Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мах импекс” компани “Берлин” брэндээ худалдаанд гаргалаа

Н.БАТ

70 жилийн түүхтэй “Мах импекс” компани “Берлин” нэртэй шинэ брэндээ худалдаанд гаргалаа. Таван төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын чанар, стандартад нийцсэн савлагаанд 200 граммаар жижиглэн савласан бөгөөд  савлагааны шинэ үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг 1,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийжээ. Тус компани  өчигдөр энэхүү шинэ савлагааны үйлдвэр болоод “Берлин брэнд”-ээ олон нийтэд танилцуулав.

Ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хэдийгээр Монгол Улс эдийн засгийн хямралд өртөж, аль ч салбарт хөрөнгө оруулалт хэцүү байгаа ч үндэсний үйлдвэрлэгчид маань шинэ бүтээгдэхүүн гаргаж, бүтээн байгуулалт хийж буйд үнэхээр талархаж, бахархаж байна” хэмээн хэлсэн юм.  Тэрээр, ажил хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог, ажил хийе гэсэн хүн аргаа олдог гэж үг бий. Бүх юмыг хямрал гэх үгээр тагладаг болсон энэ цаг үед “ Мах импекс” компанийнхан шиг урам зоригтой ажиллах юм бол газар бүрт дэвшлийг бий болгоно гэдэгт би итгэж байна. Шинэ савлагааны үйлдвэр, шинэ технологийг оруулж ирж байгаа танай компанийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт ерөөе гээд энэ үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлж байснаа дурсав.

“Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа “70 жилийн ой тохиож буй 2016 онд олон төсөл арга хэмжээг манай компани шинээр хэрэгжүүллээ. Он гарсаар ХБНГУ-д болсон олон улсын мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс манай “Хиам консервны үйлдвэр”-ийн хамт олон “Нүүдэл” брэндийн бүтээгдэхүүнээр алтан медаль, “Дээжис” брэндээр мөнгөн медаль хүртсэн юм. Мөн энэ онд “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг санаачлан наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр 2014 оноос төлөвлөн хэрэгжүүлсэн хиамыг жижиглэн савлах төслөө олон нийтэд танилцуулж байгаадаа баяртай байна. Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Multivac” болон “Textor” компанийн  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд орууллаа. Уг тоног төхөөрөмжийг суурилуулахад БНСУ-ын Бусонг болон SNSS компанийн хамт олон туслан НАССР стандарт хангасан орчинг бүрдүүлсэн үйлдвэрийн дотоод бүтээн байгуулалтыг хийлээ.  Савлагааны шинэ үйлдвэрийг байгуулахад бидэнтэй хамтран ажилласан дотоодын болон гадаадын бүх мэргэжилтэнд халуун талархал илэрхийлж байна” гэлээ.
Савлагааны шинэ үйлдвэр байгуулах зах зээлийн шаардлага хийгээд бүтээн байгуулалтын ажлын явцын талаар “Хиам консервны үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа мэдээлэл өгсөн юм.



Б.Бадмаа: Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна

-Жижиглэн савласан бүтээг­дэхүүнийг нэлээн хэ­дэн жилийн өмнөөс манай зах зээлд борлуулж байна. Тэгэ­хээр танай шинэ үйлдвэрийн савлагааны онцлог юу вэ. Зах зээлээ хэрхэн судалсан бэ?
-Хэрэглэгчийн дунд хийсэн судалгаагаар бүтээгдэхүүний хэлбэр хэмжээг жижиглэсэн илүү хялбар хэрэглээг эрхэмлэдэг нь тодорхой болсон. 2014 онд хийсэн энэ судалгаандаа үндэслэн бид  бүтээгдэхүүнээ жижиглэн савлах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд хиамыг орчин үеийн технологийн дагуу жижиглэн савлах судалгааг эхлүүлсэн юм. ОХУ, Герман, АНУ-д болсон хэд хэдэн үзэсгэлэнд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, үндсэн тоног төхөөрөмжөө сонгосон. Гэхдээ тоног төхөөрөмж сонгохоос өмнө савлагааны үйлдвэрт олон улсын стандарт хангасан орчин бүрдүүлэх нь чухал байсан.  Ингээд БНСУ-д манай компанийн мэргэжилтнүүд ажиллаж, Солонгосоос үйлдвэрийн орчны   технологийг нэвтрүүл­лээ. 2015 оны 10 дугаар сард хоёр талтайгаа гэрээгээ зурж, үндсэн ажилдаа орсон. 2016 оны зургадугаар сараас тоног төхөөрөмжөө суурилуулж, энэ сарын эхнээс анхны бүтээгдэхүүнээ туршилтын журмаар савлаж, хоёр өдрийн өмнөөс “Берлин “брэндээ худалдаанд гаргалаа.
Манай суурилуулсан Германд үйлдвэрлэсэн “Multivac-R245” машин 100-500 граммаар цагт 300-1500 бүтээгдэхүүн савладаг. Энэ машины хамгийн гол онцлог бол хүнсний хийн тусламжтайгаар бүтээгдэхүүн савладаг. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг юм. Хоёр дахь машин маань “Textor-TS500” хэмээх зүсэгч. Цагт 900 кг хүртэл бүтээгдэхүүн зүсэх хүчин чадалтай.  Дөрвөн төрлөөр хиам болон махан бүтээгдэхүүн зүсдэг. Азидаа анх удаа энэ машиныг хосломол хэлбэрээр  манайд суурилуулж байна.Манай үйлдвэрийн өөр нэг онцлог нь +12 градуст өрөөнийхөө хэмийг тогтмол барьдаг. 12 градус нь нянгийн бохирдолгүй орчин юм. 

-Хүнсний хий бүхий савлагаа гэдэг шинэ сонсогдож байна. Та түрүүн энэ нь хадгалах хугацааг уртасгадаг гэсэн. Магадгүй хадгалах хугацаа уртсах нь бүтээгдэхүүнээ эскпортод гаргах боломж нээгдэж байна  гэсэн үг байх л даа?
-Савласан бүтээгдэхүүний хамгийн урт хугацаанд хадгалах технологи одоогоор манай улсын хувьд вакум савлагаа. Харин манай машин хүнсний хийгээр савлах бөгөөд хадгалах хамгийн урт хугацаа нь 60 хоног. Эхний бүтээгдэхүүн маань 200 грамм жинтэй 16 зүсмээр савласан бүтээгдэхүүн. Хамгийн гол нь хэрэглэгчид олон улсын хүнсний стандартыг хангасан, аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн хүрч байгаа юм. Мөн хэрэглээг хялбарчилсан, эцсийн бүтээгдэхүүн хүрч байгаа учраас савлах агшин хамгийн цэвэр байх ёстой.Одоохондоо Монгол улсын стандартын дагуу хадгалах хуга­цаа тавьсан. Цаашдаа  Стан­дарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллан, мах махан бүтээгдэхүүн хадгалах хугацааг уртасгаж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн л үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.

-Яг одоогоор худал­даанд “Бер­лин” брэнд нэр­­тэй хэдэн төр­лийн бүтээг­дэхүүн гарч байна вэ?
-Таван төрлийн бүтээгдэ­хүүн худалдаанд гаргаж байна. 200 граммаар савлаж, дундаж үнээр дэлгүүрт нийлүүлнэ. Цаашдаа импортоор орж ирдэг бекон зэрэг бүтээг­дэхүүнийг Монголдоо хийж, савлана. Бидний хувьд маши­ныхаа хүчин чадлын 80 хүртэл хувиар ажиллуулах зорилго тавьсан. Цагт 1 тонн бүтээгдэхүүн савлах болон зүсэх хүчин чадалтай. Тэгэхээр дунджаар өдрийн найман цаг ажиллахад 8 тонн хүртэл бүтээгдэхүүн савлана гэсэн үг.
Германы талыг төлөөлж Герман Монголын бизнес эрх­лэгч­­дийн холбооны удир­дах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн байлаа. Монголд төдийгүй Азид анх удаа хосломол хэлбэ­рээр суурилуулсан савлах үйлдвэрийн машинуу­дынхаа батламжийг тэрээр “Мах импекс” компанийн удирдлагад гардуулаад “Энэ бол маш зөв хөрөнгө оруулалт болсныг та бүхэн удахгүй мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Германы “Multivac” болон “Textor” компани нь угсралтын да­раахь үйлчилгээгээр бу­сад үйлдвэрлэгчдээс ялгар­даг. Дэлхийн 120 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлснээс 80 улсад өөрийн төлөөлөгчийг ажиллуулдаг юм байна.

Энэ үеэр Монголын худал­даа аж үйлдвэрийн танхимаас Герман болон Солонгосын гүйцэтгэгч компаниудад жуух бичиг гардуулж, “Аливаа бүтээгдэхүүний борлуулалтын ноён нуруу нь савлагаа байдаг. Манай үйлдвэрлэгчид савлагаандаа маш ихээр анхаарч, олон улсын өндөр зэрэглэлд хүрсэн технологийг нэвтрүүлж байгаад талархал­тай хандаж байна” гэсэн юм.
Энэ үеэр шинэ үйлдвэрийн угс­ралт болон бүтээгдэхүүний техно­логид онцгойлон ажил­ласан ерөнхий технологич Р.Отгоныг Алтан гадас одонгоор, техно­логич Б.Амарбаярыг тэргүүний залуу алтан медалиар шагнаж урамшуулсан юм.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан