Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“V цахилгаан станц”-ын төслийг дэмжихгүй тул одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна


Б.ШИРНЭН

Монгол Улсын Засгийн газар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажлын хүрээнд
• “Дулааны III цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар
• “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус, тус нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр ирэх 15 жилийн Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг хангана гэж Засгийн газар мэдэгдсэн.  
Гэхдээ “Дулааны III цахилгаан станц”-ын хүчин чадлыг 50 МВт-аар, “IV цахилгаан станц”-ын хүчин чадлыг 100 МВт-аар тус, тус нэмэгдүүлсэн нь жилд 7-10 хувиар өсч байгаа эрчим хүчний хэрэглээнд (эрчим хүчний жилийн хэрэглээ 1 гега орчим гэгддэг) хангалттай хүрэлцэнэ гэж өмнөх Засгийн газар удаа дараа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Монгол Улс ойрын жилүүдэд хангалттай хүрэлцэх эрчим хүч үйлдвэрлэх юм бол эдийн засгийн хүндрэлийн үед дулааны станцуудад дахин өргөтгөл хийх шаардлага байгаа юу, гэдэг асуулт гарч буй. Өмнөх Засгийн газрын бодлогоор бол ийм шаардлага байхгүй. Учир нь, өргөтгөл хийсэн цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүч дулаанаар “V цахилгаан станц”-ыг баригдаж дуустал Монгол Улсын хэрэгцээг торгоож болох бодлого баримталж байсан юм. Ингээд “V цахилгаан станц” баригдвал 450 МВт-аар буюу ойролцоогоор одоогийн Улаанбаатар хотын 40 хувийн хэрэглээний дулаан, эрчим хүчтэй тэнцэх хэмжээний “бүтээгдэхүүн” үйлдвэрлэж эхлэх байсан юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот 40 хувь тэлсэн ч дулаан, цахилгаан станцын хомсдолд орохгүй гэсэн үг.

Тэгвэл Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат “V цахилгаан станц”-ын концессын гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хэлснээрээ энэ цахилгаан станцын гэрээг хөлдөөж байгаа хэрэг. Энэ тохиолдолд бидэнд одоогийн дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэхээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газар “V цахилгаан станц”-ын төслийг дэмжихгүй тул “Дулааны III цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус, тус нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болсон гэж ойлгох юм. Хэрвээ энэ нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөдөлбөргүй байр суурь бол “V цахилгаан станц”-ын үйлдвэрлэл дор хаяж найман жилээр (дөрвөн жил барих гэрээтэй) хойшилж байгаагаас ялгаагүй нь.

Мөн Ерөнхий сайдын эмээж буй нэг зүйл нь концессын гэрээ аж. Энэ талаар уул уурхай, эрчим хүчний салбарынхантай хийсэн уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн бөгөөд “V цахилгаан станц”-ыг концессоор барих гэрээнд Монгол Улсын Засгийн газар бүх эрсдлийг нь үүрэх зүйл заалттай байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, концессын гэрээг авсан компани хөрөнгө оруулалтаа олоод үйлдвэрээ барьсан ч Засгийн газраас хараат эрчим хүчний үнийн улмаас алдагдалд орвол, Засгийн газар гэрээний дагуу жил бүр төсөвт суулгах ёстой мөнгөө суулгаж, өгсөөр байх явдал юм. Манай улс эрчим хүчний “мангас”-гүй, дийлэнх худалдан авагч нь айл өрхүүд байдаг тул эрчим хүчний үнэ чөлөөлөх алхам хийж чаддаггүй. Энэ байдлаас шалтгаалан дулааны цахилгаан станцууд алдагдал хүлээж, алдагдлаа төсвөөс татаас байдлаар нөхсөөр ирсэн. Энэ байдалд ч гэсэн “V цахилгаан станц” дээр давтагдвал, төр эрсдэл хүлээх магадлалтай гэж үзсэн байж болох юм.

Ямартай ч, Ерөнхий сайдын эрчим хүч, уул уурхайн салбарынхантай хийсэн уулзалтаас Засгийн газар “V цахилгаан станц”-ын гэрээг дэмжихгүй гэх байр, суурийг бататгаж байна. Мөн эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх багагүй төсөл хөтөлбөрийг царцаах бололтой. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Засгийн газарт эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 68 төсөл байгаа юм. Хэрвээ, энэ төсөл хөтөлбөрийг бүгдийг нь хэрэгжүүлбэл, Монголын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалсантай тэнцэх юм байна. Харин Ерөнхий сайд өөрийн аппаратад багтаж буй сайд нартаа “жилд 3-4 үйлдвэр байгуулах санал оруулж ир” гэх лүндэн буулгасан тул эрчим хүчний салбарт чиглэсэн 68 төслийн дийлэнх нь царцах нь ойлгомжтой болж байна.

Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон төслөөс үзвэл, энэ дөрвөн жилд 26 их наяд төгрөгийн ажил, арга хэмжээ явуулах судалгаа бий. Үүнээс 12 их наяд буюу бараг 50 хувь нь зөвхөн энэ салбарт ногдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын 50 хувь нь хоёр салбар руу чиглэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан