Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүрийн хэтийн төлөв


Б.БАДРАЛ


Дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал хаашаа ч эргэж магадгүй завсрын үед орлоо. Орос ба Америкийн ха­рил­цаа Украй­наас болж хүйтэн дайн дуус­санаас хойш хэзээ ч байгаагүйгээр муудлаа, 10 гаруй жилийн турш тасралтгүй өсч, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөж байсан Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орлоо, Хойд Африк, Ойрхи Дорнодод исламын хэт явцуу үзэлт алан хядах бүлэглэлүүдийн идэвх урьд хожид үзэгдээгүй өндөрт гарсан гэх мэт олон үйл явдал нь тун удахгүй Дэлхийн хэмжээнд ямар нэг асар том өөрчлөлт болох гээд байна гэсэн мэдрэмжийг хүн бүрт төрүүлж байна. Ойрын ирээдүйд ямар нэгэн нүсэр том зүйл болох гээд байгааг Дэлхийн улс төр, эдийн засгийн талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй хүмүүс ч зөн совин, инстинктийн түвшинд мэдэрч эхэлсэн. Энэхүү том зүйл нь нааштай юу эсвэл таагүй юу гэдгийг хэн ч баттай хэлж мэдэхгүй байгаад хэргийн гол нь байна.

Хаашаа ч эргэж магадгүй байгаа ойлгомжгүй, битүү түгшүүр, айдас дагуулсан ийм завсрын, ойлгомжгүй үед чиг хандлага хаашаа яваад байгааг ойлгоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газар, том банк, корпорацуудаас дутахааргүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

Жишээлэхэд, Америкийн “Project Syndicate” төслийнхөн Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэгдээд удаж байгаа БНХАУ-ын хүн ам зүйн бодлого, шинэ үеийн эрэлт хүсэлт ба эдийн засгийн өсөлтийг тун сонирхолтой өнцгөөс харан бичиж. Энэ нийтлэлээс ер нь юу болж магадгүй тухай ерөнхий ойлголтыг авч болмоор санагдсан тул уншигч танд хүргэе гэж бодлоо.

Эхлээд “Project Syndicate” төслийн дагуу гарсан нийтлэлийг яагаад хүргэх гээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй байх. Юуны өмнө бид хүссэн хүсээгүй ч өнөөдөр эдийн засаг ба улс төр гээд бүх л салбарыг Америк тэргүүтэй Өрнө дахин хянаж чиглүүлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймд тэд дургүйг нь хүргэсэн улсдаа төрийн эргэлт гаргаж эсвэл хориг арга хэмжээ аван сөхрүүлж байгаа. Цаашилбал, манай хоёр хөршийг учиргүй муулсан сонин хэвлэл, сайт мундахгүй олон байна. Үүний адилаар Америк тэргүүтэй Өрнө дахины муулсан сонин хэвлэл ч мундахгүй. Харин энэхүү “Project Syndicate” төсөл нь Дэлхийн 153 орны 468 гишүүн хэвлэлүүдээр дамжуулан дэлхийн эдийн засаг, улс төрийн харилцаа, хөгжлийн хэтийн төлвийн тухайн дүн шинжилгээ тайлбар бүхий нийтлэл явуулдаг тул илэрхий өрөөсгөл зүйл бичдэг Өрнөдийн бусад сонин, сайтаас ялгаатай гэж болохоор. Иймд “Project Syndicate”  дээр гарсан нийтлэлийг танд хүргэж байна.
 
“Project Syndicate”: Яагаад Хятадын хотууд Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болох тухай

Хятад нь 15 жилийн турш глобаль эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгаа. Гэвч өдгөө Хятад дахь хөрөнгө оруулалтын давалгаа намдсаар үгүй болох тийш чигэлсэн тул Хятадад болон дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн эрчмийг хадгалах асуудал нь Хятадын хотуудын хэрэглэгчдээс бүрэн хамаардаг болж хувирлаа. Дэлхийн хэмжээнд хотын оршин суугчид хэрэглээний 91 хувийг эзэлдэг тул Хятад нь, эдийн засгийн өсөлтөө баталгаатай хангахын тулд хэрэглээний загварыг сонгож, нийг­мийг хотжуулахад голчлон анхаарах болсон.
Хятадын эрх баригчдын баримталж байгаа энэхүү бодлогын хэтийн төлвийг “McKinsey Global Institute” / MGI/-ээс явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар маш нааштайгаар үнэлжээ. “MGI” судалгаанаас үзвэл Хятадын хотуудад амьдардаг хэрэглэгчдийн тоо ба орлогын хэмжээ цаашид тасралтгүй өснө. 2030 он хүртэлх хугацаанд Хятадын 700 хотын оршин суугчдын тооны өсөлт нь Дэлхийн хэмжээнд хот суурин газар оршин суугчдын тооны өсөлтийг 30 хувийг эзэлнэ. 2030 он гэхэд Дэлхийн хэмжээнд том хотуудад 7 их наяд хүн амьдардаг болно гэхээр 30 хувийг нь Та багцаалж байгаа байх.

Өдгөө БНХАУ дахь хөдөлмөрийн чадвартай иргэдийн тоо 521 сая байгаа. Ахиад 15 жилийн дараа энэ тоо 628 сая болно. Бээжин, Шанхай гэх мэт мега хотуудад  амьдардаг жилийн 70 мянган ам.доллар ба түүнээс дээш орлоготой хүмүүсийн тоо 1 саяыг давна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр нь авч үзвэл одоо байгаа 4800 ам.доллар нь 2030 он гэхэд 10 мянга 700 ам.долларт хүрэх юм. Ингээд зогсохгүй энэхүү бүлэгт багтдаг хүмүүс олсон 1 ам.доллар тутмаас 12 центийг дэлхийн хэмжээний хотын хэрэглээнд зориулдаг болно.

Ойрын ирээдүй гэлтгүйгээр Хятадын хотуудын оршин суугчдын бодит  орлогын хэмжээ одооноос энэхүү хэмжээнд эрчимтэй ойртоод эхэлсэн. Үр дүнд нь гэр бүлийн нэгжийн хэмжээнд хувийн хэрэглээнд зарцуулж байгаа 770 ам.доллар, гэрээс гадна хоол идэхэд зарцуулж байгаа 720 ам.доллар нь гэсэн одоогийн үзүүлэлт 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ. Мөн Хятадын хэрэглэгчид аялал жуулчлалд улам ихээр хамрагдах болсон. Хятадын Гадаад жуулчлалын судлах төв “COTRI”-оос гаргасан мэдээгээр бол 2020 он гэхэд жил болгон 100 сая хятад иргэн хилийн чанад руу жуулчилдаг болно.

Энэ олон сая хятад хэрэглэгчид хөрөнгө бололцоотой байх төдийгүй өсөн нэмэгдэж байгаа орлогоо үрэх, зарах хүсэлтэй байх нь дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн чухал.

Нэмэлт орлогоо хураах эсвэл өрөө дарахдаа ашиг­лахын оронд үрэх хандлага хамгийн ихээр давамгайлж байгаа хүмүүс Хятадын хөдөлмөрийн чадвартай иргэд  гэдгийг 2016 онд Дэлхийн 26 орны 22 мянган хэрэглэгчдийн  дунд “MGI”-ээс явуулсан Хэрэглэгч­дийн глобал чиг хандлагыг тодруулах асуулга харуулсан.
Хятадад “Хулгана барьж чаддаг муур”-ыг голчилсон өөрчлөлт явагд­саны дараа төрж, өссөн хотын хэрэглэгчид нь Өрнө дахины хүүхэд төрүүлэх моод болсон үеийнхэнтэй адилаар өмнөх үеийн үнэт зүйлс ба чиг хандлагыг үндсээр нь өөрчлөхөд бэлэн болсон. Тодруулбал, мөнгөө хуримтлуулах ба үрж зарахтай холбоотой эцэг, эхийн үеийн бодлыг өөрчилж байна. Хотын оршин суугчдын сэтгэлгээнд орсон энэхүү өөрчлөлт нь Хятадыг хэрэглээн дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд дэм болно.

Дижитал зууны бүтээгдэхүүн болсон Хятадын хөдөлмөрийн чадвартай насны хэрэглэгчид нь компаниудтай шууд харилцаж, бараа ба үйлчилгээг нь илүү боловсронгуй болгох замаар инновацийг дэмжиж байна. Хятадын хэрэглэгчдийн 55 хувь нь олон нийтийн “WeChat” сүлжээгээр дамжуулан найз нөхөд, төрөл садандаа аль нэг компанийн бараа таваар эсвэл үйлчилгээг санал болгоход бэлэн байгааг “MGI”-ээс явуулсан асуулга харуулсан. Жишээлэхэд, Хятадын ухаалаг утасны үйлдвэрлэгч “Xiaomi” нь хэрэглэгчдэд ямар төрлийн инновац илүү таалагдаж байгааг тодруулахын тулд тэдний тунд онлайн асуулга байнга явуулж байна. Үр дүнд нь энэ компани “Weibo” жиргэгчдийн сүлжээнд гэхэд л 10 сая байнгын “фанат”-тай болсон.

Ингээд зогссонгүй Өрнө дахины компаниуд Хятадын энэхүү хувилбарыг дуурайж эхэлсэн. “Volkswagen” компанийн Хятад дахь салбар нь дилерүүдийн уламжлалт сүлжээг голлон анхаарч байснаа болиод боломжит худалдан авагчидтайгаа интернэтээр дамжуулан харилцдаг болсон. “Fung Group” компани нь “IBM” ба “Pico”-той хамтраад шинэ бүтээгдэхүүн ба технологийг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байгааг онлайнаар ажиглах боломж олгосон жижиглэн худалдааны лаборатор гэгчийг Шанхайд санал болгосон.

Ийм замаар Хятадын хэрэглэгчид нь орлогын хэмжээ их багаас үл хамаараад дараа дараагийн үеийн  боловсролд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Судалгаанаас үзвэл Хятадын хүн амын 2030 он хүртэлх хэрэглээний өсөлтийн 12,5 хувийг боловсрол эзэлдэг болно. Энэ бол асар өндөр үзүүлэлт.
Хятадын хэрэглэгчид хойч үеийнхээ мэргэжлийн чадавхи, боломж чадварт хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлт ба инновацийн түрлэг тасралтгүй явагдах найдвартай суурийг байгуулж байга юм.

БНХАУ нь өсөлтийнхөө эрчмийг алдалгүй хадгалахын тулд үйлдвэрлэл давамгайлсан эдийн засгийн хэв загвараа хэрэглээний чиглэл рүү шилжүүлэн өөрчлөхөөс өөр аргагүй. Иймэрхүү үйл явц нь хэзээд амаргүй байдаг тул Хятад нь ирээдүйд олон бэрхшээл, ээдрээг даван гарах шаардлагатай болно. Давж туулах ёстой хүндрэл бэрхшээл хэдий их ч гэлээ улам бүр баяжиж, боловсролтой бөгөөд өөртөө итгэлтэй болж байгаа Хятадын хэрэглэгчид Дэлхийн хэмжээнд хэрэглэгчдийн дадал зуршлыг үндсээр нь өөрчлөх хэмжээний хүч ба тоотой байгаа. Өөрөөр хэлбэл, Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийг тэтгэн хөдөлгөж байгаа зүйл гол зүйл нь Хятадын хэрэглэгчдийн гар утас ашиглан тооцоо, гүйлгээ хийх зуршил, урьд нь очиж байгаагүй улс орон руу аялах сонирхол, шинэ туршлага хуримтлуулах замаар худалдан авах чадвараа нэмэгдүүлэхэд нээлттэй байгаа явдал юм.

Хэрэглэгчдэд чиглэсэн компани болгон “Дэлхийн эдийн засагт Хятадын хэрэглэгчид шаардлагатай байна” гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан