Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цэнд: Барилгачид эхнээсээ хоол унааны ч мөнгөгүй болж байна

Б.МЯГМАРЖАВ

Эдийн засгийн хямралтай холбоотойгоор манай улсын хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарууд ч зогсонги байдалд орж байна. Тэгвэл ажиллах хүчний олон хувийг шингээж байдаг барилгын салбарын нөхцөл байдлын талаар Монголын барилгын ассоциацын ТУЗ-ийн гишүүн “Гэрэгэ групп” ХХК-ийн захирал Д.Цэндтэй ярилцлаа.  

-Хямралтай холбоо­тойгоор барилгын борлуу­лалт муу байна гэсэн. Яг хэдэн хувиар буураад байна вэ?
-Барилга орон сууц маань 100 хувь борлогдохгүй байна гэж хэлж болно. Сүүлийн үед ипотекийн жилийн найман хувийн хүүтэй зээл хүртэл зогслоо. Цаашдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол байдал хурцдана. Хүнд ташуур, урам хэрэгтэй гэдэг дээ. Одоо манай салбарт л хэрэгтэй зүйл гэвэл эднийг нэрлэх байна. Төрийн зүгээс шалгах, хянах, торгох бус харилцан ойлгож хамтран ажиллах ёстой. 2009 онд хямрал болж байхад барилгачдын талбай дээр барилгачидтайгаа жагсаад явж байсан минь саяхан мэт. Өнөөдрийн хувьд хаа хаанаа хүндхэн байгаа учраас заавал жагсаал цуглаан гэлгүй хамтран ярилцаад шийдэх гарцаа олох хэрэгтэй. Төрийн зүгээс бизнес эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсч эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай.

-Монголын барилгын салбар өдий зэрэгт хүрэх гэж нэлээд хүндхэн үеийг туулж ирсэн. Өнөөдөр энэ салбарт төрийн зүгээс ямар зохицуулалт бодлого үгүйлэгдэж байна вэ?
-Хамгийн түрүүнд өр авлагын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Компаниудын хувьд  ажилчдынхаа цалинг чадан ядан өгч дансаа хаалгаж эхэллээ. Дээр нь зээлтэй компаниудын хүү төлбөр нэхэгдсээр байна. Ер нь, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг эдийн засаг хямарсан үед авч чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ хямраагүй үед ч нэхэл дагал болж  олж авдаг байсан.

-Өр авлагатай хэдэн компани байна вэ. Заавал мөнгө гэлтгүй бартер хийж тооцоогоо дуусгах арга замыг сонгож байгаа юу?
-Дотоодын туслан гүй­цэтгэгч үйлдвэрүүд хүнд­хэн байгаа. Бартер хийгээд баахан барилга авсан, тэр нь борлогдохгүй учраас өөрсдийнх нь санхүү хүндэрчихсэн. Барилгачид эхнээсээ  хоол унааны ч мөнгөгүй болж байна. Одоо ингээд арваннэгдүгээр сар гарлаа. Газар хөлдөнө, бүх үйл ажиллагаа зогсоно. Цөөхөн үлдсэн намрын дулаан өдөр, нарыг ашиглаад ажлаа амжуулахгүй бол оройтно. Барилгын салбарт асар их мөнгө шингэсэн түгжээтэй хөрөнгө байна гэж ойлгож болно. 

-Хаалгаа барьсан хэдэн компани байгаа юм бэ. Та бүхэнд судалгаа хийсэн зүйл бий юу?
-Шүүхээр тогтоогоод, албан ёсоор зарлаагүй л бол хаалгаа барьсан гэж тооцдоггүй. Тиймээс албан ёсоор хаалгаа барьсан гэж хэлэхэд хэцүү.

-Нэг барилга бариад тэрийгээ улсын комисст хүлээлгэж өгөх гэж бөөн бичиг цаасны асуудал гардаг. Чирэгдэл ихтэй, хүнд сурталтай байдаг хэмээн танай салбарынхан гомдоллодог. Төрийн зүгээс энэ байдлыг арилгана гэж байсан. Өнгөрсөн жилүүдэд цэгцэрсэн үү, та бүхэнд мэдрэгдэж байна уу?
-Бид дүрэм журмыг өөрсдөө хэрэгжүүлж болно. Заавал байцаагч, дарга нарын гар харалгүй. Тухайлбал, байгууллагынхаа стандартыг гаргаад улс болон олон улсын стандартад нийцүүлээд ажиллах юм бол заавал хүн ирж шалгана гээд байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг хүний анхан шатны боловсролоос эхлэх ёстой. Биднийг бага байхад хөдөлмөрийн хичээл гэж ордог байлаа. Жишээ нь, охидууд юм оёх гэж байгаа бол аюулгүй байдлаа хангах үүднээс хуруувч зүү, хөвгүүд мод хөрөөдөхдөө бээлий өмс гээд хөдөлмөр аюулгүй байдлын наад захын мэдлэг олгодог байлаа. Хөдөлмөр аюулгүй байдал гэдэг байнга сануулахгүй бол мартдаг зүйл. Жишээ нь, бид байнга бугуйнд зүүсэн цагаа хардаг ч цагийнхаа зүүг хүрдтэй юу, тоотой юу гэдгийг анзаардаггүй.

-Танай ассоциацид хэдэн ком­пани харьяалагддаг юм бэ?
-Ассоциацийн бүрэлдэ­хүүнд Монголын барилгын салбарын томоохон ком­паниуд болох Жигүүр гранд, Цаст, Макс тэргүүтэй 150 гаруй байгууллагын төлөөлөл  багтдаг. Сонирхогч буюу гишүүнч­лэлтэй 300 гаруй компани бий. Барилгын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани манай ассоциацид багтдаг.

-Бизнес эрхлэгчдэд тө­рөөс үзүүлж байгаа дарамт шахалт ямар байна вэ. Тухайлбал, татвар, төрийн албан хаагчийн хүнд суртал, хээл хахууль гээд байдаг шүү дээ. Энэ тухайд?
-Төрийн албаны зүгээс мөрдөн шалгадаг, дарамталдаг асуудал байдаг. Иймээс бизнес эрхлэгч болгон бидний эрх ашгийг хохироож байна, бид ингэх ёстой гэсэн асуудлаар тэр бүр гомдоллоод байдаггүй. Цөөхөн хэдэн нээлттэй компанийн төлөөлөл л дуугардаг.

-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан то­моо­­хон төслүүдийг зог­соож эхлээд байгаа. Үүнийг хэрхэн хардаг вэ?
-Боломж хаана ч байдаг. Тиймээс боломжийг зөв харж судалгаа шинжилгээ явуулсны үр дүнд ямар нэгэн ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр том том хороолол, дахин төлөвлөлт ярихаас илүүтэйгээр иргэдээ тогтвортой ажлын байртай байлгах гэсэн том зорилгоо л биелүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүн идэх хоолтой болно, тэрнийхээ дараа орон байрны  асуудал яригддаг. Амьдралын наад захын хэрэгцээ бол том байшин хорооллууд биш. Мөн цалин танах, орон тоог цөөлөх ч биш нэмэх, нэмэгдүүлэх гэсэн бодлого чухал байна л даа. Ингэж эргэлдүүлж гэмээнэ энэ нөхцөл байдлаас гарна. Харин танаад хасаад байвал зогсоно.
 
-Олон улсын хөрөнгө оруулагч нар манайхаас зугтааж байна гэдэг. Барилгын салбарын хувьд ямар байгаа вэ. Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хууль эрхзүйн тал дээр харьцангуй гайгүй болсон. Хөрөнгө оруулагч нарын зүгээс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдал ард түмний хариуцлагатай зан чанарыг хүсч байна. Манайхан хөрөнгө оруулагч нарыг хүндлэлгүй их бүдүүлэг ханддаг. Хөрөнгө оруулагч гэдэг өөрийн олсон мөнгийг сайхан зүйлд зарцуулна гэж ирдэг хүмүүс. Гэтэл манайхан цагаа барьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Үүнээс болоод итгэлийг нь алддаг. Ер нь, хариуцлагатай байж хүнээс хариуцлага нэхнэ. Дэлхий дахин үсрэнгүй хөгжиж техник, технологи хөгжиж байна. Иймээс бид хөл нийлүүлэн алхаж хөгжил дэвшлийг эх орондоо авчрахын тулд олон улсын  хөрөнгө оруулагч нар­тай хамтран ажиллах хэрэг­тэй. Мөн барилгын үйлдвэрлэлд байгальд ээлтэй дэвшилтэт эко технологийг нэвтрүүлж, чанар стандартыг гол болгон мэргэшсэн боловсон хүчинтэй хамтран ажиллаж тэдний туршлагаас суралцах, компанийхаа мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна.   

0 Сэтгэгдэл
Unee l hyamdruul. Ta nar nugarsan ashig oldog chin hudlaa bish.
Хамгийн их уншсан