Б.БАДРАЛ
Дэлхийд алдартай түргэн хоолны “Макдональдс” сүлжээг Люксембургт татвараа бүрэн төлөөгүйн улмаас Европын холбооны удирдлагаас их хэмжээний торгууль ногдуулж магадгүй тухай яригдаад эхэллээ. “Макдональдс”-ыг 2009 оноос хойш олсон 1,8 тэрбум еврогийн орлогын татвар гэж 1,49 хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгийг төлснийг Европын холбооны эрх баригчид хангалтгүй гэж үзжээ.
Люксембургийн хуулийн дагуу орлогын татвар нь 29,2 хувь байдаг. Иймд “Макдональдс” компанийг татвараас зайлсхийсэн гэж үзэн багаар бодож 500 сая еврогоор торгож магадгүй байгаа тухай мэдээлсэн байна. Үүнээс өмнө Европын холбоо нь “Apple” компанийг Ирландад үйл ажиллагаа явуулахдаа хууль бусаар татварын хөнгөлөлт эдэлсэн гэж 13 тэрбум еврогийн торгууль ногдуулах тухайгаа мэдэгдсэн юм.