Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инфляцыг унагасан монголчууд дефляцтай хүч үзнэ


Т.ЖАНЦАН

Эдийн засгийн хямралын “ид шид” янз янзаар гарч байна. Дэлхийн эдийн засагт өнөөдөр нүүрлээд байгаа хямрал инфляц, дефляц гэсэн хоёр хэлбэрээр улс орнуудад улам гүнзгийрсэн. Тэгвэл манай улсад дефляц үүсээд байна. Нэг талаас иргэдийн орлого багасч, ажилгүйдэл нүүрлэсэн өнөө үед бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь сайн хэрэг.

Гэтэл Монголбанкнаас гаргасан наймдугаар сарын инфляцын статистикаас харвал -0.6 хувийн дефляцтай гарсан. Мах, хүнсний ногооны үнэ огцом хямдарч дефляц үүсгэсэн хэмээн Төв банкнаас тодорхойлсон билээ. Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авах чадвар муудсаныг илтгэж буй хэрэг юм. Ялангуяа, хүнсний ногооны үнэ өнгөрсөн оныхоос 18.6 хувиар хямдрав. Жил бүр ургац хураалтын үеэр хүнсний ногооны үнэ буурдаг. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд мал, махны үнэ хямдардаг уламжлалтай. Тэгвэл энэ жил урьд урьдынхаас илүү хямдарчээ. Үүний эсрэг талд нь малчид, тариаланчдын орлого буурах төдийгүй урт удаан хугацаанд үргэлжилбэл манай улсын хөдөө аж ахуйн салбар унана гэсэн үг.

Манай улсын эдийн засгийн өсөлтөд тус салбар уул уурхайгаас гадна голлох байр суурь эзэлдэг. Гэтэл өнөөдөр уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнийн уналтын нөлөөгөөр бартаа ихтэй зам туулж яваа. Чухам энэ бартаа нь манай эдийн засгийг хойш татаж, доош малтаад байгаа юм. Гэтэл даарин дээр давс гэдэг шиг дэлхийн зах зээл, гадаад эдийн засагт болж буй шуурганаас хамаарахгүй арай гайгүй өсө-лттэй байсан хөдөө аж ахуйн салбар ч унаж магадгүй болсныг  энэ дефляц харууллаа. Товчхондоо хямралын шуурга тус салбарт хүчээ аван исгэрч эхлэв бололтой. Ингээд дефляц үүссэн шалтгааныг тогтоохоор судалж үзсэн юм.

Монголбанкнаас дефляцын талаар тайлбар хүссэн. Ингээд Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч  Б.Түмэнцэнгэл “Улирлын шинж чанартай дефляц. Монгол орны нэг онцлог бий. Тэр нь 7-9 сард ургац хурааж, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгддэг. Мөн махны нийлүүлэлт ч өсдөг тул энэ дефляц түр зуурынх.  Ирэх сард арилна гэж харж байна” гэлээ. Харин цаашид энэ дефляц урт удаан хугацаанд үргэлжилбэл ямар арга хэмжээ авах вэ гэж асуухад тэрбээр “Бид урд нь дефляцтай тэмцэж байсан туршлага байхгүй. Монгол Улсын эдийн засаг, тухайн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээд тохирох арга хэмжээг авна” хэмээв.  Дефляц үүссэн гол шалтгаан нь нийт нутгаар зуншлага сайхан байсантай холбосон тайлбар ч бас бий. Учир нь газар дэлхий дэлэгнэсэн тул ургац сайн гарч, мал таргалж хүнсний ногоо, махны нийлүүлэлт эрс өсчээ. Энэ дефляц өнгөрсөн жил бас ажиглагдах нөхцөл байдал эдийн засагт үүссэн байжээ. Гэвч дийлэнх нутгаар гантай байсан тул хүнсний ногоо, махны нийлүүлэлт бага байж. Иймд дефляц үүсээгүй гэсэн тайлбар ч бас бий.  Нөгөө талаар монголчууд бичин жилийн зудыг үеийн үед ярьж малын хорогдол бага давах боломж хайж ирсэн. Ирэх өвөл цас ихтэй, хүйтэн болж магадгүй гэсэн яриа амнаас ам дамжин тарж байна. Иймд мал нядлах нь нэмэгдэж махны нийлүүлэлт өссөн тал бас бий. Дашрамд дурдахад 2009 оны хямралаар бас дефляц үүсч байв. Тухайлбал, мөн л намар буюу есдүгээр сард улсын инфляц 0 хувь зааж, Улаанбаатар хотынх -1.9 хувийн   дефляцтай гарсан удаатай.

Тэгвэл  дефляцыг дэлхий нийтэд хэрхэн ойлгож, хүлээж авдаг талаар дор цухас өгүүлье. Эдийн засагчид дефляцыг  хүсэх зүйл биш гэж хэлдэг.  Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсаныг илтгэх хэмжүүр юм. Дэлхий нийтэд дефляцыг эдийн засгийн уналт гүнзгийрч ажилгүйдэл өсч, бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэхийг илтгэж буй явдал хэмээн тайлбарлаж, ойлгодог болсон.  Нөгөө талаар мөнгөний ханшийн зохиомол чангаралт дефляц үүсгэдэг аж. Ийм үед Төв банк болон Засгийн газраас татвар нэмэх, цалингийн өсөлтийг зогсоох, төсвийн зарлагыг танах, зээлийн хэмжээг бууруулдаг. Мөн Төв банк,  Засгийн газрын үнэт цаасны арилжааг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр эрх баригчид албаар дефляц үүсгэж эдийн засгийн хямралтай хатуу аргаар тэмцэхээр шийджээ гэсэн хардлага төрнө. Учир нь Монголбанк бодлогын хүүгээ огцом өсгөж 15 хувьд хүргэсэн. Үүнийг төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд хэмээн тайлбарласан билээ. Одоо үр дүн нь гарч төгрөгийн ханш чангарч эхлээд байна. Мөн 12 долоо хоногийн хугацаатай 17 хувийн хүүтэй үнэт цаас арилжих болсон. Харин Засгийн газар төсвөө танаж, татвар нэмэх гээд чадаагүй. Гэвч татвар нэмэх байр сууринаасаа ухрахгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ. АНУ, Европын улсууд 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадахгүй л байгаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт болон бусад оронд нөлөөлж буй юм. Ийм учраас өнгөрсөн онд 3.1 хувийн өсөлттэй гарсан дэлхийн эдийн засаг  энэ жил 2.4 хувьтай л гарна хэмээн Дэлхийн банкнаас үзэж байна. Мөн Японы эдийн засагт дефляц үүссэн ч түүнээс гарч чадалгүй өдий хүрчээ.  Монголчууд урьд нь хоёр оронтой тоотой инфляцтай бараг эвлэртлээ тэмцэж ирсэн. Сүүлийн жилүүдэд инфляц буурч нэг оронтой тоонд эргэлдэх болсон. Харин одоо эдийн засгийн хямрал улам гүнзгийрч дефляц гэдэг шинэ зүйлтэй хүч үзэж магадгүй нь. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан