Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жилд 50 мянган монгол иргэн БНСУ-руу зорчихоор виз мэдүүлдэг”

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын эхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, тухайн хуультай холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг дүгнэх, сайжруулах ажлын хэсэг байгуулсан билээ.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, гишүүдээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Н.Учрал, Б.Саранчимэг нар ажиллаж байгаа юм.

Тэгвэл ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчинтой танилцаж, тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг судалж буй. Тэд уржигдар Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн орчин, суралцах нөхцөлтэй танилсан. Харин өчигдөр Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль, Баянгол дүүргийн 70 дугаар тусгай дунд сургууль болон Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

ТУСГАЙ СУРГУУЛИУДАД ТӨРИЙН ЯМАР ДЭМЖЛЭГЭ ХЭРЭГТЭЙ ВЭ

Нийслэл хотод зургаан сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан суурь боловсрол олгодог байна. Харин бид энэ удаад Баянгол, Сонгинохайрхан дүүргийн сонгсголын бэрхшээлтэй суралцагчдад суурь боловсрол олгодог 70 дугаар сургуулийн сургалтын нөхцөл байдал, тулгарч буй асуудлын талаар сурвалжиллаа.

Энэ сургууль анх 1977 онд Сайд нарын зөвлөлийн 288 дугаар тогтоолоор хөнгөвчилсөн сургалттай тусгай сургууль нэрээр байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш сургалт хүмүүжлийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд суурь боловсрол олгохоос гадна тэднийг амьдрал хөдөлмөрт бэлтгэн, засан сайжруулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж  иржээ.

Энэ хичээлийн жилд тус сургуульд хоёр дүүргийн сонсголын бэрхшээлтэй нийт 270 хүүхэд хамрагдсан ч хичээлийн жилийн явцад хүүхдүүдийн тоо нэмэгддэг гэдгийг тус сургуулийн захирал Л.Цоггэрэл хэлсэн. Мөн тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтдаг айлын хүүхдүүд байдаг тухай ярилаа.

Хэдийгээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд зуны амралтын хугацаанд урсгал засвар их, бага хэмжээгээр хийсэн ч 70 дугаар тусгай сургуулийн хичээлийн байр хангалттай хэмжээнд засварт орж чадаагүй байна. Сургуулийн удирлагуудын хэлж буй мэдээллээр бол хуучин сургуулийн барилгад интернэт кабель болон цахилгаан сантехникийн иж бүрэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа гэнэ. Харин тус сургуулийн шинэ байр ашиглалтад орсон хэдий ч агааржуулалт муугаас сайжруулах шаардлага үүсэн байна. Мөн шинэ сургуулийн байрны хоёр болон гуравдугаар давхрын шалыг плитагаар хийсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчинд  нийцэхгүй байгаа гэдгийг хэллээ.

Сургууль хэдийнэ ашиглалтад орж, хичээл эхэлсний дараа ийн гомдоллох болсон нь тухайн үед тэдний саналыг харгалзаж үзээгүйтэй холбоотой юм байна. Тэд шинэ байр баригдаж байх үед өөрсдийн энэ саналаа хэлсэн ч хүлээж авалгүй, плитан шалтай сургуулийн байрыг хүлээлгэн өгчээ.

Мөн 70 дугаар тусгай сургуульд 17 хүүхэд зорчих боломжтой ганцхан сургуулийн автобус оногддог юм байна. 300 орчим суралцагчтай сургуульд мэдээж автобусны хүрэлцээний асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм. Сургуулийн удирдлагууд энэ асуудлыг яаралтай шийдэх өгөхийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаас хүссэн бөгөөд тэрээр “УИХ-ын түвшинд асуудлыг хэлэлцэж, эргэх холбоотой ажиллана” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүнийг тус сургуулийн анги, танхимтай танилцах үеэр суралцагчид өөрсдийн сурсан дуугаа дуулж өгсөн юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах арга зүйн боловсон хүчин дутагдалтай байсан бол 70 дугаар тусгай сургуульд ч энэ асуудал тулгарчээ. Мөн суралцагчдын тоо өсч байгаагаас үүдэн багш нарын хүрэлцээ, анги дүүргэлт гэх асуудлууд үүссэн байна. Энэ сургууль 30 гаруй үндсэн, таван туслах багштайгаар боловсрол олгож байгаа ч анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн тул боловсон хүчний дутагдалд оржээ. Уг нь, сургуульд  Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд суралцах ёстой ч бусад дүүргээс тус сургуулийг зорьж ирсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хаалгаа хааж чаддаггүй байна. Ингээд өнөөдөр нэг ангид 12-14 хүүхэд хамрагдах ёстой ч 15-18 хүүхэд суралцаж байна.

Харин мэргэжлийн согог зүйч багш тус сургуульд хамгийн эрэлттэй байгаа аж. Учир нь, тархины саажилт, хөдөлгөөний бэрхшээлтэй 58 сурагчийн 16 нь тэргэнцэртэй, 30 нь аутизмтай, 19 хүүхэд нь даавууны синдромтой гэх оноштой суралцдаг байна. Энэ нь нэг ангид дээд тал нь зургаан төрлийн согогтой хүүхэд байдаг гэх статистикт хүргэдэг аж.

Мөн 2011 оноос зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсдэг болсноос хойш хавсарсан бэрхшээлтэй хүүхэд суралцах нь олширч байгаа гэнэ. Мөн аутизмтай хүүхдүүд нэг ангид суралцах боломжгүй байдаг байна. Тэд тустаа өөрийн гэсэн орон зай, сэтгэхүйтэй, аль нэг чанар нь илүү хөгжсөн байдаг нь тул хүүхэд бүрийг өөрийнх нь орон зайд сургах шаардлага байдаг аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суурь боловсрол олгодог зургаан сургуулийн хоёр нь л сэтгэл зүйчтэй юм байна. Тэдний нэг нь болох этгэл зүйч Ч.Ган-Эрдэнэ 70 дугаар сургуульд ажилладаг аж. Тэрээр “Хүүхэд бүртэй тулж ажиллаж чаддаггүй. Гэхдээ хүнд хүүхдүүдэд  сэтгэл зүйн нь сургалт явуулж, зохих хэмжээнд тэдэнтэй тулж ажиллахыг хичээдэг” гэсэн юм.

Энэ жил тус сургууль 32 хүүхэдтэй нэгдүгээр ангийн гурван бүлэгтэй болсон бөгөөд хүүхдийг насны болон өвчний түвшингээр гурав хувааж, нэгдүгээр ангид элсүүлсэн байна. А бүлэгт зургаан настай хүүхэд, Б бүлэгт  долоон настай хүүхэд, В бүлэгт  наймаас дээш настай хүүхэд хамрагддаг аж.

Тус сургуулийн долдугаар анги даасан багш, согог зүйч Н.Нарансүрэн ярихдаа “Манай ангид спорт, урлагийн авьяастай олон хүүхэд бий. Гэвч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгэмд гарахад, мөн нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авах таатай нөхцөл байхгүй тул сурагчдын эцэг эхтэй хамтарч, сурагчдаа улам сайжруулж, сайн хүн болгож нийгэмд хүлээн гаргах асуудал чухал. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийгэмд оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авах сэтгэлзүй дутмаг харагддаг. Өвчтэй ч гэсэн хүнээс төрсөн хүн шүү дээ. Харин манай сургуулийг төгссөн сурагчдын ихэнх нь мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцдаг. Мэдээж оюун ухааны хувьд  бусдаасаа арай илүү хөгжсөн хүүхдүүд цааш ахиулан суралцдаг” гэсэн юм.

Харин түүний ангид суралцдаг Д.Үнэн-Мөнх “Надад сургууль дээр байх сайхан санагддаг. Би сургууль дээрээ олон найзтай. Бас би бүжиглэх дуртай” гэдгээ хэллээ. Д.Үнэн-Мөнхийн ээж О.Дэнсмаа “Миний хүү энэ сургуульд яваад нийгэмшиж, үүрэг хариуцлагаа мэддэг, хүсэл тэмүүлэлтэй болсон” гэсэн бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчин илүү сайжрах байх гэдэгт итгэдэг гэлээ.

Н.Батсуурь
Ю.Нямгэрэл

0 Сэтгэгдэл
Garchiga haraache , yamar medee ogood bga um be
Хамгийн их уншсан