Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулан тооцсоор. Тухайлбал, Азийн хөгжлийн банк энэ онд манай улсын эдийн засгийг 0.1 хувийн өсөлттэй гэв. Тэгвэл Дэлхийн банк 0.7, Олон улсын хөрөнгө оруулалтын банк 0.4 хувийн өсөлттэй гарна хэмээн тооцоод байна. Харин Монголбанк 2-3 хувийн өсөлт гарах хүлээлттэй байгаа юм. Төсөв, мөнгөний бодлогоо хумих, тус тусдаа олон төсвийг нэгтгэснээр хямралыг давна гэсэн зөвлөгөөг Олон улсын валютын сан, Дэлхийн банк гээд эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд өгч байгаа. Гэвч энэ оны төсвийн тодотголд илүү зардлаа хасч чадаагүй. Энэ нь Төв банкны мөнгөний бодлогод чөдөр тушаа болж байгаа аж. Хэрэв төсвөө танаж хөнжлийн хэрээр хөлөө жийж чадвал Монголбанк бодлогын хүүгээ 1-2 хувиар бууруулах боломжтой гэдэг. Үүнээс гадна Монголбанкнаас Засгийн газарт эдийн засаг, мөнгөний бодлогын талаарх байр сууриа танилцуулж “Стэнд бай” хөтөлбөрт орохыг зөвлөж байгаа бололтой. Уг хөтөлбөрт орвол донор орнуудаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий гэнэ. Нөгөө талаар улсын төсөв, мөнгөний бодлого нь эмх цэгцтэй, хатуу шаардлагатай болсон үед гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж үзжээ. Урьд нь гурав, дөрвөн тэрбум ам.доллараар тоологдож байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт зуун сая хүрэхгүй болсон. Товчхондоо Монголоос мөнгө дайжсан гэсэн үг. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөөд явбал хямралаас гарна гэсэн тооцоо хийсэн аж. “Стэнд бай” хөтөлбөрт ороход хатуу шаардлагууд тавьж, бүх нийтээр бүсээ чангалах болдог.
Урьд нь манай улс 2008 оны хямралаар уг хөтөлбөрт орж 224 сая ам.долларын зээл авч байв. Тухайн үед Хятадын арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгож, үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжсэн бодлого баримталсан. Үүний үр дүнд төмрийн хүдэр, коксжих нүүрс, зэс гээд манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ өсч хямралаас гарсан билээ. Дээр нь Австралид үер буусан явдал бас хачир болж манай улс “Стэнд бай” хөтөлбөрөөс гарсан удаатай. Одоо экспортын түүхий эдийн үнэ өсч аз гийх нь эргэлзээтэй байгаа. Зах зээлийн шинжээчид түүхий эдийн үнэ өснө гэхээс илүү уналтын тухай ярьж байна. Тэгэхээр уг хөтөлбөрт орвол хэдий хугацаанд үйлчлэх нь тодорхойгүй байгаа юм.