Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурах бичиг орон нутагт бус нийслэлд үнэтэй байна

А.АКЭРКЭ

Хичээлийн шинэ жил эхлээд даруй хагас сарын хугацаа өнгөрчээ. Гэвч зарим сурагч, тэр дундаа орон нутгийн багачуул өнөөг хэр нь үзэж, харах сурах бичгийнхээ “бараа”-г ч хараагүй байна гэх мэдээлэл сошиал ертөнцөөр хэсүүчлэх болов. Тодруулбал, Д.Б /товчилсон болно/ гэх хаягнаас “Дунд ангийн сурах бичиг хүрэлцээ муутай, хэцүү байна. Баян-Өлгий аймагт зургаа, есдүгээр ангийн сурах бичиг хэчнээн ирснийг мэдэхгүй байна. Алтанцөгц суманд гэхэд ганц, хоёр эмзэг бүлгийн хүүхдэд л ном ирсэн гэх юм. Бусад хүүхэд нь хаанаас номоо олж авах болж байна вэ” гэжээ.

Угтаа бол Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлийн дагуу бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг төрөөс үнэ, төлбөргүй сурах бичгээр хангадаг. Жил бүр дунд ахлах ангийн сурагчдад эмзэг бүлгийн хүүхдүүдэд олгох буюу нийт хүүхдийн 40 хувьд олгодог сурах бичиг өнгөрсөн хичээлийн жилд 24,5 хувь болон буурсан ч энэ жилээс ахиц гарч дунд ангийн сурагчид дунджаар 39 хувь, ахлах ангийн сурагчид дунджаар 36 хувь нь төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдаж буй. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хүртэл хувь сурах бичгээ зах зээлээс худалдан авах зохицуулалттай.
Тиймээс бид дээрх  аймагт үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахаар Боловсрол, соёлын газрын дарга И.Имаммагзамтай холбогдов.

-Танай аймагт сурах бичгийн хүрэлцээ муу байгаа гэв үү?
-Тийм зүйл байхгүй. Ирсэн сурах бичгээ хүүхдийнхээ тоогоор хуваарилаад явуулдаг. Зөрчилтэй хүмүүс л ийм мэдээлэл цацаад байгаа болов уу. 100 хувь сурах бичиг ирдэггүй юм шүү дээ. Амьжиргаа муутай айлын хүүхдүүдэд 40 хувьд зориулагдсан номноос тарааж өгдөг. Энэ ажлыг зөвхөн манай аймаг хийдэггүй. Бүхий л аймаг энэ чиглэлийг баримталж ажилладаг. Боловсролын яаманд манай аймгийн сурагчдын тоо бий. Тэр дагуу бидэнд ном хуваарилж өгдөг. Математикийн 2000 ном ирлээ гэхэд бүгдийг нь сумдадаа тараадаг. Зуун хүүхэдтэй байлаа гэхэд 50 ном хуваарилах жишээтэй. Харин үлдсэнийг нь борлуулалтаас авдаг байгаа.

-Борлуулалт ямар байна вэ. Хэдэн төгрөг нэмж худалдаалж байх юм?
-Хувиараа ном зарж байгаа хүмүүс тээврийн зардлаа нэмээд өндөр үнэхээр зарж байгаа байх л даа. Харин худалдаалах эрх авсан компаниуд нь үнээрээ л  зарж, борлуулж байна.

Сурах бичгийн зохиогчийн эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эзэмшдэг онцгой эрхийнхээ хүрээнд салбар яам сурах бичгийн зах зээлд борлуулах үнийн дээд хязгаарыг тогтоож, худалдаа, борлуулалтад хяналт тавьдаг билээ. Энэ хичээлийн жилийн хувьд 6-12 дугаар ангийн сурах бичгийн зах зээлийн үнэ 1200-4800 төгрөг байгаа. Тэгэхээр дундаж үнэ нь 2720 төгрөг юм.  Гэвч БСШУСЯ-наас баталсан үнээр нь авч чадахгүй илүү өртгөөр авах, олдоц хүрэлцээ муу гээд л сурах бичигтэй холбоотой асуудал энэ жил ч тасарсангүй. Учир нь,  “Монгени” сургуулийн багш З.Алтантуяа фэйсбүүк хуудастаа “Багшийн хөгжлийн ордонд сурах бичиг худалдаж байгаа хүмүүс номоо дамчдад өгөөд байгаа юм шиг ээ. Хоёр мянган төгрөгийн үнэтэй номыг Багшийн дээдийн урд таван мянган төгрөгөөр зарж байна. Номын өөрийнх нь үнийг  хусаад арилгачихсан байх юм. Энэ тал дээр анхаарал хандуулмаар” гэжээ. Үүнээс нь болж орон нутгийн хүүхдүүдэд сурах бичиг хүрэлцэхгүй байж мэднэ, төр засаг, холбогдох хүмүүс нь анхаарах шаардлагатай гэх нэгэн ч байна билээ.

Ийнхүү хардах эрх нь эцэг, эхчүүдэд  бий ч, салбар яамны мэргэжилтнүүд харин өөрөөр тайлбарлаж байна. Тодруулбал, “Зах зээлд худалдаалах эрх бүхий компаниудтай гэрээ хийсэн болохоор хэвлэлийн компаниуд номоо тэр эрхтэй газруудаар л худалдаалж байгаа. Шагийн худалдаачдад битгий өгөөчээ гэдэг үүргийг бүхий л хэвлэлийн компаниудад өгсөн. Тиймээс хоёроос илүү номыг нэг хүнд олгохгүй байгаа. Хэрвээ олон ном авахаар бол тухайн сургуулиасаа албан тоот авчир гэдэг шаардлагыг компаниуд маань тавьж ажиллаж байна. Гэхдээ ченжүүдийн арга их нарийссан. Хэд хэдэн хүнээс ном аваад өгөөч гэж гуйгаад л авахуулчихдаг гэх сураг сонссон. Үнэндээ энэ асуудалд анхаарал тавиад шалгах эрх нь бидэнд байхгүй” хэмээсэн.

Ж.Долгор: Сурах бичиг худалдаж авах нь муу байна

Нийслэл хотод сурах бичгийн худалдаа нэг иймэрхүү. Харин орон нутагт ямар байгааг тодруулахаар Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Солонго"  бичиг хэргийн дэлгүүрийн захирал Ж.Долгортой холбогдов. Өнгөрсөн жил тус дэлгүүрийнхэн Улаанбаатар хотын хэвлэлийн үйлдвэрээс захиалсан нэг сурах бичиг дээр замын зардлын өртгөө шингээж 300 төгрөг нэмж борлуулж байсан бол энэ хичээлийн жилд 500 төгрөг болгон нэмжээ. Тэрээр “Манай аймагт бүхий л сурах бичиг ирсэн. Мөнгө төгрөгөө эрт шилжүүлсэн болохоор саадгүй л ирж байна. Харамсалтай нь, орон нутгийн хүүхдүүд ном, сурах бичиг худалдан авах нь муу байна. Энэ жил бага ном авчихлаа гэж бодсон чинь одоо болтол хураалттай л байна. Мөн нэг их хотжоогүй болохоор нэг нэгнээсээ гуйгаад хэрэглэчихнэ гэсэн ойлголттой яваад байх шиг.
 
О.Байгальмаа: Нэгдүгээр ангийн сурах бичиг нэмж захиалсан

/Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/

-Танай аймагт сурах бичгийн хүрэлцээ хэр байна вэ. Дутагдалтай ном бий юу?
-Бүх сурах бичгээ татаж авсан. Хүрэлцээтэй байгаа. Гэхдээ нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 100 гаруйгаар илүү байсан болохоор нэмж захиалга өгсөн. Харин дунд болон ахлах ангийнхныг 40, 60 хувь хангах ёстой байгаа. Тэр дагуу сурах бичгээ аваад тараасан. Мөн зах зээлээс худалдан авах сурах бичгийг нь хүүхдүүддээ ойртуулах ажил зохион байгууллаа.  “Аз хур”-ын гэрээт борлуулагч манай аймагт сурах бичиг борлуулж байна. Энэ жил хэвлэлийн компаниуд орон нутагт татаж авах сурах бичгийн зардлыг өөрсдөө өгсөн. Тийм боло­­хоор зарах, борлуулах үнэ дээр хэт их мөнгө нэмээгүй. Яахав, татаж авах ажил зохион байгуулагдахад үйл ажиллагааны зардал гарч байгаа учраас багахан хэмжээний өртөг нэмж бор­луулж байна. Хэдий хэмжээний зардал гарснаа хүртэл бидэнд танилцуулсан.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж дууссан уу?
-Бэлтгэл ажил харьцангуй гайгүй явж байна.  Хоёр, гурван сургуулийн дотуур байрны цайны газрын уурын тогооны асуудал бий. Энэ ажлынхаа хүрээнд зураг төсвийг нь гаргаад хөрөнгө мөнгөө шийдүүлэхээр шат шатан­даа хөөцөлдөөд явж байна. Манай аймаг дэд бүтэцтэй. Үүнтэй холбоотойгоор төвийн зарим цэцэрлэг, сургуулийн сантехник, бохирын шугамыг шинэчлэх ажил байна. Олон жил шинэчлээгүйгээс болоод хүндрэл гарч магадгүй гэсэн эрсдлийн төвшин бий. Бусдаар бол сайн байгаа.

-Багш нарын хүрэлцээний асуудлын хувьд юу хэлэх вэ?
-Дуу хөгжмийн багш нар дутагдалтай байдаг. Манай аймагт багш бэлтгэдэг Дорнод  их сургууль байдаг учраас бусад багш нар хүрэлцээтэй байдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан