Н.БАТ
“Монголын алслагдсан бүс нутгуудад экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхийн нэмэгдүүлэх нь нэртэй семинар өнгөрсөн долоо хоногт болсон юм. Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон хэмээн дэлхий даяар бардам хэлдэг нийт экспортын ердөө 8 хувийг эзэлдэг энэ салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг салбарынхан энэ үеэр ярилцсан. Гэхдээ чухам юуг хэрхэн дэмжих ёстой вэ. Цаашдаа ямар асуудлыг голч төвөө болгох ёстой юм бэ хэмээн ярилцах эрдэмтэд, мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчдийн ярианаас гол нь бид аливаад шинжлэх ухаанчаар хандаж, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр л дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэдэг нь тодорхой харагдаж байсан. Семинарын явцад сонирхол өөрийн эрхгүй татах төсөл бол “Ногоон алт” байв. “Ногоон алт” гэж юу вэ. Газар тариалан, ховор өвс ургамал уу? гэж асуух биз.
Тэгвэл “Ногоон алт”–ыг манай улсын хөдөө аж ахуйн салбарт сарлаг, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ. 2004 оноос эхлэн хэрэгжсэн энэ төслийн эцсийн үр дүн нь малчдын орлогыг нэмэгдүүлж, малаас гарах бүтээгдэхүүний үнэлэмжийг дээшлүүлэх. Зах зээлийн нийгэмд шилжсэн, хүн бүр малаа өмчилж авсан ороо бусгаа үеэр малчид маань үнэ хүрдгээр нь ноолуурыг нь авахаа бодож ямаагаа хэт ихээр өсгөсөн нь бэлчээрийн хомсдолд хүргэж, цөлжилт нэмэгдүүлэх том шалтгаан болсон. Тэгвэл ямааны ноолуурыг орлуулах хэмжээнд хүргэж болох түүхий эд юу вэ. Үйлдвэрлэгчдийн хувьд сарлагийн хөөвөр, торомны ноолуур зэргээр бүтээгдэхүүн хийж болно гэдгийг баталж, зах зээлд ч гаргасан. Харин малчдын хувьд гарц, үнэ бага, ажиллагаа их гэх мэт шалтгаар дээрх түүхий эдийг үйлдвэрт тушаахаас хойрго ханддаг. Төрийн зүгээс бага хэмжээний урамшуулал олгохоор зарласан ч нэгэнт ямааны ноолуурт дөхсөн үнэд хүрэхгүй учраас үр дүн муутай байв. Тийм учраас төрийн байгууллагуудын зүгээс олон улсын байгууллагуудтай хамтран малчидтай “тулж” ажиллахаар “Ногоон алт” төслийг эхлүүлжээ.
2015 оны сүүлээр манай улс 367 мянган тэмээтэй гэсэн дүн гарсан байдаг. Харин сарлагийн тоо толгойгоор дэлхийд 2-т эрэмбэлэгдэж байна. 2011 онд тэмээний ангилаагүй ноос 7000 төгрөг байсан бол энэ оны эхээр 3700 болж, хоёр дахин буурсан юм. Харин торомны самнасан ноосны үнэ харьцангуй тогтвортой байсан гэж болно. Гэхдээ нэмүү өртөг шингээсэн, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаж чадвал үнэ нь өсөх түүхий эд. Учир нь, тэмээний ноосон хөнжил хойд хөршийн зах зээл дээр эрэлт ихтэй бүтээгдэхүүн гэгддэг ч манай үйлдвэрүүд өөрийн гэсэн нэрийн дэлгүүрээ байгуулах боломж хязгаарлагдмал учраас ганзага төдийгээр л борлуулсан хэвээр байна.
Чингис бондоор өнгөрсөн дөрвөн жилд маш олон үйлдвэр үүд хаалгаа цэлгэр болгосны нэгээхэн хэсэг нь ноос ноолуурынхан. Тиймээс ч зөвхөн ямааны ноолуур гэлгүй ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэмээний болон торомны ноос, сарлагийн хөөврөөр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Гэвч “Ногоон алт“ төслийн танилцуулгаас харахад Хятадын хуурамч бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй байгаа нь борлуулалтад шууд нөлөөлсөөр байна.
Дээрээс нь тэмээний ноосны бэлтгэлийн стантарт, төрөөс олгох урамшуулал нь тодорхойгүй, үйлдвэрлэлийн гарц бага, өртөг өндөр, хэтэрхий бохирдолттой учраас дамжлага эвддэг, будаг муу авдаг гээд саар талуудыг шийдэх технологийн шинэчлэл хийж чадаагүй хэвээр.
Малчид буюу түүхий эд нийлүүлэгчид нь сарлагийн хөөвөр үнэ бага, хүн хүч их шаарддаг гээд бэлтгэхээс татгалздаг бөгөөд зарим нь самнах аргаа ч мэдэхгүй, борлуулалт хийж чаддаггүй хэмээн мөрөө хавчсаар суудаг аж. “Ногоон алт” төслийн зүгээс сарлаг тором самнах сургалт, хоршоодыг чадавхижуулах сургалт, мөн сарлаг тэмээний баяр зэрэг уламжлалт арга хэмжээг зохиох болжээ. Мөн гадаадын үзэсгэлэнгүүдэд Монголын гэж тодотгож бүтээгдэхүүнээ танилцуулах нь хамгийн чухал хэмээн үзэж олон арга хэмжээнд танилцуулга хийжээ.
Үйлдвэрүүдийн хувьд өртөг өндөртэй технологиос үүдэж, дотоодын зах зээлд үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг нь борлуулалтыг нь хумьсаар байгаа юм. Харин олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулахад торомны ноолуурын хувьд 2 -хон өнгөтэй бүтээгдэхүүн хийж байгаа нь шаргал царайтай хүмүүст зохимжгүй гээд худалдан авалт бага байсан бол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн өнгөний сонголттой ч ширүүн бүдүүн ширхэгтэй нь борлуулалтад шууд нөлөөлсөн гэнэ.
Энэ бүхнээс үзвэл үйлдвэрлэл эрхлэгч нарт технологио маш хурдтай шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ загварт анхаарах, эко гэдгээ баталгаажуулах, хүний нөөцийн чадамжаа бэхжүүлэх гээд хийх ажил их байгаа бололтой. Гэхдээ үүний тулд дэмжлэг хэрэгтэй нь ойлгомжтой. Харамсалтай нь, шантраад хаалгаа барьчихгүй л байгаасай.