Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны зах зээлд Монгол шинэ ”гарц” хайна


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын нефть хийн үндэсний ассоциац(МНХҮА)хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүн импортлоход гардаг хүндрэлүүдийг багасгаж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бодлогын өмгөөлөл хийх, эрх зүйн орчинг шинэчлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Монголын Нефть хийн Үндэсний Ассоциацын тэргүүлэгч гишүүн, “Жаст ойл” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхцэцэг

-Нефтийн бүтээгдэхүүн импортолж буй хэдэн компани байгаа вэ. Манай улс жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэх болов?


-Монгол Улс жилд хэдий хэмжээний нефтийн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг Ашигт малтмал, газрын тосны газар гаргадаг. Харин бидэнд байгаа мэдээллээр жилд нэг сая гаруй тонн нефть хэрэглэж байгаа. Уул уурхайн салбар цэцэглэж байх үед хэрэглээ үүнээс өндөр байсан. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдыг нэгтгэсэн мэргэжлийн хоёр байгууллага бий. Тэгэхээр их олон компани бий гэж ойлгож  болно. Манай ассоциацын гишүүн 30 компани байдаг.

-Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Гэтэл манайд нэг литр шатахуун, тос тосолгооны үнэ хямдарсангүй. Шалтгааныг нь та юу гэж бодож байна?

-Би МНХҮА-ыг төлөөлж байгаа. Иймд үнийн талаар ярихгүй. Импортлогч компаниуд өөр, өөр үнийн бодлого баримталдаг учраас надад өмнөөснь ярих эрх байхгүй.

-Манай улс хойд хөршөөс хэрэглээнийхээ шатахууныг голдуу авдаг. Хуучнаар газрын тосны газраас “ОХУ-аас дэлхийн зах зээлийн үнээр нэг литр шатахуун импортлох болсон. Тиймээс үнэ хямдрах бололцоо бий” гэж мэдэгдсэн.  Гэтэл та компаниуд өөр, өөр үнээр авдаг гэлээ...?

-Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр “Роснефть” компаниас шатахуун авч байгаа. Энэ шатахууныг Ангарскийн үйлдвэрээс оруулж ирдэг. Гэтэл хувийн жижиг компаниуд “Роснефть” компаниас авч байгаа шатахууны үнэтэй өрсөлдөж импортолдог. Тэгэхдээ бүр цаанаас Урал, Беларусь, Укрианы үйлдвэр, Европын орнууд, Хятад, Солонгосоос авдаг. Тиймээс тэдний авч буй нэг тонн шатахууны үнэ харилцан адилгүй байгаа юм. Тэгэхээр нэг тонн шатахууны үнийг адил түвшинд авч үзэхэд хэцүү.

-Хил гаалийн онцгой албан татвар, ам.долларын ханшийн зөрүү гээд импортлогчид бэрхшээл тоочдог. Тэгвэл шатахуун импортлоход ямар, ямар хүндрэл байдаг вэ?

-Бид хилээр оруулж ирсэн шатахуунаа гаалийн баталгаат болон түр хугацааны агуулахад хадгалдаг. Тэгээд гаалийн татвараа урьдчилж төлдөг. Гаалийн татвараа төлөх хүртэл агуулахаас шатахуунаа авч чаддаггүй. Мөн тос, тосолгооны материал оруулж ирхэд гааль дээр жишиг үнэ тогтоож татвар ногдуулдаг. Гэтэл компани бүр өөр өөр үнээр импортолж байгаа юм. Иймэрхүү хүндрэл олон бий. Энэ бүгдийг МҮХАҮТ болон төр захиргааны байгууллагад санал, хүсэлт тавьж шийдвэрлэх болсон. Тухайлбал, импортолж буй нефтийн бүтээгдэхүүний баримтад бичсэн дүнгээр гаалийн татвар ногдуулдаг байсан. Үүнийг болиулж, оруулж ирсэн бүтээгдэхүүний хэмжээгээр татвар ногдуулах болсон. МНХҮА,  МҮХАҮТ-тай хамтарч ажилласнаар газрын тосны бүтээгдэхүүн импортлоход гардаг хүндрэлүүдийг багасгах, дүрэм журмыг шинэчлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ.

-Импортын татварыг буулгаж, авч буй шатахууны хэмжээгээр тогтоодог болсон юм байна. Тэгвэл нэг тонн шатахуунаас хэдий хэмжээний хорогдол гардаг вэ?

-Шатахууны төрлөөсөө шалтгаалаад тээвэрлэлт, хадгалалтын хугацаанд харилцан адилгүй хорогдол гардаг. Импортлогч компаниуд энэ талаар тодорхой мэдээлэл өгч чадна.

-Манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж олон жил ярьсан. Энэ талаар импортлогч компаниуд ямар ажил хийж байна вэ?

-Энэ асуудлаар манай ассоциац ямар нэг зүйл хийгээгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар л энэ төсөл дээр ажиллаж байгаа байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан