Б.МЯГМАРЖАВ
Зунжин амралтын байдалтай байсан монголчуудын их ажлын үе намар ирж, хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд хөдөлгөөнд ордог. Энэ нь ч өрхийн эдийн засагт нөлөөлж хэтэвч нимгэлдэг. Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний найман сарын үзүүлэлтүүдийн мэдээг танилцуулахад хэрэглээний үнийн индекс наймдугаар сард өмнөх оны сүүлээс 1,2 хувиар өсч, өмнөх сарынхаас нэг хувиар, 2015 оны наймдугаар сараас хоёр хувиар буурсан байна. Ингэж буурахад хүнсний бараа, ундаа, усны үнэ нөлөөлсөн аж.
Ундаа уснаас гадна тариа ногоо бидний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болдог. Энэ жилийн хувьд манай оронд цаг агаар тогтуун байж сайхан зуншлага боллоо. Есдүгээр сарын 1-ний мэдээгээр 10,9 мянган тонн төмс, 11,9 мянган тонн хүнсний ногоо хураасан бол 380,6 мянган тонн өвс хадлан, 2,7 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс өвс хадлан 26 хувь, төмс 72,6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Гэвч гар тэжээл 40 хувиар буурсан гэнэ. Үүнээс харахад малчид иргэд аж ахуйн нэгжүүд гар тэжээлд ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.
Иргэд валютын хадгаламж нээлгэх нь нэмэгджээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг статистикийнхэн онцолж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард гурван их наяд 562.4 тэрбум, зарлага, цэвэр төлөгдөх зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болж. Мөн мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний найман сард 11.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.9 хувиар өссөн. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 56.2 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт гэв. Мөн Монгол Улсад 8.1 их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ нь өмнөх сарынхаас 117.1 тэрбум буюу 1.4 хувиар буурсан дүн. Үүнээс 5.6 их наяд буюу 68.8 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд төгрөгийн хадгаламж 70-аас дээш хувийг бүрдүүлдэг байсан бол энэ жил харьцангуй буурах төлөвтэй байна. Харин валютын хадгаламж 2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 381.8 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнээс үзэхэд иргэд төгрөг бус валютын хадгаламж нээлгэх сонирхолтой байгаа нь харагдана.
Зээлийн тухайд нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.4 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 585.6 тэрбум буюу 4.9 хувиар өссөн үзүүлэлт бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 857.2 тэрбум төгрөг байна.
Дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжаваас зарим зүйлийг тодрууллаа.
Л.Цэвээнжав: Иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөгт хүрсэн
-Өнөөдрийн мэдээлэлдээ иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөгт хүрсэн хэмээн ярьсан. Гэхдээ энэ бодит тоо гэдэгт иргэд эргэлздэг. Ер нь, статистикийн хорооноос гаргаж байгаа үзүүлэлтүүдийг хэрхэн гаргадаг юм бэ?
-Ажилчдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагсдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдог. Өнгөрсөн сард 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажилтан нийгмийн даатгал төлсөн байдаг. Үүнээс 500-700 мянган төгрөгийн цалинтай нь хамгийн их буюу 19.7 хувийг эзэлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн цалинтай хүн 17.5 хувийг бүрдүүлж байна. Хамгийн их буюу 1.3 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 4.2 хувийг эзэлж байгаа юм.
-Тэгвэл хамгийн өндөр цалинг ямар салбарт авч байна вэ?
-Дээрх үзүүлэлтийг дундажлаад үзэхэд эрэгтэй хүн 934 мянга, эмэгтэй ажилтан 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын компанийн ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгаа.
-Цалин боломжийн сонсогдож байна. Гэвч ажилгүй иргэн өдөр ирэх бүр нэмэгдсээр байна ?
-Ажилгүйдлийн албанд 131.9 мянган ажилгүй хүн бүртгэлтэй байна. Энэ нь нийт ажиллах хүчний 10.4 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн сард Ажилгүйдлийн албанд 29.9 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймагт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 332-729 хүнээр буурсан. Ажилгүйчүүдийн 44.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэн бүрдүүлж байна.