Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг Монголбанк, 5 хувийн хүүтэй зээлийг Засгийн газар “санхүүжүүлнэ”


Н.УУГАН


Ипотекийн зээл үргэлжлэх үү гэдэг асуултанд Монголбанкны зүгээс “үргэлжилнэ” гэсэн хариулт өглөө. Ардчилсан намын засгаас Ардын намын Засагт төр барих эрх шилжсэнээр олон асуултын тэмдэг буй болсны нэг нь энэ.Орон сууц гэдэг Монголдоо амьдарч, Монголдоо ажиллаж байгаа хүнд мөрөөдөл төдий байсан цаг аль хэдийнэ ард хоцорч, ипотекийн зээл гэх хөтөлбөрийн ачаар 85622 хүн жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлээр орон сууц авч, шинэхэн байрандаа тухлаад буй. Арилжааны банкуудаас жилийн 16-20 хувийн хүүтэй зээл авч, төлсөн мөнгөнийхөө дийлэнх хувийг хүүнд өгчихдөг, дээрээс нь банкны зээлийн шалгуурт тэр бүр тэнцдэггүй байсан монголчууд  хүү буурсан зээлийн ачаар байртай болж, үнэндээ Солонгосыг зорих залуусын цуваа ч татарсан гэхэд хилсдүүлэг болохгүй.

Энэ бол Ардчилсан Засгийн үед зоригтойгоор хэрэгжүүлж чадсан том хөтөлбөр. Зөвхөн байртай болох хүсэлтэй залууст гэлтгүй барилгын салбар түүнийг дагасан бизнес эрхлэгчдэд ч таатай орчин бүрдүүлсэн “Ипотекийн зээл” хөтөлбөр сонгуулийн өмнөхөн найман хувийн хүүгээ 5 хувь хүртэл бууруулах тухай яригдаж, хэрэгжиж эхэлсэн юм. Олон улсын жишигт хүрсэн гэж хэлж болохгүй ч хүрэх дөхсөн “ипотекийн зээл” хөтөлбөр засаг солигдохтой зэрэгцэн цаашид үргэлжлэх үү гэдэг асуултын тэмдэгтэй болов.

Арилжааны банкууд сүүлийн хэдэн өдөрт зээлийн санхүүжилт байхгүй уч­раас түр хүлээнэ үү гэх хариу өгөх болсон нь иргэдийн дунд хөтөлбөр зогсчихож гэх ойлголт бий болгосон бололтой.

Тиймээс Монголбанкнаас “Ипотекийн зээл” хөтөлбөр зогсоогүй гэдгийг албан ёсоор мэдээлэв. Өнгөрсөн долдугаар сард гэхэд 1592 зээлдэгчид 92,8 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 856,3 тэрбум төгрөг, нийт зээлдэгчийн тоо 85622-т хүрчээ. Нэг зээлдэгчид олгосон зээлийн хэмжээ дунджаар 58,3 сая төгрөг байгаа бол зөвхөн долдугаар сард 37,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн байна.

Ипотекийн зээлтэй 85622 иргэний 63146 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд буюу Төвбанкнаас олгосон эх үүсвэрийн зээл авсан бол 20611 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 1865 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Төвбанкнаас ипотекийн зээлтэй холбоотой санхүүжилтийг арилжааны банкуудад хийж байгаа учраас тогтмол хяналт тавьдагм. Энэхүү шалгалтаар зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар гаргасан зөрчил илэрсэн учраас одоогоор санхүүжилтээ зогсоож, шалгалтын ажлыг эрчимжүүлжээ. Гэхдээ жилийн найман хувийн хүүтэй, урт хугацааны зээл үргэлжилнэ. Үүнд санхүүжилт хийнэ гэдгээ Төвбанк илэрхийлж, иргэдийг хүлээцтэй хандахыг хүсэв. Харин жилийн 5 хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэсэн байр суурийг баримтлан ажиллах гэнэ.  Гэхдээ ингэснээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр зогсчихлоо гэж шууд ойлгож болохгүй юм. Учир нь хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэх нь Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэртэй шууд холбоотой. Засгийн газрын зүгээс Ипотекийн зээлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж чадах эсэхээс хамаарч жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох эсэхээ тодорхой болгох нь. Харин Монголбанкны хувьд гадаад дотоод зах зээлээс хөрөнгө татах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Одоогийн байдлаар ипотекийн зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдлийн дундаж хугацаагаар тооцож үзэхэд 16,5 жил байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан