Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо.

Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна” гэлээ. Ерөнхий сайд “100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ 100 гаас дээш ам метр талбайн төлбөр нэмж төлснөөр найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм.  Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэсэн юм.

Банк санхүүгийн байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдад тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Засгийн газраас хэт жижиг төсөл хэрэгжүүлэхгүй байвал зүгээр байна. Энэ нь банкуудын бий болгосон зах зээлийг эвдэх хандлагатай байдаг. Энэ төслүүдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулвал зүгээр болов уу. Техник, технологи хөгжсөн энэ үед банкууд хэрэглэгчдийн дата мэдээллээ байнга шинэчилж байна. Ийм үед төрийн нэгдсэн мэдээллээсээ хуваалцвал сайн. Иргэний бүртгэлийн үнэн зөв мэдээлэл нэгтгэгдвэл банкууд шийдвэр гаргахад дөхөм. Тиймээс мэдээллийн үнэн зөв байдалд анхаарч өгөхийг хүсч байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Банкуудын чанаргүй зээл өсч байна. Банкууд нэмж зээл олгох нь багасч эхэлсэн. Чанаргүй зээлийг суллаж актив сайжруулах шаардлага бий. Банкууд нийлээд Актив удирдлагын газар байгуулахаар ярьж байгаа.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:
Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байна. Орон сууцны зээл 80 ам.метрээр хязгаарлагддаг. Үүнээс дээш талбайтай орон сууц авах хүсэлтэй иргэд зээлд хамрагддаг. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ам.метрыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Энэ  сан зөвхөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжих, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж өгвөл орон сууцны эргэлт нэмэгдэх хандлага үүсэх юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:  Санхүүгийн  салбар өрөөсгөл тогтолцоотойгоор явж ирсэн. Банкны сектор 96, даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллагын  зах  зээл нь дөрөвхөн  хувьтай бараг 20 жил явсан. Үүнийг зайлшгүй  өөрчлөх шаардлагатай байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад үнэт цаас, банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын  төвшинд ярилцаж байна. Эдийн  засаг хүндрэлтэй үед зөвхөн төр, засаг гэлтгүй хувийн сектор ч мөн хамтарч ажиллаж байж хүндрэлээс хурдан гарна. Өнөөдрийн байдлаар  зээлийг хүүг бууруулах нь хоёр талтай. Монголбанк хүүг буулгах журам гаргавал захиргааны арга хэмжээ болчихоод байгаа юм. Үүнийг  зах зээл өөрөө зохицуулдаг. Харилцах болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхийг зогсоох талаар банкууд шийдвэрээ гаргавал Монголбанк үүнийг дэмжихэд бэлэн байна.

Өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв бол зээлийн чанар. Эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор  зээлийн төлөлт удааширдаг. Нөгөө нь хууль эрх зүйн орчин. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид ажиллаж байна. Үүнд Хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг дурьдах ёстой. Хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлбэл тодорхой хэмжээнд зээлийн чанарт ахиц гарах боломж байгаа. Энэ хуулийг удахгүй хэрэгжүүлнэ. Нөгөөх нь Барьцаа хөрөнгийн шүүхийн бус замаар шилжүүлэх тухай хууль. Энэ хуулийг баталсан ч хэрэгжилт муу байгаа. Банкны холбоо, Монголбанк, ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагатай хамтраад зөв гольдрилд  нь оруулах тал дээр  анхаарах хэрэгтэй байна. Ер нь шүүхийн бус замаар хөрөнгө шилжүүлдэг тогтолцоо дэлхийд хэвшсэн. Бүр хамгийн  зөв туршлага гэсэн тодотголтой явдаг ч манай улсад төдийлөн хэрэгжихгүй байгаа учраас талууд хамтарч суух хэрэгтэй байгааг энд дурдъя.

Ипотекийн зээлийн тухайд таван хувийн зээл бол эхнээсээ зөв биш шийдвэр байсан. Харин найман хувийн  зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк, таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ үүнд тодорхой алхмуудыг хийх шаардлага байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн  зээлд  бол нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Энэ бол бусад уул уурхай, барилга гэх мэт олон салбараас илүү гараад явчихсан.  Ипотекийн зээл ингэж ихсэх тусмаа хэрэглээг танадаг сөрөг  үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ипотекийн  зээл авсан иргэд бүх мөнгөө өрөө төлөхөд зарцуулчихдаг учраас эргээд хэрэглээгүй болчихдог. Энэ нь эргээд дефляци руу явуулах сөрөг талтай. Хэрэглээ байхгүй учраас худалдан авалт байхгүй болчихдог. Тиймээс энэ зээл дээр Монголбанк маш болгоомжтой хандаж байна. Гэхдээ мэдээж үргэлжлүүлэх талд зогсч байгаагаа илэрхийлье.

Даатгалын компанийн захирал н.Батзул: Гурван зүйл дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Даатгалын тухай хууль. Энэ салбарын хууль бий ч зохицуулалтууд нь учир дутагдалтай. Даатгал эд хөрөнгийн болон амьдралын гэж хоёр төрлөөр олон улсад хөгжсөн байдаг. Харин Монголд амьдралын даатгал хөгжөөгүй. Энэ чиглэлд илүү анхаарч ажиллавал зүгээр байна. Мөн албан журмын даатгал нийт даатгалын 25 хувийг эзэлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй болов уу.

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул: Зээл чанаргүй болсны дараа шүүхээр явах процесс 2-3 жил үргэлжилдэг. Түүнтэй холбоотой зардал багагүй гарч байна.

“Би Ти Си” брокер дилерийн компанийн төлөөлөл н.Даянбилгүүн: Засгийн газар тусгай зориулалтын бонд гаргавал зүгээр байна. Бондоо аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргавал бусад орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд зогссон. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээлд арилждаг дотоодын бондын хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Өнгөрсөн онд ашигтай ажилласан ганц салбар бол банк санхүүгийн салбар байлаа. Өмнө нь аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзахад Монголд банк, санхүүгийн байгууллага дангаараа ноёрхож, дарамт их байна гэдгийг онцолж байлаа. Харилцан бие биенээ ойлгож, хандах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг. Гэтэл банк энэ мөнгөө хаанаас яаж олсон юм бэ гээд хуулийн байгууллага шиг шалгаад байдаг. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээгээр эх үүсвэр босгоод, тушааж байхад хаанаас олж авчирсан нь банкинд хамааралгүй баймаар. Энэ мэт хүндрэл их байдгийг хэлж байсан. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж өгнө үү гэсэн санал хүмүүсээс их ирсэн. Цаашид хөрөнгө, санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан