Анх 1954 оны энэ өдөр Нью-Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал билээ.
Манай улс НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран 2001 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон. Дашрамд сонирхуулахад, энэ өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Энхтайвны хонхоо цохисны дараа дэлхий нийтийн энх амгалан, энхтайвны төлөө нэг хором дуугүй зогсон хүндэтгэл үзүүлдэг билээ.