Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британи Оросын дайралтаас өөрийгөө хамгаалж чадахгүй

Б.БАДРАЛ

Их Британийн нэгдсэн цэргийн хүчнийг удирдаж байсан гене­рал Ричард Барронс улсынхаа батлан хамгаалах салбарын чадвар ба боломжийг эрс шүүмжилсэн илтгэлийг сайддаа явуулсан нь тус улсад ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Генерал Барронс  өөрийн илтгэлдээ “Бүх их гүрний зэвсэгт хүчний үндэс нь болж байдаг байлдааны чадварыг санаатайгаар сулруулсан. Бид орчин үеийн дайныг өөрсдийн хөрөнгө чинээний хэмжээнд таарсан нэн хязгаарлагдмал хүрээнд маш хурдан болоод дуусна гэж тооцоод байна уу гэсэн сэтгэгдэл төрж байна .Энэ бол дэмийрэл. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь одоогийнх шиг аз таараад байвал ямар ч ач холбогдолгүй байх ч дэлхий дээр оршин тогтнож байгаа аюул заналхийлэлийн зарим хэсэг нь Нэгдсэн вант улсын эсрэг чиглэхэд л ноцтой үр дагаварт хүргэнэ” гэсэн байна.

Аюул заналхийлэлийн нэг хэсэг нь гэж Оросыг хэлж байгаа бололтой. Тэрээр “Өнөөдөр манай агаар, ус, хуурай газрын орон зайг хамгаалах бүх бэлтгэл, төлөвлөгөө нь алан хядлагатай тэмцэх зорилтуудаар л хязгаарлагдаж байна. Манайд оператив удирдлагын нэгдсэн цогц механизм гэж алга, бид Нэгдсэн вант улсын зэвсэгт хүчнийг өөрийн газар нутгаа хамгаалахад бэлдэхгүй байж, НАТО-ийн газар нутгийг хамгаалах тухайд яриад ч хэрэггүй” гэжээ. Ялангуяа болзошгүй эсрэг этгээдийн зүгээс Их Британид агаараас цохилт хийх оролдлогыг таслан зогсоох чадвар байгаа эсэхэд генерал Барронс ихээхэн сэтгэл түгшжээ.  Энэ тухайд “Британийн Агаарын довтолгооноос хамгаалах хүч нь 45 загварын эскадрын мина тээгч усан онгоцууд ба шууд хэлэхэд Засгийн газрын ордныг хамгаалахад л хүрэлцэх хуурай замын зенитийн комплекс, Вангийн цэргийн нисэх хүчний бүрэлдэхүүн дэх тийрэлтэт сөнөөгч онгоцуудаас бүрдэж байна. Их Британий газар нутгийг бүхэлд нь бүү хэл байршиж байгаа зэвсэгт хүчнээ ч Оросын зохион байгуу­лалттай агаарын дайралтаас хамгаалж чадахгүй” гэжээ.
Британи нь Батлан хамгаалах салбартаа та­шаа бодлого хэрэгжүүлж байгаагийн гайгаар агаарын дайралтаас өөрсдийгөө хамгаалж чадахгүй болсон төдийгүй хуурай замын цэрэг ч ялгаагүй арчаагүй байдалд орсон гэж Барронс үзжээ. Тэрээр “Орчин үеийн Британий арми нь өөрийн оператив бүсийн төв дэх бэхлэлт баазуудыг түшиглээд хуягт техникгүй, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэлгүй, их хэмжээний артиллеригүй, электрон хориг саад тавих төхөөрөмжгүй, цэргийн нисэх хүчингүй, баллистик ба далавчит пуужин хэрэглэх боломжгүй дайсны эсрэг л байлдааны ажиллагаа явуулж сурсан” гэж онцолсон байна. Гэтэл Орос ба Хятад гэх мэт том гүрнүүд нь энэ бүх техник хэрэгслийг бүрэн хэмжээгээр нь ашиглах тул бодит байдал дээр тулвал ялагдана гэж үзжээ. Цаашлаад, Британий арми хүн хүчний дутагдалтай тулгарсан, орчин үеийн нисэх онгоц тээгч гэх мэт нь асар үнэтэй, дээр нь гэмтээх устгуулах эрхгүй цөөн техниктэй түүнийгээ бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй, байгаа нь яавч хангалтгүй гэж үзжээ.

Сүүлийн саруудад Европын сонин хэвлэлээр Оростой хийж болзошгүй дайны талаарх энэ мэт судалгаа, илтгэл олон гарах болсон нь түгшүүр төрүүлж байна. “ВВС” суваг гэхэд л Оросын арми Латвийн жижиг хотын олонх болдог орос үндэстнүүдийн бослогоор далимдуулан Латвийг эзэлж, Өрнөд Европын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэн Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлж байгаа тухай кино авсан. Энэ кино нь баримтат кино шиг хийгдсэн тул зарим хүн үнэмшиж, дайн тулаан үнэхээр гарсан гэж итгэн айж сандарсан хэрэг ч гарч байв.

Латви, Литв, Эстони, Польш гэх мэт орнуудад оросууд хэзээ мөдгүй дайрч орж ирэх гэж байгаа мэт тогтмол ярьсаар Батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж, олон зуун сая доллараар шинэ техник худалдан авсан төдийгүй нутаг дээрээ НАТО-ийн нэмэлт хүч байршуулахаар болсон. Ер нь Өрнөдийн арми, хүчний байгууллагууд төсвөө нэмэгдүүлэх, шинэ зэвсэг худалдан авах шаардлагатай тулгарах болгондоо хэвлэл  мэдээллийн хэрэгслийг ашиглан Оросын аюул заналхийлэлээс сэрэмжлүүлсэн мэдээллийн  кампанит ажил явуулаад иргэдийн бодлыг өөрт ашигтайгаар эргүүлж байгаа нь ажиглагддаг.

Их Британи гэхэд л энэ мэт судалгаа, нэвтрүүлэг явуулсаар байгаад парламентаараа Батлан хамгаалахын төсвөө 2010 он гэхэд шууд таван тэрбум фунтээр нэмэгдүүлэхийг зөвшөөрүүлж, ДНБ-ий 2-оос багагүй хувийг Батлан хамгаалахдаа зарцуулах ёстой гэсэн НАТО-ийн шаардлагыг хэрэгжүүлж эхлэхээр болсон.

Швед, Финлянд, Гүрж зэрэг орнуудын хэвлэлүүд Оросын аюулын талаар мөн л өдөр болгон бичиж байна. Эдгээр улс нь НАТО-ийн гишүүн бус орнууд. Гэтэл болзошгүй дайны, зэвсэгт мөргөлдөөний тухай бичиж байгаа ч гэлээ Орос дайрах шийдвэр хэдийн гаргачихсан, оросын дайралтыг манай улс дангаараа хэдэн өдөр тогтоож дийлэх вэ гэсэн сэдвийг хөндөөд НАТО-ийн гишүүн болвол оросуудын дайралтаас өөрсдийгөө хамгаалах боломжтой гэсэн дүгнэлт хийгээд байгаа нь харагдсан.

Франц, Герман нь НАТО-ийн хүчнээс тусдаа бие даасан Европын холбооны зэвсэгт хүчин байгуулахаар шийдээд байгаа. Ийм арми байгуулагдвал Европ тив  дээр улс орнуудын өөрсдийн зэвсэгт хүчин, НАТО-ийн бие бүрэлдэхүүн дээр нь Европын холбооны арми гэсэн бас нэг нүсэр том байгууллага бүхий хамгийн хүчтэй зэвсэглэсэн тив болж хувирна. Тус тусдаа удирдлагатай ийм ээдрээтэй бүтэцтэй байна гэдэг нь бодит байдал дээр Европын аюулгүй байдлыг хангахад хэр нэмэр болох нь ойлгомжгүй байна.

0 Сэтгэгдэл
Англи ойлгосон байна. Одоо бардам зантай шалдан гуятай АНУ ойлгох хэрэгтэй
Хамгийн их уншсан