Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛИРАВ

А.АКЭРКЭ

Монголын жүдо бөхийн холбоо өчигдөр VI их хурлаа хийж өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаа оноогоо хэлэлцэв. Монголчуудынхаа итгэлийг алдалгүй тив, дэлхийд зохион байгуулагдсан бүхий л тэмцээнээс медаль хүртэж ард түмнээ баярлуулж байдаг шигшээ багийн хамт олон, багш дасгалжуулагч, удирдлагуудад ярих сэдэв мундахгүй их байсан ч энэ удаад “Рио-2016” олимпод гаргасан амжилт, алдаа оноо, дутагдлаа түлхүү ярьсан.

Энэ удаагийн олимпын наадмаас дөрвөн медаль авна гэж тооцоолж байсан тэд энэхүү амжилтдаа хүрч чадаагүй. Үүнийг тамирчдын сонголт буруу байсантай холбон тайлбарлах нь олон байлаа.
Мөн “Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбоог анх удирдсанаас хойш дэлхийн болон олимпын аваргатай болсон. Гаргасан амжилтаараа бид дэлхийд эхний дөрөв, тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Ийм болтол нь хөгжүүлж чадсан холбооны ерөнхийлөгчийгөө улиран ажиллахыг хүсч байна” гэдгийг санаа бодлоо хуваалцсан багш, дасгалжуулагч бүр хэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Үнэндээ Монголын жүдог дэлхийн хэмжээнд гаргаж ирсэн Х.Баттулга ерөнхийлөгчийн ачаар монголчууд бид олимпын мөнгөн медаль голох дээрээ ирсэн гэдгийг мартах учиргүй. Ингээд их хурлаар санаа бодлоо хуваалцсан зарим хүний яриаг тоймлон хүргэе.


Ш.Бат-Орших: Мэдээж тамирчдын сонголтыг нь би үнэлнэ, хүндэтгэнэ. Гэхдээ...

/“Хангарьд” клубийн дасгалжуулагч/

-Шигшээ багт орсон тамирчидтайгаа клубийн багш нар нь хамтарч ажиллах боломж, бололцоо тасарсан гэхэд болно. Үндсэн багш, шигшээ багийн тамирчин хоёрын харилцаа муу байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Уг нь, үндсэн багш тамирчинтайгаа тулж ажиллаж, хамтарсан бэлтгэлд нь орсон бол амжилт нь өөр байх байсан ч юм билүү. Мөн олимпод оролцох тамирчдаа сонгохдоо жин хасч буй асуудалд анхаарал хандуулахгүй бол эргээд сэргэлт нь муу байна. Мэдээж та нарын сонголтыг үнэлнэ, хүндэтгэнэ. Гэхдээ нэг жинд олимпод оролцох эрх авсан гурав, дөрвөн тамирчныг олимпод хэрхэн оролцуулах вэ гэдэг сонголтод цаашид их сайн анхаараарай.
Хамгийн гол нь тэр жинд хэн нь илүү ретингтэй байна вэ, өндөр нь хэн юм бэ, ямар туршлагатай болохыг нь сайн судлах нь зүйтэй. Мөн өсвөрийн тамирчдыг сайн бэлтгэж байгаа хэрнээ залуучуудын насанд нь хаяад байна. Үүнд анхаараарай.


Х.Цагаанбаатар: Сайн дурын уран сайханч шиг л ажиллаж байна

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/

-“Рио-2016” олимпоос мөнгөн медаль хүртсэн нь бахдам сайхан амжилт. Гэхдээ олон тамирчин медаль авах бүрэн боломжтой байсан. Боломжийг ашиглаж чадалгүй ялагдсан ялагдал олон бий. Миний хувьд 2012-2015 оны хооронд шигшээ багийн тамирчнаар бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Харин 2015 оны есдүгээр сарын 24-ний өдөр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Бөхбат, Балжинням багш хоёр маань надад шигшээ багийн дасгалжуулагч болох санал тавьсан. Тухайн үед тоглоомын буюу тамирчин багш болохгүй. Нэг бол тамирчнаараа үлдэе эсвэл багш дасгалжуулагч болъё гэсэн. Тэгээд тамирчны замналаа дуусгасан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шигшээ багийн дасгалжуулагч болоогүй байна. Тамирчныхаа цалингаар өнөөдрийг хүрсэн. Сайн дурын уран сайхан ч шиг л явлаа.  Гэсэн хэдий ч тамирч­дадаа заавар, зөвлөгөө өгсөөр явна. Харин багш, дасгалжуулагчдад хандаж хэлэхэд тамирчдаа миний, чиний гэж ялгалгүй бэлтгэл сургуулилтыг нь хийлгэх хэрэгтэй байна. Мөн тамирчид, багш дасгалжуулагчдад хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй юм болов уу. Хаана, хаанаа хариуцлага тооцож байж цаашид хөгжинө. Тэмцээнд яваад жиндээ хасагдсан тамирчныг дараагийн тэмцээнд яах ёстой юм бэ гэдгийг шийддэг байх хэрэгтэй.


Д.Дорлигжав: Сонголт дээр олон зүйл ярих шаардлага байхгүй

/Тэргүүн дэд ерөнхийлөгч/

-Нэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Яах гэж ахлах дасгалжуулагч, удирдлага байдаг юм бэ. Бүрэн эрхийнхээ хүрээнд тамирчдаа сонгодог. Сонголтоо хийнэ, бодлогоо гаргана, амжилт гаргасан уу, үгүй гэдэг дээр л ажил ярьдаг байх ёстой. Тэгэхээр сонголт дээр олон зүйл ярих шаардлага байхгүй. Алдсан бол алдсан. Гэхдээ тэр гаргасан алдаа нь зөвшөөрч болох хэмжээнийх үү, үгүй юу гэдгийг хардаг байх хэрэгтэй байна. Тиймээс нэгийгээ сонгочихоод гоочлох гээд байх хэрэг байхгүй л болов уу. Тамирчдын сахилгын асуудлыг би өнгөцхөн харсан. Сүүлийн үед багш, тамирчдын харилцааны асуудал гараад байгаа. Багш чи ийм бэлтгэл хийх ёстой гэвэл тухайн тамирчин хийдэг л байх ёстой. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрдөггүй тамирчин байх юм бол алт шиг байсан ч шигшээ багаас явдаг байх хэрэгтэй шүү. Ийм байж л багшийн хариуцлага, тамирчны сахилга гэх зүйл үүсч амжилт гардаг юм. Бидэнд амжилт гаргах боломж, бололцоо бүрэн бий.


Ч.Насантогтох: Сахилга батгүй байвал амжилт гардаггүй юм

/Үндэсний шигшээ багийн албаны дарга/

-2013-2016 он хүртэл улсын төсөв, холбооны зардал гээд нийтдээ 7-8 тэрбум төгрөг зарсан байна. Энэ бол их мөнгө. Энэ их мөнгөний цаана ямар зорилго байсан бэ гэхээр 2016 оны олимпоос алтан медаль авах байсан. Гэвч зорилгоо биелүүлж чадаагүй. 13 хүн оролцсон боловч нэг л хүн медаль авлаа. Бусад нь үүргээ биелүүлсэнгүй. Нэгдүгээрт тамирчны сонголт маш буруу байлаа. Цогтбаатарыг сэргэлэн, цовоо гоё барилдаантай хүүхэд гэдгийг нь мэднэ. Гэвч хувийн хариуцлага байсангүй. Түүнчлэн сайн багш нараа гадагшаа их алдаж байна. Мөн тамирчдынхаа анхны багш нарт шагнал урамшуулал бодох цаг иржээ. Харин миний харамсч буй нэг зүйл бол багш нар их эв нэгдэлгүй болж. Та нарын өмнөөс би ичиж байна. Сахилга батгүй, дэггүй байвал амжилт гардаггүй юм. Арваннэгдүгээр сард дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт болно. Мөн шигшээ багийг дахин байгуулна. Тиймээс дараагийн шигшээ багт хөдөлмөрч, тамирчдынхаа дунд нэр хүндтэй, ажилсаг хичээнгүй хүмүүсийг багтаагаарай. Шавь нар минь 2020 он хүртэл хэтийн төлөвлөгөөгөө одооноос боловсруул. Бүгд хамтдаа ул, суурьтай нь шийдэцгээе.


Ц.Шийрэв: Ц.Цогтбаатарт медаль авах бүрэн
боломж байсан


/”Аврагч” спорт хорооны дасгалжуулагч/

-60 кг-ын жин бол Монголын үе үеийн тамирчид олимп, дэлхийн аваргаас медаль авдаг жин. Цогтбаатарын хувьд сүүлийн хоёр жилд үнэхээр бахархууштай амжилт гаргасан. Өсвөрийн дэлхийн аваргын анхны хүрэл, Залуучуудын дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртсэн. Бусад тэмцээнд ч амжилт гаргасан. Түүнийг зүгээр нэг сонгочихоогүй байх. Судалгаан дээр үндэслэж, өөрийнх нь авьяас чадварыг үнэлсэн болов уу. Медаль авах бүрэн бололцоо байсан.


Д.Бадрах: Тамирчдаасаа гадна давхар шүүгчдээ бэлтгэмээр байна

/Олон улсын шүүгч, ОУ-ын мастер/

-Тамирчдын сэтгэл зүйн тал дээр анхаарах хэрэгтэй байна. Үүгээрээ бид олон улсад хоцорч байж мэднэ. Сэтгэл зүйн бэлтгэл дутагдаж байгаа болохоор барилдааны төгсгөл байхгүй болчихоод байна. Тэрнээс биш бие бялдраараа бүх жиндээ хүрч, эрх авч чадаж байна. Цаашид үүнд анхаарч ажиллаарай. Мөн манай шүүгчид их чадвартай. Олон улсын шүүгч олонтой болсон. Тэгэхээр тамирчид бэлтгэхээсээ гадна давхар шүүгчдээ бэлтгэмээр байна. Тэдний дотор амьсгалаа хураатал жүдо бөхийн төлөө явна гэсэн тангарагтай хүн олон бий. Тиймээс Азийн аварга ч юм уу олон улсын хэмжээний тэмцээнд зардлыг нь даагаад явуулмаар байна. Олимпод манайхаас хоёр, гурван шүүгч оролцоод шүүх юм бол тамирчдын амжилтад ч нөлөөлнө.

Х.Баттулга: Тамирчдын сэтгэл зүйд лам нар л тус болдог

-Өнөөдөр ахмадаасаа авахуулаад залуучууд нь хүртэл эв нэгдэлтэй ажиллаж байгаа холбоо ховор. Рио-2016 олимпоос манай жүдочид гурван медаль авсан гэж хувьдаа боддог. Отгонцэцэг маань манай хоёр номер учир бодлогынхоо хүрээнд хохироохгүй гэсэндээ Казахстан улс руу дасгалжуулагчтай нь явуулсан. Өнгөрсөн олимпоос хүрэл медаль авсанд нь баяр хүргэе. Харин Сумъяаг алтан медаль авсан гэж хувьдаа дүгнэдэг шүү. Мөн Дорж багшийн шавь Ууганхүү паралимпоос хүрэл медаль авлаа.
Үнэндээ манай тамирчдад сэтгэлзүйн бэлтгэл байхгүй байгаа нь үнэн. Энэ талын мэргэжилтэн ч манай улсад байхгүй. Өнөөдөр олимпод оролцдог тамирчдын сэтгэл зүйг хэн бэлтгэдэг вэ, хэн тус болдог вэ гэвэл лам нар. Бид лам нараараа ном уншуулаад л явж байна. Сэтгэл зүй гэдэг дээр анхаарах ёстой. Гэхдээ зөвхөн холбоод биш Монгол Улс өөрөө спортод амжилт гаргая гэж л байгаа юм бол шинжлэх ухааны судалгаагаа хийх хэрэгтэй байна. Мөн тамирчдад тулгардаг хамгийн том зовлон бол гэмтэл, бэртэл. Бидний дунд гар, хөлөө хугалаагүй, гэмтээгүй хүн бараг байхгүй. Хуучин давстай хар цайгаар шавшдаг байсан. Тэр одоо ч хэвээрээ. Гэтэл жүдо бөхийн бэртэл гээд тусдаа шинжлэх ухаан гараад ирчихсэн. Эгэмний, өвдөгний, тохойны гээд тусдаа боолтууд гарч ирсэн. Гэсэн хэдий ч манай тамирчид өндөр төвшинд бэлтгэгдэж байгаа бөхчүүдтэй барилдаж л байна. Сонголттой холбоотой шүүмжлэлийг хүлээж авна. 81 кг-аас дээш жинд бэлтгэл хангагч байгаагүй. Үндэсний бөхчүүдийг урьж авчрах гэхээр ирдэггүй. Тиймээс тамирчид маань өөрөөсөө доош жинтэй бөхчүүдтэй барилдаж бэлтгэлээ хангасан.

Ийнхүү санал хүсэлт, алдсан оносон зүйлсээ ярьсан хурлын дараагийн асуудал нь Хяналтын албаны гишүүдийг тодруулах байв. Гурван хүнтэй байхаар тогтсон энэ албанд Азийн наадмын аварга, жүдо бөхийн Ази тивийн аварга, Бээжингийн олимпын тавдугаар байрын шагналт Д.Нямхүү, Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин С.Мяарагчаа нарын нэрийг дэвшүүлж, олонхийн саналаар дэмжсэн юм. Мөн энэ үеэр Удирдах зөвлөлд зарим хүнийг гишүүнээр нэмсэн. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр болон Л.Ган­болд, Н.Лхагвабаатар, Х.Цагаан­баатар, Ц.Шарав­цамц нарын нэрийг шинээр дэвшүүлсэн ч Х.Цагаан­баатар “Дасгалжуулагчийн сонгон шалгаруулал­тад орно” гэсэн шалтгаанаар нэрээ татсан юм. Ха­рин үлдсэн хүмүүсийг олонхийн саналаар дэм­­­жиж Удирдах зөвлөлийн гишүүнээр томи­лов. Мөн Одхүү өөрийн нэрээ дэвшүүлж Удир­дах зөвлөлд багтлаа. Хурлын төгсгөлд холбоо­ны ерөнхийлөгчийн сонгон шалгаруулалт бол­сон. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн гарч ирээ­гүй учир хуралд оролцогчид дуу нэгтэйгээр Х.Баттулгыг нэр дэвшүүлж, улираан сонголоо. Тэрээр ийнхүү 2020 он хүртэл Монголын жүдо бө­хийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар болов.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан