Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг: Хуулиа өнөөдөр батлаад, маргааш өөрчилдөг улсад хэн ч хөрөнгө оруулахгүй


-Эдийн засгийн хямралыг даван туулах үүднээс бизнес эрхлэгчид ямар оролдлого хийж байгаа вэ. Мөн Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?


-Бизнес эрхлэгчдийн санхүү их хүнд байна. Компаниудын дийлэнх нь зээлтэй. Үүнийгээ эргэн төлөхөд хүнд болсон. Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа. Учир нь, иргэдийн худалдан авах чадвар хямралын нөлөөгөөр муудсан. Гэтэл агуулахууд нь бараа бүтээгдэхүүнээр дүүрлээ. Ингээд манай танхим гадаадад болж байгаа үзэсгэлэн яармагт оролцож бараа бүтээгдхүүнээ  борлуулахад нь тусалж байна. Жишээлбэл, Өвөрмонголд Монгол, Хятадын хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үүнд манай улсаас 260 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ таван өдөр борлуулсан. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцсон манай компаниуд нийт долоон сая гаруй юанийн борлуулалт хийсэн юм. Энэ бол бидний хямралаас гарах гэсэн нэг оролдлого.
Гэвч бид ийм үзэсгэлэн худалдаа байнга гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Хамгийн гол нь төр засаг татвар төлж, эдийн засгаа үүрч яваа бизнес эрхлэгчдээ хямрал тохиосон өнөө үед дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, татвар төлөх хугацааг нь сунгах, хяналт шалгалтын дарамтыг багасгах шаардлага бий. Мөн гаргаж буй шийдвэр нь бизнесүүдийг дэмжсэн, тогтвортой байхыг л бизнес эрхлэгчид төр засгаас хүсч байгаа. Үүнээс гадна МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүд Ерөнхий сайдтай саяхан уулзсан. Тэгэхдээ учирч буй бэрхшээлүүдээ нэлээд ярилаа. Бас бодлого шийдвэртээ бизнес эрхлэгчдийн хүсэлт, эрдэмтэн мэргэдийн судалгааг тусгахыг хүссэн.

-Тухайн үед Ерөнхий сайд татвар нэмэх бодлогоос ухрахгүй гэж байр сууриа илэрхийлсэн шүү дээ?

-Нэмэх гээд байгаа найман төрлийн татварын талаар зөвшилцөлд хүрээгүй талаар бизнес эрхлэгчид нэлээд ярьж байна. Гэхдээ эдийн засгийг үүрч яваа бизнес эрхлэгчдэд нааштай шийдэж өгөх байх гэж найдаж байгаа. Үүнээс гадна Монголбанк мөнгөний бодлогоо чангалж бодлогын хүүгээ 15 хувьд хүргэсэн. Улмаар арилжааны банкны зээлийн хүү өссөн. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүнд туслаа.Тэгэхээр нөхцөл байдлыг эергээр үнэлэх байх. Төр засагт бизнес эрхэлж бэрхшээлийг нь амсч байсан хүмүүс байгаа тул зөв шийдэл гаргана гэдэгт итгээд хүлээж байна.

-Бизнес эрхлэгчдийн чанаргүй зээлийн хэмжээ нэлээд өссөн. Компаниуд олноороо дампуурал зарлаад байгаа гэсэн мэдээлэл бий. Үйл ажиллагаа нь хумигдаж, үнэхээр дампуурлаа зарлаад байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа юм уу?

-Компаниуд олноороо дампуурч байгаа гэдэг нь худлаа. Зөв мэдээлэл өгөх ёстой. Ийм буруу мэдээлэл манай хямралтай эдийн засагт бүр аюултай. Компаниуд олноороо дампуурч байгаа газар хөрөнгө оруулах хүн олдохгүй. Харин зээлээ төлж чадахгүй байдалд орсон компаниуд цөөнгүй бий. Компаниудын чанаргүй зээл хэдий хэмжээнд хүрснийг Банкны холбоо сайн мэднэ. Манай арилжааны банкуудын олгож буй зээл нь өндөр хүүтэй, эргэн төлөх хугацаа богино байдаг учраас хөрөнгө оруулалтад бус эргэлтийн хөрөнгөд л ашигладаг. Гэтэл бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй эргэлт саарсан тул чанаргүй зээл өсөхөөс өөр аргагүй. Монголбанк, компаниуд төдийгүй хувь хүний авсан зээлийг мэдээллийн системд оруулдаг. Тэгэхээр урд нь хямралын үед зээлээ хугацаанд төлж чадалгүй “хар дансанд” орсон компани цөөнгүй. Харин үйл ажиллагаа нь жигдэрч, бизнес сэргээд дахиад зээл авах гэхэд хүндрэл учирдаг. Банк чи “хар дансанд” орсон тул зээл олгоход эргэлзээтэй гэдэг. Энэ асуудлыг бид Монголбанкны удирдлагуудад хэд хэдэн удаа тавьсан.Гэвч Монголбанкнаас “Зээл авагчийг хариуцлагтай болгох арга хэмжээ” гэсэн хариу өгөөд “хар дансыг” цэвэрлээгүй. Бизнес эрхлэгчид өнөөг хүртэл үүнийг ярьсаар байдаг.

-Гадаадад болсон үзэсгэлэн худалдаанд ямар төрлийн бүтээгдэхүүнүүд борлуулсан бэ. Ер нь, манай улс ямар бүтээгдэхүүн экспортлох боломж байна вэ?

-Манай экспортын орлогоуул уурхайгаас гадна ноос, ноолуур гээд уламжлалт хэдхэн төрлийн бараа бүтээгдэхүүнээс бүрддэг. Харин сүүлийн жилүүдэд газар тариалан болон малын гаралтай түүхий эдээ өөрсдөө олон улсын стандартын дагуу боловсруулбал экспортын төрөл зүйл, хэмжээ нэмэгдэх бололцоо бий. Эрэлт хэрэгцээ ч дэлхийн зах зээлд их. Органик бараа дэлхийд  хамгийн өндөр үнэ хүрдэг. Үүнийг бид өдөр болгон хэрэглэж байгаа нь азтай. Тэгэхээр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ зөв бодлогоор дэмжээд өгвөл гадаадын хөрөнгө оруулалт татаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Хоёр том зах зээл байна. Мөн Европын холбооны 27 оронд Монгол Улсын  7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортын татвараас чөлөөлсөн. Гэтэл бид энэ жагсаалтаас хэдийг нь үйлдвэрлэж чадаж байна вэ гэдэг асуудал бий. Тэр ч бүү хэл зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэх нь байтугай мэдэхгүй юм. Хамгийн гол нь хөрөнгө оруулах нөхцлийг таатай болгох, дэлхий дахинд үнэн зөв мэдээлэл өгөх нь өнөөдөр чухал болоод байна. Засгийн газар нь, бизнес эрхлэгч бүр нь янз янзын зүйл яриад тогтворгүй байвал хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Өнөөдөр батлагдаад маргааш өөрчлөгддөг хууль тогтоомжтой улсад хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй юм. Хамгийн гол нь мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээ боловсруулах хөрөнгө оруулалт татаж чадвал эдийн засаг сэргэх, хямрал нүүрлэх аюулгүй болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан