаг. Зарим хүмүүс зуны ид халуунд цэл хүйтэн усаар модоо услаад хатгаа тусгаад үхүүлдэг. Угтаа өглөө, оройны сэрүүн цагт услах ёстой юм. Гэхдээ одоо манайхан тарьсан модонд анхаарал сайн тавьдаг болж. Ялангуяа хүүхэд, хөгшид. Тэр чинээгээрээ мод сайхан ургаж байгаад нь баяртай байдаг.
-Газар бүрт мод харилцан адилгүй ургадаг гэдэг. Замын-Үүд, Эрээн хоёрыг харьцуулж их ярьдаг...
-Тэр бол яалт ч үгүй үнэн. Замын-Үүдийн хувьд арчилгаа л дутдаг. Би энэ жил тосон нарс модыг Хятадын өмнөд мужаас хайж олоод Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь гэхчлэн говь, хангайн бүсийг ялгалгүй тарьсан. Бүгд сайхан жигд ургасан. Замын-Үүдэд бас тарьсан. Эрээнд бас хүмүүс тарьсан юм билээ. Гэхдээ энэ удаад Замын-Үүдэд тарьсан нь илүү ургасан байсан. Үүнээс манай хөрс арай илүү шимтэй юм болов уу гэж бодсон юм. Тэгэхээр бидэнд сэтгэл дутаж байна гэсэн үг. Би их олон газар мод тарьж үзлээ. Яг адилхан хөрстэй атлаа өөр ургах тохиолдол байдаг. Жишээ нь, дуутай хууртай сумын клуб, театр, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаа мод сагсайтал ургадаг. Харин хэт их ачаалалтай байдаг хотын төв, баар цэнгээний газар, хорих анги зэрэгтэй ойр тарьсан мод давжаа ургах тохиолдол их ажиглагддаг. Тиймээс мод тухайн орчныхоо энергийг мэдэрдэг гэж боддог шүү.
-Та сая Хөвсгөл аймагт мод тарьсан гэж хэллээ. Тэртээ тэргүй ой мод ихтэй газар шүү дээ. Өөр мод тарих нэн чухал шаардлагатай нутаг олон байхад, яагаад заавал Хөвсгөл гэж?
-Хөвсгөл аймгийн РенчинЛхүмбэ суманд тарьсан. Угтаа Монголын Швейцарь гэж хэлэгддэг газар шүү дээ. Яг чам шиг асуух хүн нэг биш байсан. Хөвсгөлд мод тарих гээд модны нүхийг ухахад хөрс нь үнс шиг хуурай гарч ирсэн. Чийг ихтэй газар мөртлөө. Мөн хангай газрын хүмүүс мод тарина гэхээр уулнаас модоо огтлоод тарина гэдэг. Мод тарих жинхэнэ аргачлалыг Засаг дарга болоод иргэдэд нь зааж өгөөд ирлээ. Одоо сайхан ургаж байгаа гэсэн.
Өнгөрсөн жил хээрийн түймэрт газар нутгийнх нь 90 хувь нь шатчихсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд мөн мод тарьсан. Сайхан ургасан байна лээ. Одоо аймаг, сумдын Засаг даргын Тамгын газраас санал ирдэг болсон. Манайд ирж мод тариач. Бид сайн арчилж чадна гээд л.
-Говь болон хангайд өөр өөр төрлийн мод тарих шаардлагатай байдаг нь ойлгомжтой. Та ялгааг нь хэлж өгөөч?
-Тийм. Хангайд бол нарс, улиас мэт том навчтай том мод тарьж болно. Говьд болохгүй. Яагаад гэхээр тэр том моднууд салхинд тэсвэр муутай, үндсээрээ ганхах тохиолдол их байдаг. Мөн элсээр шуурах үед жижиг элсэн ширхэгүүд навчийг нь цоолоод “шүүрэн шанага” шиг болгочихдог юм. Түүгээрээ хамаг чийгээ алдаад үхчихдэг. Харин говьд жижиг навчтай, хайлаас, шар хуайс зэрэг бутлаг мод тарих хэрэгтэй. Үндэс нь суурь сайтай навч жижигтэй болохоор салхи, шороонд тэсвэртэй байдаг.
-Мод тарьснаар гол мөрөн ширгэж байгааг зогсоож чадна гэх ч жирийн иргэд тэр бүр итгэж хүлээж авахгүй л байна. Та үүнийг тайлбарлаад өгөөч...
-Тэр бол үнэн. Энгийнээр тайлбарлахад модтой ойр газар хээр хоноход өглөө шүүдэр буусан байдаг. Үүнтэй л адил. Борооны үүлийг ч мөн татдаг. Томоохон модны үндсэнд 2-3 тонн ус хурсан байдаг гэх судалгаа ч мөн бий. Хур багатай говийн сумдад мод тарьсны дараа жилээс бороо хур элбэг болсон гэж нутгийн иргэд нь ярьдаг.
-Хятадаас суулгац оруулж ирэхэд манай гааль хяналтыхан дургүйцдэг үү?
-Байгаль орчны яамнаас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор гадаадаас мод оруулж ирэхийг хорьсон. Миний хувьд сургалт, эрдэм шинжилгээний зорилгоор мод оруулж ирдэг. Нэг төрлийн модноос мянган ширхгийг оруулж ирэх боломж байдаг. Модны үрээ анхнаасаа л зөв аргачлалаар таривал чанар болон тэсвэр нь өөр байдаг. Гэвч манайд үүн дээр анхаардаггүй. Бизнес эрхлэгчид арилжааны нүдээр л хардаг байх. Үрээ булаад усласан болоод дөнгөж ургахаар нь сугалж аваад зардаг. Энэ нь модны чанарт маш их нөлөөлдөг. Ямар нэгэн байгалийн хүчийг сөрөх чадалгүй. Хүнээр яривал ямар ч дархлаагүй мод бойжсон гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө монголчууд маш их мод Хятадаас оруулж ирж суулгасан. Тухайн үед Хятад мод ургадаггүй гэсэн яриа гарч байлаа. Миний судалж үзсэнээр мод чанараасаа хамаарч өөр өөр үнэтэй байдаг. Манайхан хямд үнийг нь бодоод өт шавжинд баригдсан мод ихэвчлэн оруулж ирдэг байсан юм билээ.
-“Хайрын нарсан төгөл” төсөл энэ зун таны хийсэн томоохон ажил байлаа. Олны танил хүмүүс энэ ажилд тань маш их тусалж байгаа бололтой байсан...
-Үндэсний соёл амралтын хүрээлэнд 5000 мод тарьж байгаа. Олны танил хүмүүсийг энэ төсөлдөө уриалж оролцуулвал залуус ч тэднээс үлгэр дууриал аваад дагах болов уу гэж бодсон. Намрын мод тарилтандаа бэлдээд модныхоо нүхийг ухчихсан. Нацагдоржийн нэрэмжит шагналтай зохиолчид намрын тариалалтад оролцохоор болсон.
-Хүмүүс хэзээ мод таривал сайн бэ гэдэг талаар нэгдсэн ойлголтгүй байдаг юм шиг ээ. Намар мод тарих, зун тарихын ялгаа байдаг уу?
-Намар тарьсан мод зун тарьснаас муу ургадаг гэж боддог. Хавар таривал услаад ургаж байгааг нь хараад сайхан байдаг. Намар тарих үед нэг сайн услаад л мод хөлдчихнө. Гэхдээ намар тарьсан модыг хөрсөндөө сайн барьцалддаг гэж ярьдаг. Харин би зун мод тарихыг илүүд үздэг. Одоо бол намар болон хавар мод тарь хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу л мод тарих гэж байгаа. Энэ ажлаа ч сайн үйлсийн тусламжаар хийж байна. Залуучууд мод тарих их дуртай байдаг юм. Мод тарихад хамгийн хэцүү нь нүх ухах. Өвөрмонгол залуусын тусламжаар ирсэн модны нүх ухдаг машинаар бас их ажлыг хөнгөвчилж байна даа.
-Таны дараагийн төлөвлөгөөнд хамтрая гэвэл хаана мод тарих вэ?
-Удахгүй Хүй долоон худагт Монгол наадам цогцолборт мод тарихаар төлөвлөж байгаа. Энэ намраас ажлаа эхлүүлнэ.
Миний найдвартай ар ээж минь
-Таны фэйсбүүкээр аялаад таниас илүү ээж тань олны танил юм байна гэж бодлоо. Одоо хэд хүрч яваа буурай вэ?
-Тэгэлгүй дээ. /инээв/ Миний ээж ёстой “од” байгаа биз дээ. Би ганц бие хүний амьдарлаар амьдраад долоон жил болж байна. Энэ он жилүүдэд миний ээж л надад чин сэтгэлээсээ туслаж, ганцаардсан үед сэтгэлээр дэмжсээр байлаа. Хааяа надад ямар ч зав гарахгүй үе бий. Тэр үед арын ажлыг ээж минь хариуцдаг. Уг нь 80 дөхөж яваа хөгшин юм шүү дээ. Өнөөдөр ажил маань амжилттай яваагийн учир нь ээжийн минь л ач тус. Зун болохоор нутагтаа очдог. Бид хоёр холдохоороо биенээ санана гэж жигтэйхэн. Миний тарьсан модонд бас их хайртай. Намайг чин сэтгэлээсээ ойлгож дэмждэг хүн ээж минь.
-Таныг би анх хараад үнэхээр чин үнэнч рок эр гэж бодсон. Урт үс, хар нүдний шил, рок маягийн хувцаслалт гээд л...
-Миний стиль зургаан жил ийм байна. Өмнө энгийн байлаа. Нэг удаа бүр “Сахалтай хүмүүс дэлхийг аварна” гэсэн гарчиг дор миний зураг явж байсан. Мэдэхгүй юм. Өөрийхөө л хүссэнээр хувцаслаж байгаа минь энэ.
Ийнхүү бид зорьсон ажлаа ч амжуулж, ярилцлагаа ч хийлээ. Тэрээр очсон эмэгтэйнхээ тухай “WECHAT” апликейшн ашиглаж, Өвөрмонгол болон монгол залуучуудад дуулгав. “Монгол ахан дүүсээ, бид энэ хүнд тусламжийн гараа сунгах хэрэгтэй байна” гэж. Түүний хийсэн ажил бодитой, үнэн учраас эмэгтэйн талаар түүний мэдээг сонссон хүмүүс эхнээсээ хандивын дансанд сэтгэл бас хөлс, шингэсэн ажлынхаа хөлсийг ч харамгүй хийж байгаагаа дуулгав.
Наранцогт ах надруу харан инээмсэглээд “Ашгүй дээ, цас орж хүйтрэхээс өмнө гэртэй болох нь тэр эмэгтэй” гэсэн юм.