Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их мастерууд чуулах “Их нүүдэл-2016”

Н.БАТСУУРЬ

Олон улсын тэмцээнд амжилтаа ахиулсаар байгаа манай шатарчид эх орондоо, олон улсын их мастеруудтай ур ухаан, уран нүүдлээ уралдуулах гэж байна. Тодруулбал, Монголын шатрын холбоо (МШХ), “Монгол туургатан” шатрын холбооноос хамтран шатрын Олон улсын “Их нүүдэл-2016” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. “Их нүүдэл-2016” олон улсын тэмцээний талаар МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр болон “Монгол туургатан” шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нар мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “Тэмцээнд оролцох тамирчдыг нас, хүйсээр ангилахгүй. Харин А, Б гэсэн хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлнэ. Тэмцээн энэ сарын 22-ноос ирэх сарын 5-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын их мастер Хуснутдинов Рустам зэрэг чансаа өндөр тамирчид их мастер  Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Г.Мөнхгал тэргүүтэй арван их мастертай А хэсэгт оюун ухаанаа уралдуулна. Харин Б хэсэгт нээлттэй буюу 1700 ба түүнээс дээш оноотой сонирхогчид оролцох боломжтой” гэв. Эл ангилалд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастер Цедыпов Жамсран болон БНХАУ, ӨМӨЗО-ы шатарчидтай, манай улсын шилдэг шатарчид есөн өргөөр тоглох юм. Тэмцээний  “А” хэсгийн тоглолтууд энэ сарын 22-28-нд зохиогдох бол “Б” хэсэг энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. Мөн нэг өргийг 1-4 цагийн хугацаатай тоглох аж. Тус тэмцээн нь манай улсаас Гүрж улсын Батуми хотноо болох өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад томоохон бэлтгэл болох давуу талтай. Түүнчлэн, дэлхийн шилдгүүд манай улсад хуран чуулж байгаа нь эх орондоо ур чадвар, чансаагаа дээшлүүлэх, ретингээ өсгөх боломж нээгдэж байгаа сайн талтай. Тэмцээний бүртгэл энэ сарын 28-ныг дуустал “Монгол туургатан” шатрын холбоонд явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан