Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос төрөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах болжээ

Б.БАДРАЛ

Өмнөд Солонгост төрөлтийн хэмжээ цөөрч байгаагийн улмаас 20, 30 жилийн дараа хөгшчүүдийн улс болж хувирах аюул нүүрлээд байгаа тухай “Лента. ру” сайт бичиж байна. 2030 он гэхэд Өмнөд Солонгосын хүн амын тоо 52,5 сая болж дээд цэгтээ хүрээд цаашид цөөрч эхэлнэ гэж судлаачид үзжээ. 2030 онд 65 ба түүнээс дээш насны хүн Өмнөд Солонгосын хүн амын 25 хувьд хүрч, дараа дараагийн жилүүдэд нэмэгдсээр 2060 он гэхэд хүн амын 60 хувь нь 65–аас дээш насны хөгшчүүд болж хувирна. Ингэвэл  хөдөлмөрийн чадвартай 100 хүнд тэтгэврийн насны 80 хүн ногддог болно. Үүнийг дагаад тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын түвшнийг унагахгүй байх, эмнэлэг ба асаргааны үйлчилгээгээр хангах нь том асуудал болж хувирах төдийгүй эдийн засгийн хөгжил зогсонги байдалд орж, унаж эхэлнэ. Төрөлтийн тоог нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өөр аргагүй гэсэн үг.

Иймд Өмнөд Солонгос 2006 оноос эхлэн хүүхдийн цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгох, төрсөн эхчүүдийн амрах ба хүүхэд харах хугацааг уртасгах, олон хүүхэдтэй өнөр өтгөн аз жаргалтай гэр бүлийг сурталчилсан нэвтрүүлэг, кино зурагт хуудас гаргах зэрэгт  улсын ба орон нутгийн төсвөөс жил болгон олон тэрбум ам.доллар зарцуулах болсон. Ойрын хугацаанд аавуудад хүүхэд харах тус­гай амралт өгдөг болох хууль батлахаар яригдаж байна. Мөн хүүхдүүдийн их дээд сургуулийн төлбөрийн тодорхой хэсгийг Төрөөс даадаг болгох тухай яригдаж байгаа.
Гэсэн хэдий ч нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо эрх баригчдын хүсч байгаагаар өсөхгүй байгаа нь том асуудал болж хувираад байна.

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо нь 1,25 байна. Энэ бол арван жилийн өмнөх үеийн 1,08 гэсэн тооноос ахисан үзүүлэлт ч гэлээ хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэтэл нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2,1 байхад л улс орны хүн амын тоог цөөрөхгүй тогтмол байх боломжтой гэж үздэг.

Гэтэл нэгэн үе Өмнөд Солонгост төрөлтийг багасгах хөтөлбөрийг явуулан амжилт­тай хэрэгжүүлсэн байдаг. 1960-аад онд Дэлхийн хүн ам хэт нэмэгдээд ирэхээр сүйрэх тухай мэдээлэл Өрнөдөд ихээр газар аваад байсан. Өрнөдийн юм болгоныг шимтэн сурч эрчим­тэй хөгжлөө дөнгөж эхлүүлээд байсан Өмнөд Солонгос энэ сэдвийг ихэд анхаарч хүн амын дунд төрөлтийг багасгах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр үед Өмнөд Солонгос нь Азийн хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо нь 6,0 байсан. Эдийн засгаа маш эрчимтэй хөгжүүлэхийн тулд төрөлтийг багасгах хэрэгтэй гэж Пан Жон Хи генералын Засгийн газар шийдсэн байна. Ингээд хөдөө орон нутгаар тусгай суртал ухуулгын баг хүртэл ажиллуулан бэлгэвч хэрэглэх, жирэмслэлтээс сэргийлдэг ерөндөг сурталчилж, баяжихыг хүсвэл олон хүүхэд гаргах хэрэггүй гэж иргэдээ сэнхрүүлж байсан. Энэ хөтөлбөр маш үр дүнтэй байж 1980 он гэхэд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо өмнөх 6,0 байснаас огцом унаж 2,8 хүрсэн. Дараагийн жилүүдэд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо цөөрсөөр 2005 он гэхэд 1,08 болсон. Үүний дараанаас төрөлтийг цөөрүүлэх хөтөлбөрийг хааж, эсрэгээр нь буюу төрөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч бодит үр нөлөө үзүүлэхгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан