Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үдийн цай” хөтөлбөрөөс хуруугаа татчихвал ч...


А.АКЭРКЭ

Өглөө эртлэн босч аяга цай уух нь битгий хэл нүүрээ хагас дутуу угаагаад гардаг хүүхдүүдэд “Үдийн цай” хөтөлбөр хамгийн их дэм болдог гэдгийг эцэг, эхчүүд төдийгүй багш нар хэн хүнээс илүүтэй мэднэ. Үнэндээ энэ хөтөлбөр хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлдгээс гадна сурах идэвх сонирхлыг нь нэмэгдүүлдэг гэх зэргээр давуу талуудыг нь тоочоод баршгүй.

Ямартай ч ерөнхий боловсролын сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд зэргээс үл хамааран сургуульд суралцаж буй бага ангийн бүх сурагч өнөөдөр улсын төсвийн зардлаар “Үдийн цай”-ны үйлчилгээг тэгш хүртэж буй. 10 жил сайн муугаараа хэлүүлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 24,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган зарцуулжээ.

Харин энэ шинэ хичээлийн жилээс эхлээд “Үдийн цай” хөтөлбөрийг хүүхдийн бодит тоо буюу ирцээр нь тооцож санхүүжүүлнэ гэдгийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хатуухан мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй ирцээр нь тооцож санхүүжүүлдэг болохоор сургуулиудад үүссэн өрийг төсвийн тодотголоор шийднэ хэмээсэн юм.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын 80 гаруй хувь нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүнээр ээлжлэн үйлчилж байгаа бол 20 орчим хувь нь зөвхөн бэлэн бүтээгдэхүүн өгч байна. Ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг жил бүр улсын төсвөөс нийлүүлсээр байгаа хэдий ч улсын хэмжээнд зориулалтын гал тогоотой 350, зориулалтын бус гал тогоотой 260 орчим, огт гал тогоогүй 40 гаруй сургууль байгаа юм. Гэвч цайны газартай сургуулиудын дийлэнх нь бохир сав суулгатай, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй, өдөр тутмын бэлэн бүтээгдэхүүнээс дээж авдаггүй, хүнсний бүтээгдэхүүний уураг илчлэгийг тодорхойлдоггүй зэрэг зөрчил нь өнөөг хэр нь бий. Харин саяхан ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулсан. Энэ ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг танилцуулсан нь дээрх асуудлыг бага ч гэсэн цэгцэлсэн гэдэг ойлголтыг эцэг, эхчүүдэд төрүүлсэн. Гэсэн хэдий ч асуудал аюулгүй ажиллагааны горим, технологид суурилахаасаа илүүтэй хүний сэтгэл, зүтгэлээс хамааралтай болчихоод байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 сурагч хоолны хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдэж байсныг уншигч та санаж байгаа байх. Тус сургууль цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 610 сурагч “Үдийн цай” хөтөлбөртөө “Айплмүүн” компанийн жимст боов,  “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс уусан гэдгээ хэлж байсан. Тухайн үед чухам юунаас болж хордсон талаар тус сургуулийн захирлаас тодруулахад жүүснээс байж магадгүй, задлахад жаахан иссэн үнэр үнэртэж байсан юм билээ гэх мэдээллийг өгч байсан юм. Энэ мэтээр сэтгэл зүрх дутагдах асуудал мундахгүй их.

Түүнчлэн БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр хэлэхдээ “Хэрвээ үдийн цай хөтөлбөрийн дунд явагдаад байгаа бизнесийг багасгах юм бол 600 төгрөгөөр хүүхдүүд өдөрт авах калорийнхоо 75 хувийг зөвхөн “Үдийн цай”-гаараа авах боломж байна гэсэн судалгаа гарсан” хэмээн ярьж байсан удаатай. Санамсаргүй хэлээгүй энэ үгний цаана сургуулиудын захирал, холбогдох албан тушаалтнууд бизнес хийдэг болохыг нь батална. Үнэндээ “Үдийн цай” хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудын “мөнгө угаах” нэг хэлбэр болсон гэдгийг үгүйсгэх хүн тийм ч олон биш. Үдийн цайнд ирдэг бүтээгдэхүүний чанар гэж ярихаасаа илүүтэй хэдэн төгрөгөөр гар хүндрүүлэх бол гэдэгт санаа зовнидог захирал нар ч олонтаа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Мөн ах дүү, хамаатан садандаа сургуулийнхаа цайны газрыг түрээслүүлэх, хүргэн бэрийнхээ компанитай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулсан зэрэг ашиг сонирхлын зөрчлүүд АТГ-аас шалгагдаж тогтоогдож байсан нь саяхан. Энэ мэтээр “Үдийн цай” хөтөлбөрт ноогдсон хөрөнгөнөөс хумсалж, хуруу дүрэхээ больчихвол хүүхдүүд 600 төгрөгтөө багтсан бага ч атугай шим тэжээлтэй хоол хүнсээр хангагдаж чадах юм. Тэгэхгүй бол аль болох хямдыг бодож бүтээгдэхүүнээ сонгодгоос болж хэд хэдэн сургуулийн хүүхдүүд хоол, цайндаа хордож, амиа алдах дөхсөн гашуун түүхийг одоо ч мартаагүй эцэг, эх олон. Зарим айлын хүүхэд насан туршдаа ходоод, гэдэсний эмгэгтэй болсон учир яаж ч мартах билээ. Түүнчлэн хямдхан чанаргүй болгоныг идээд ходоод, гэдэсгүй болж буйг “Эрүүл хүүхэд аян”-ы үр дүн бидэнд харуулсан. Уг аяны судалгаагаар хүүхдийн өвчлөлд амьсгал, шүд, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэг дийлэнх тохиолдлыг нь эзэлж байсан юм.

Ямартай ч энэ удаад Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалт бүрт бүдэрдэг “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, түүнд тавих хяналт сэдвээр нийслэлийн найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд маргааш зөвлөлдөх гэж байна. Энэ үеэр “Ерөнхий боловсролын сургуулиудад  Үдийн цай хэрэгжүүлэхэд мөрдөх журам” болон бусад холбогдох тушаал шийдвэр, хүүхдийн хоолны онцлог, хоолны хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтад хамрагдах нь. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтэс, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын болон боловсролын хяналтын улсын ахлах байцаагчид, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр сургуулийн захиргаанаас үдийн цайг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөрдөж буй журам, тушаал шийдвэртэй нь танилцах аж. Мөн гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн газрын удирдлагад танилцуулж, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний саналыг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэх аж. Тэгэхээр “Үдийн цай” хөтөлбөрт голлох үүрэг гүйцэтгэдэг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг өөрсдөд ашигтай биш өрөөлийн хүүхдүүдийн эрүүл мэндэд чиглэсэн санал, дүгнэлт гаргана гэж найдъя даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан