Б.БАДРАЛ
Гадаадын жуулчид их бага гэлтгүй ямар ч улсын эдийн засгийг тэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Дэлхийн хэмжээнд 2015 оны байдлаар 1,4 тэрбум хүн хилийн дээс алхан гадаадад аялж, жуулчилжээ. Энэ бол 2014 оныхоос 4,4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дэлхий дээр ганцхан жилийн дотор хэзээ ч ийм олон хүн гадаад улс орноор жуулчилж байгаагүй дээд амжилт юм. Энэ тоо өнөө жил ч нэмэгдэх боломжтой байлаа. Гэвч дэлхий даяар алан хядах халдлага гарах, гадаадын иргэдэд найрсаг бус хандах үзэгдэл өссөн гэх мэдээлэл чөдөрлөж байна гэж Дэлхийн жуулчлалын байгууллага “UNWTO” мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор “UNWTO”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи нь “Аюулгүй байдлыг хангах тал дээр бүгд хамтран ажилласан нөхцөлд л аялал жуулчлал хөгжих боломжтой гэдгийг бид санаж байх ёстой. Одоогийн нөхцөл байдал заримдаа хяналтаас бүрэн гардаг нь олон улсад нөхөж баршгүй үр дагавар дагуулж болзошгүй. Бид улс орнуудын аялал жуулчлалын яамдыг энэ талаарх бүх эрсдлийг багасгахын тулд жуулчдын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг аялал, жуулчлалынхаа хөтөлбөрт оруулахыг уриалж байна” гэжээ.
Энд жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүйн улмаас “зарим улсын хувьд нөхөж баршгүй үр дагавар дагуулж болзошгүй байна” гэж онцолсныг онцгойлон харах ёстой. Египетээр жишээ татаж болно. Энэ улс нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлсний хүчинд 2020 он гэхэд жилдээ 20 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авч, тэднээс 20 тэрбум гаруй ам.доллар олох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Гэвч “Арабын хавар” хувьсгалын дараа тус улсад алан хядагчдын халдлага удаа дараа гарсан нь тус улсын эрх баригчид гадаадын жуулчдын аюулгүй байдлыг зохих түвшинд хамгаалж чадахгүй болсон гэх яриа дэлхий даяар тарахад хүргэсэн. Үр дүнд нь 2016 оны байдлаар 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр болоод байна. Өөрөөр хэлбэл, гадаадын жуулчид Египетэд үрнэ гэж тооцоолоод байсан 10 тэрбумаа авч чадсангүй.
Дараагийн жишээ нь Турк. Эрх баригчдынх нь зүгээс Оросыг үл тоосон мэдэгдэл удаа дараалан хийж, дээр нь Оросын онгоцыг сөнөөсний дараа энэ улсыг чиглэсэн орос жуулчдын тоо огцом унасан. Хамгийн үрэлгэн гэгддэг орос жуулчид цөөрөхөөр Туркийн эдийн засаг 8 тэрбум ам.доллар халаасалж чадсангүй.
Энэтхэгт хоёр жилийн өмнө гадаадын эмэгтэй жуулчдыг хүчирхийлсэн олон хэрэг гарсны дараа тус улсыг зорих жуулчдын тоо огцом унаж, мөн л тэрбумаар ам.долларын хохирол амсч байв.
Харин гадаадын жуулчдын аюулгүй байдлыг зохих түвшинд хангаж чадсан улс асар их ашиг олдог. Жишээлэхэд, АНУ гэхэд л гадаадын жуулчдаас жил бүр 220 тэрбум ам.доллар олдог. Гадаадын жуулчид Францад 66,8 тэрбум, Испанид 65,1 тэрбум, БНХАУ–д 56,9 тэрбум ам.долларыг тус тус үлдээгээд харьдаг гэхээр гадаадын жуулчдыг татах ямар ашигтай нь төсөөлөгдөх байх. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ 680 ам.доллар байдаг дэлхийн хамгийн дорой улсын нэг Танзани гэхэд жилдээ гадаадын жуулчдаас 2 тэрбум ам.долларын ашиг олж чаддаг байх юм.
Гэтэл арвин баялаг түүхтэй, цэвэр онгон байгальтай манай улс гадаадын жуулчдаас жилдээ 253.8 сая ам.доллар “салгаж” байгаа нь үнэхээр хангалтгүй. 253.8 сая ам.доллар нь ДНБ-ий 5,29 хувь бөгөөд энэ үзүүлэлтийг 2020 он гэхэд 14 хувь болгох, хүлээн авч байгаа жуулчдын тоог 2 сая хүргэх том зорилт манай улс тавиад байгаа.
Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ өсөхгүй улам ч буурна, гадаадын хөрөнгө оруулалт бараг үгүй болно, эдийн засаг нь өсөх нь бүү хасах үзүүлэлттэй гарна гэж хямраад байгаа манай улсын хувьд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх нь амин чухал зүйл болж хувираад байгаа. Иймд хэдий эдийн засгийн хувьд хүнд байгаа ч улс орноо үзэж харах зүйлээр арвин, тухтай бөгөөд аюулгүй аялах бүх нөхцөл хангагдсан, экологийн хувьд цэвэр, иргэд нь гадаадын жуулчдад хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг гэдгийг гадаадын иргэдийн дунд сурталчилгаа хийж байгаа.
Жишээ нь, 2015 онд олон улсын аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ гэгддэг “ITB Berlin”-д түнш орноор оролцон улс орноо сурталчилсан. Энэ үзэсгэлэнд Дэлхийн 190 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган хүн ирж сонирхсон нь манай улсыг зорьдог гадаадын жуулчдын тоог өсгөхөд жинтэй хувь нэмэр оруулсан нь ойлгомжтой.
Сая Улаанбаатарт амжилттай болсон АСЕМ-ийн чуулга уулзалт ч гадаадын жуулчдыг татахад багагүй хувь нэмэр оруулсан. Тус чуулга уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчдөөс цөөнгүй нь Монгол гэдэг улс байдаг юм байна, зочид буудлаас эхлээд зам, харилцаа холбоо, интернэт, машин тээвэр, орчуулагчид гээд гадаадын жуулчид тухтай амрахад шаардлагатай бүх нөхцөл боломжтой юм байна, танай улсаар дахин ирнэ гэж хэлж ярьж байлаа. Ер нь бол манай улс гадаадын жуулчдаас жилдээ 2 тэрбум доллар “зулгааж” чадаж байгаа Танзаниас дутаад байх зүйл нэг ч баймааргүй юм.
Гэтэл Монголд амрахаар ирсэн Английн тамирчин, жуулчныг шунахайн сэдлээр алж, эд зүйлийг нь хулгайлсан явдал хямралаас гарахад бага ч болов дэм болъё гэсэн хүмүүсийн чармайлт зүтгэл рүү нулимсан хэрэг боллоо. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Энэ хэрэг Монгол гэсэн нэрийг сэвтүүлээд дээр нь ясыг нь хугалчихлаа. Таагүй мэдээний улмаас Монголыг зорихоор товлоод байсан хэдэн жуулчин бодлоо өөрчилснийг, манай аялал жуулчлалын компаниуд хэдэн төгрөгийн алдагдал хүлээснийг тааж хэлэх хэцүү. Хэдхэн өдрийн өмнө гүүглээс “Монгол” гэхээр Риод дуулиан тарьсан хоёр дасгалжуулагчийг хамгийн түрүүнд олж хардаг байсан бол өнөөдөр Английн жуулчны амийг бүрэлгэсэн хэргийн тухай мэдээлэл болоод хувирчихлаа.
Гадаадын жуулчдын эсрэг элдэв гэмт хэрэг хийдэг улс нь цор ганц Монгол биш. Гадаадын жуулчдын тоо өсөхийг дагаад ийм төрлийн хэрэг нэмэгдэх нь гарцаагүй. Иймд жуулчдын аюулгүй байдлыг хангахад илүү анхаарал тавих шаардлагатай байгааг энэ гэмт хэрэг харуулав. Ямартай ч Монголын цагдаа нар бараг хоёр долоо хоног уйгагүй ажиллаж байж энэ хэргийг илрүүлсэн нь сайн зүйл. Аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудад энэ мэт хэрэг гарахад юуны өмнө гадаадын бусад жуулчдад юу ч заналхийлээгүй, хэрэгтнүүдийг хатуу шийтгэнэ, цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг хангахаар тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг харуулахыг чухалчилдаг нь ажиглагддаг. Хэдэн жилийн өмнө Тайландад амарч байсан хоёр орос эмэгтэйг хэрцгийгээр алсан хэргийн дараа тайланд цагдаа нар бараг л цаг тутам Оросын ТВ, сонин хэвлэлийн сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал хийж, мөрдөн байцаалтын явцыг оросуудад танилцуулж байв. Ингэснээр орос жуулчдын аюулгүй байдлын төлөө Тайландын цагдаа шаардлагатай болгоныг хийж чаддаг, аюулгүй байдлыг нь үргэлж хамгаалж байгаа гэсэн ойлголт тэдэнд төрүүлж чадсан. Үр дүнд нь Тайландыг чиглэсэн орос жуулчдын тоо энэ хэргийн нөлөөгөөр цөөрөөгүй.
Мөн аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд нь гадаадын жуулчдын тоо өсөн нэмэгдэхийг дагаад тэднийг хоёр хөлтэй мөнгөний хэтэвч төдий биш гэдгийг нутгийн иргэдэд тайлбарлах, ухуулахад онцгой анхаардаг аж. Гадаадын жуулчид гэхээр олдсон дээр нь хоослох ёстой түрийвч гэх ойлголттой хүмүүс цөөнгүй. Английн жуулчны амь насыг бүрэлгэсэн хэрэг ч энэ үзлээс үүдэлтэй. Гадны хүн харахаар л бараа, үйлчилгээнийхээ үнийг 3-4 дахин нугалах, алхам тутамд нь их мөнгө нэхэн мэхлэхийг оролдох нь хамгийн тэнэг үйлдэл гэдгийг нутгийн иргэд хэдий чинээ хурдан ойлгоно тэр хэрээр энэ салбар хурдан хөгждөг. Сайхан зүйл төсөөлж ирчихээд хамаг мөнгөө зулгаалгасан хүн дахиж ирэхгүй төдийгүй найз нөхөддөө тэр улсад очихыг зөвлөхгүй нь мэдээж. Харин найрсаг харилцаж, шударга бөгөөд боломжийн үнэтэй бараа, үйлчилгээг санал болгоод байвал гадаадын жуулчид дахин айлчилдаг, найз нөхөддөө тэр улсыг магтан ярьж үнэгүй сурталчилгаа хийдэг гэдгийг аялал жуучлал өндөр хөгжсөн орны алс бөглүү нутгийн хүмүүс ч хэдийнэ ойлгож авсан. Иймд нутгийн иргэд нь өөрсдөө гадаадын жуулчдыг аюулгүй тухтай амрахад цагдаагаас дутахааргүй анхаарал тавьдаг болдог. Үр дүнд нь гадны жуулчдад ёс бус авир гаргасан хүмүүсийг цагдаа дуудан барьж өгөх нь хэвийн зүйл болж хувирсан.
Дараагийн нэг анхаарууштай зүйл нь түүх соёл, эсвэл тухайн үеийн гадаад улс төрийн нөхцөл байдалтай холбоотой яс үндэс, шашин шүтлэгийн талаарх таагүй ухуулга, төөрөгдөл, зөрчлийн асуудал байдаг. Жишээлбэл, манайхан нэгнийгээ доромжлох болохоор яагаад ч юм “хятадын эрлийз” гэх мэтээр хэлэх нь бараг хэвийн үзэгдэл. Гадаадад аялахдаа хамгийн их мөнгө үрдэг хятад жуулчдыг татахад энэ байдал сайнаар нөлөөлөхгүй л байх. Судалгаанаас үзвэл хятадын жуулчид гадаадаар аялахдаа жилд 164,9 тэрбум ам.доллар үрдэг. Үүнээс ядаж 0,9 тэрбумыг нь аваад байх хэмжээнд хүрчихвэл таатай л баймаар. Үрэлгэн байдлаараа америк жуулчид хоёрдугаарт ордог. Тэд хилийн бусад улсаар жуулчлахдаа 145,7 тэрбум ам.доллар үрдэг бол германчууд 106,6 тэрбумыг, англичууд 79,9 тэрбумыг, францчууд 59,4 тэрбумыг үрдэг.
Манайд ирж байгаа жуулчдын дийлэнх нь хөдөө орон нутгийг зорьдог тул ядаж зөвхөн англи хэл хэрэгтэй гэж туйлшралгүйгээр хөдөө орон нутагтаа герман, франц, хятад хэлтэй хүмүүс бэлдэхэд анхаарвал эдгээр улсаас ирсэн жуулчдын аюулгүй байдлыг хангахад ч сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.