АНУ-ын Ерөнхийлөгч Обама намаас нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтоныг дэмжих арга хэмжээнд оролцон үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ба Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссейн хоёрын рейтингийг харьцуулан адилтгав.
Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп “Russia Today” сувагт ярилцлага өгөхдөө Обамаг 92 хувийн рейтингтэй байгаа Путины дэргэд сул удирдагч гэж хэлсний хариуд ийм харьцуулалт хийсэн байна. Обама “Түүний дэмжлэг 92 хувь байна гэж тэр хэлж байна. Саддам Хуссейн ч 90 хувийн дэмжлэгтэй байсан юм шүү. Бүгд найрамдах нам дотор нэг л буруу зүйл болоод байна. Жижиг улсууд руу түрэмгийлэн дайрдаг, өрсөлдөгчдөө шоронд суулгадаг, хэвлэлийг хянадаг, эдийн засгаа урт хугацааны уналтад оруулж байгаа болохоор тэр хүнийг хүчтэй удирдагч гэж энэ намын нэр дэвшигч мэдэгдэж байна” гэж харуусчээ.
Энэ мэдэгдлийг зарим хүн АНУ нь 2003 онд Иракийг цэргийн хүчээр эзлэн авахдаа ард иргэдийнхээ 90 хувийн дэмжлэгийг хүлээсэн Саддамыг ч олзлон дүүжилсэн гэдгийг Путинд анхааруулсан хэрэг гэж үзсэн байна. Иракийн эсрэг дайн эхлүүлэхдээ Саддамыг үй олноор хөнөөх чадвартай цөмийн ба химийн зэвсэг их хэмжээгээр үйлдвэрлэн дэлхий дахиныг аюулд учруулж байна гэсэн шалтаг зааж байсан. Харин Путины эсрэг арга хэмжээ авахаар бол ямар шалтаг дурдахаа нуулгүйгээр “Жижиг улсууд руу түрэмгийлэн дайрдаг, өрсөлдөгчдөө шоронд суулгадаг, хэвлэлийг хянадаг, эдийн засгаа урт хугацааны уналтад оруулж байгаа” гэжээ.
Обамагийн энэ мэдэгдлийн дараа Дональд Трамп ээлжит дуулиант мэдэгдлүүдээ хийв. Трамп нь Барак Обама, Хиллари Клинтон хоёрыг Америкаас бусад улсыг илүү амжилттай байлгах хүсэлтэй байна гэж шүүмжиллээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол нэн тэргүүнд авах арга хэмжээнийхээ тухай ““Apple” ба бусад том компаниуд нь “iPhone”, компьютер болон бусад бүтээгдэхүүнийг Хятадад бус, дэлхийн бусад улс орнуудад бус харин Америктаа үйлдвэрлэдэг болно. Зам харгуйгаар Америкт үйлдвэрлэгдсэн машинууд сүлжилдэж, Америкийн нисэх онгоцууд тэнгэрийг дүүргэж, Америкийн усан онгоцууд тэнгис далайд эргүүл хийдэг болно” гэсэн тайлбар хийжээ.