Б.БАДРАЛ
Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дэх чуулган нээлтээ хийж, улс гүрний тэргүүнүүд индэр дээрээс дуулиантай мэдэгдэл багагүй хийв.
Ерөнхий ассамблей нь тус байгууллагын зөвлөлдөх, тогтоол гаргах ба төлөөлөх гол алба бөгөөд НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчид оролцож, сая сая хүний амьдралд бодитоор нөлөө үзүүлэх эдийн засаг, хүмүүнлэг, нийгэм ба эрх зүйн шинжтэй арга хэмжээг санаачилдаг. Иймд гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн үг, ерөнхий чиг хандлага нь дэлхий нийтийн анхаарлын төвд ордог нь ойлгомжтой.
Энэ удаагийн ассамблей нь цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг гол сэдвээ болгожээ. Чуулганд үг хэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч нарын хүмүүс сүүлийн удаад өндөр албан тушаалтны хувьд индэр дээр гарч байгаа тул хэлсэн үг, хийсэн мэдэгдэл нэлээд хурц байлаа.
Бан Ги Мун
Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд сүүлийн удаа НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн Бан Ги Мун дипломат ёс жаягийг хойш тавин улс орнуудын тэргүүнүүдийг тун хатуу шүүмжлэв. Тэрээр “Жирийн иргэд ба тэдний удирдагчдыг үл итгэлцлийн ангал зааглаж байна... ...Энгийн иргэдийн эсрэг хийж байгаа харгислалыг үл тоосон эсвэл бүр тэдгээрийн төлөвлөж, гүйцэтгэсэн улс гүрний төлөөлөгчид өнөөдөр энэ танхимд сууж байна. ...Сирийн дайны машиныг дэмжиж байгаа нөлөө бүхий тэтгэгч нарын гар ч цусанд будагдсан. ...Олон орны удирдагч нар Засгийн эрхийг барьж үлдэхийн тулд үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийн явцад оролцох гэх мэтээр шийдсэн арга хэрэглэж байгаа... . Тэдний албан тушаал бол өөрийнх нь хувийн өмч биш харин иргэдийнх нь үзүүлж байгаа итгэлийн илрэл гэдгийг эдгээр хүн ойлгох ёстой. ...Ардчиллыг ганхуулж, өөрийн улс орныхоо байгалийн баялгийг цөлмөж, шүүмжлэгчдээ торны цаана суулган тамлан зовоохоо болигтун” гэлээ. Сирийн Засгийн газрын гол тэтгэгч, өмгөөлөгч гэж ямар улсууд байдаг, Үндсэн хуулиа өөрчилж дахин сонгогдсон, парламентын сонгуульд нөлөөлсөн, шүүмжлэгчдээ барьж хорьсон тамалсан, байгалийн баялгаа хамаагүй үрж байгаа гэсэн шүүмжлэлд багтдаг хэдэн улс байгааг бүгд хэлүүлэлтгүй гадарласан байх.
Энэ мэтээр манай хойд хөршийг ил цагаан, урд хөршийг битүү дайруулсан хурц мэдэгдэл олноор хийгдсэн. Гэхдээ Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцэн шийдэх ёстой өөр нэг асуудал нь дүрвэгсэд, цагаачдын асуудлаас дутахааргүйгээр олны анхаарлыг татаж байна. Тэр нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд суудлаа тавьж өгөх Бан Ги Муны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ямар улсын, ямар үзэл бодолтой, улс төрийн ямар чиг хандлагатай хүн сонгогдох вэ? гэсэн асуулт.
Ерөнхий нарийн бичгийн дарга хэр нөлөөтэй вэ?
Бодит байдал дээр НҮБ нь дэлхийн улс орнуудын тогтолцоог тодорхойлж, дайн тулааныг бодитоор зогсоож чаддаг байгууллага биш гэж болно. Тэгэхээр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь “Дэлхийн Ерөнхийлөгч” гэж болохоор тийм ч нөлөөтэй, эрх мэдэлтэй биш. Америк, Орос эсвэл Хятадын төрийн тэргүүнүүдийн дэргэд нөлөөгүй гэж болохоор. Жишээлэхэд, 2003 онд Америкийн Ерөнхийлөгчийг Ирак руу цэргийн хүч хэрэглэхээр шийдэхэд НҮБ яаж ч шийдвэр гаргаад, Ерөнхий нарийн бичгийн дарга нь яаж ч хориглоод дийлээгүй. Гүрж ба Осетийн дайнд Орос цэргийн хүч хэрэглэсэн, Крымийн хойгт санал асуулга явуулан Украйнаас салгасан хэрэг явдалтай холбоотой НҮБ, түүний нарийн бичгийн дарга бас яаж ч чадаагүй. Тэр бүү хэл Хойд Солонгосыг пуужин хөөргөх, цөмийн туршилт хийхийг нь хориглож дийлэхгүй байгаа. Энэ мэт жишээ олон.
Иймд Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын үйл ажиллагааг удирддаг, зохицуулдаг жирийн нэг сонгуульт албан тушаалтан. Гэхдээ л энэ албан тушаалд их гүрнүүд аль болох өөрийн талыг баримтлагчдыг гаргах гэж хичээдэг нь нууц биш.
Яагаад?
НҮБ нь дэлхийн улс орнууд тулгамдсан асуудлаа шийдэж тохиролцоонд хүрэх боломжтой хамгийн нөлөө бүхий хамгийн том байгууллага. Тус байгууллагаар батлагдах тогтоол шийдвэр дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус байгууллагын Ерөнхий менежер, ажлыг зохицуулагчийн хүний хувьд Аюулгүйн зөвлөл, Ассемблейн, хуралдаанаар ямар асуудалд голлон анхаарах, ямрыг хоёрдугаарт тавих, хэнд түрүүлж ярих эрх олгох гэх мэт зүйлсэд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадна. Ийм нөхцөлд аливаа нэг улс эсвэл эвслийн байр суурийг давуу баримталдаг хүн гарч ирвэл НҮБ-ын чуулга уулзалт, хуралдаанд хэлэлцэх асуудал зэрэгт өөрийн талд илүү таатай бөгөөд давуутай орчин бүрдүүлж, тэдний талд ашигтай шийдвэр, тогтоол гаргах магадлал эрс нэмэгдэнэ.
Үр дүнд нь аль нэг гишүүн орныг НҮБ-ын тогтоолыг дагахгүй байна гэж буруутган эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авах тухай санаачлага гаргах боломжтой гэх мэт. Хойд Солонгосын эсрэг авагдаад байгаа хориг арга хэмжээ үүний нэг жишээ. Ийм болохоор л НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөөх өрсөлдөөн нэн чухал байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны төлөөллөөс сонгодоггүй журамтай. Ингээд бодохоор Монгол мэтийн буурай улсуудад давуу тал илүүтэй гарч ирэх мэт санагдаж болох. Гэвч бодит байдал арай л өөр.
Сонгох арга
Дүрэм ёсоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг бүс нутгийн бүлгүүдээс гаргасан нэр дэвшигчдийн дундаас сонгодог. Сонголтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөл хийнэ. Байнгын гишүүн таван улс дээр Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн 10 орон гэсэн үг. Энэ арван гишүүнийг Африкийн бүлэг, Азийн бүлэг, Зүүн Өмнөд Европын бүлэг, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын бүлэг, Өрнөд Европ ба бусад улсын бүлэг гэсэн таван бүлгээс хоёр жилийн хугацаатай сонгодог. Энэ удаад Ерөнхий нарийн бичгийн даргыг их таван улсаас гадна Египет, Сенегал, Ангол, Япон, Малайз, Уругвай, Венесуэл, Шинэ Зеланд, Испани, Украйн улсын төлөөлөгчид сонгоно.
Аюулгүйн зөвлөлийн гишүүн болгон тэгштэй эрхтэй ч байнгын гишүүн таван орон илүү тэгш эрхтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Аюулгүйн зөвлөлийн 9 гишүүний саналаар сонгодог ч зөвлөлийн байнгын гишүүн таван орон заавал санал нэгдсэн байх ёстой. Иймд үнэн хэрэг дээрээ Ерөнхий нарийн бичгийн даргыг АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц гэсэн таван улс л сонгодог гэсэн үг.
Нэр дэвшигчид
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсвэл Германы щанцлер Ангела Меркель дэвшинэ гэх мэт янз бүрийн яриа явсаар удсан. Гэвч бодит байдал дээр наймдугаар сарын сүүлээр явагдсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох гурав дахь шатны санал хураалтад огт өөр 10 нэр дэвшигч өрсөлдөсөн. Эдгээр нь:
• Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерриш. Энэ хүн 2005 -2015 онд НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн Ерөнхий комиссараар ажиллаж байсан.
• Словений Ерөнхийлөгч, сайд асан Данило Тюрк. Олон улсын эрх зүйн мэргэжилтэн, дипломат.
• Болгарын Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан Ирина Бокова. 2013 оноос ЮНЕСКО-ийн тэргүүнээр ажиллаж байгаа.
• Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк.
• НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн тухай тохиролцооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Кристиана Фигерес. Коста-Рикагийн иргэн.
• Молдавын гадаад хэрэг ба Европын интеграцын сайд Наталья Герман.
• Сербийн Гадаад хэргийн сайд асан Вук Еремич. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тэргүүлж хийж байсан.
• Македон улсын Гадаад хэргийн сайд асан Сржан Керим. НҮБ-ын Ерөнхий ассамблейг тэргүүлж байсан.
• Словакийн Гадаад хэргийн сайд Мирослав Лайчак.
• Аргентин улсын Гадаад хэргийн сайд Сусана Малкорра.
Сүүлийн санал асуулгаар Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерриш хамгийн олон санал авчээ. Түүнийг 11 улс дэмжиж, хоёр улс эсэргүүцэн, хоёр улс санал өгөхөөс түдгэлзсэн байдалтай байсан. Гутерриш нь Кофи Ананыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад Дүрвэгсдийн хэрэг хариуцсан Ерөнхий комиссараар сонгогдож, түүнээс хойш Зүүн Тимор, Өмнөд Судан, Йемен, Афганистан, Сири, Төв Африкийн Бүгд найрамдах улс гээд дайн тулаантай холбоотой дүрвэгсэд, цагаач нар хамгийн хүнд асуудлын шийдэхэд оролцож байсан туршлагатай нэгэн. Тэгээд ч НҮБ нь дүрвэгсдийн асуудлыг Дэлхийн №1 сэдэв гэж зарлаж байгаа тул түүнийг сонгогдох магадлал их өндөр гэж болохоор. Гэхдээ Оросын тал Дорнод Европын бүлгийн нэр дэвшигчийг сонгуулах сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдсэн тул шийдвэрлэх агшинд сонгогдохгүй байж магадгүй ч гэж буй. Нөгөө талаас оросууд Дорнод Европын төлөөлөл гээд Сербийн Вук Еремичийг дэмжлээ гэхэд АНУ, Их Британи, Францыг дагаад ба Япон, Шинэ Зеланд, Украйн, Египет түүнийг дэмжих нь юу л бол. Энэ мэтээр ээдрээ их. Ингэж явсаар аль нэг талынхаа эрх ашгийг давуу баримтлахгүй гэж амласан нэр дэвшигч дээр л санал нийлдэг.
Жишээлэхэд, Бан Ги Мун гэхэд л Өмнөд Солонгосын иргэн гэдгээрээ Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын талыг баримтлах ч гэлээ нөгөө талаас Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн асуудлыг Хятад, Орос гэсэн хоёр их гүрэнгүйгээр шийдэх боломжгүйг сайн мэддэг солонгос хүн тул энэ хоёрыг илэрхий шүүмжилж өрөөсгөл байр суурь баримтлахгүй гэдгээрээ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байх. Ангела Меркелийг нэр дэвшээгүйн тухайд тэрээр ирэх жил болох сонгуульд ахиж ялах бодит боломжтой, харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг он гарахаас өмнө сонгосон байх ёстой. Элбэгдорж Ерөнхийлөгч ч мөн адил. Тэгээд ч хоёр их гүрний дунд хавчигдаж байдаг гэдгээрээ энэ хоёрын талд эсвэл бүр илэрхий өрнөдийн талд ажиллах эрсдэлтэй гэж үзэх тул нэр дэвших магадлал бага.
Нөгөө талаас Аюулгүй зөвлөлийн их таван улс тохиролцож нэг нэр дэвшигчийг сонгоод тус бүр байнгын бус гишүүдийн дундахь өөрийн нөлөөллийн хүрээндээ тухайн нэр дэвшигчийг сонгох нь зөв гэж ятгаж чадлаа ч Ерөнхий Ассамблейн гишүүдийн дунд санал асуулга явуулж дэмжлэг авах ёстой. Харин тэр болтол буюу Ерөнхий ассамблейн чуулга дуусах 12 сарыг хүртэл багагүй хугацаа байна.