Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов АНУ-аас иргэншил хүсч хандсан тухай мэдээ олны анхаарлыг ихээр татсан. Түлхэн унагагдаж цаазаар авахуулсан Саддам Хуссейн, Муамар Каддафи гэх мэт дарангуйлагчидтай удаа дараалан уулзаж шатар тоглодог, ээдрээтэй үед нь очиж хэлэлцээ хийж байсан, Путины талыг тууштай баримтлагч гэж нэрлэгддэг Илюмжинов гэнэт Америкийн иргэн болохыг хүссэн явдал багагүй дуулиан тарих нь гарцаагүй.
Үүнтэй холбоотойгоор Кирсан Илюмжинов тайлбар хийжээ. АНУ-ын Сангийн яам нь 2015 оны 11 дүгээр сард Илюмжиновыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ба Сирийн албан ёсны Засгийн газрыг дэмжсэн, Сирийн Засгийн газарт нийлүүлэх зорилгоор “Лалын улс” алан хядах байгууллагаас газрын тос худалдан авахад тусалсан гэдэг шалтаг заан Америк руу нэвтрэхийг нь хориглосон юм байна. Энэхүү хоригийн улмаас энэ оны наймдугаар сарын сүүлээр “FIDE”-ийн Ерөнхийлөгчийг Нью-Йорк явах онгоцонд суулгахаас татгалзсан юм.
Иймд Илюмжинов нь Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч ба Засгийн газрыг дэмжихийн тулд “Лалын улс” алан хядах бүлэглэлээс газрын тос худалдан аваагүй гэдгээ АНУ-ын шүүхийн өмнө батлахад бэлэн байгаагаа илэрхийлэн Барак Обама ба Жон Керри нарт захидал бичжээ. Захидалдаа АНУ нь дэлхийн хамгийн ардчилсан орон гэдэг болохоор тус улсын хуулийн дагуу өөрийн үнэн зөв гэдгээ батлахын тулд иргэн болох хүсэлт явуулсан гэсэн байна. Цагаан ордны төлөөлөгчид Обамад бичсэн захидалтай танилцсан, ямар шийдвэр гаргах талаар ярилцаж байна гэсэн хариу ирсэн гэдгийг Илюмжинов хэлжээ.
Энэ оны тавдугаар сард Кирсан Илюмжинов нь АНУ-ын нутаг дээр гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах, Америкийн компаниудад 51-н хувиас илүү хэмжээний хувьцаа эзэмшихийг хориглосон явдлыг эсэргүүцэн Америкийн шүүхэд хандан хориг арга хэмжээг цуцлуулах, хууль бусаар хориг арга хэмжээнд оруулсны төлөө уучлалт гуйн нөхөн төлбөр өгүүлэх нэхэмжлэл өгөөд байсан юм.