Оросын шатдаг хийг Хар тэнгисийн ёроолоор тавих хоолойгоор дамжуулах Турк руу татаж тэндээсээ Грекээр дамжуулан Баруун Европт нийлүүлэх “Турк урсгал” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.
Орос урьд нь “Өмнөд урсгал” нэртэй төсөл хэрэгжүүлэн хийн хоолойг Болгар хүртэл татаж тэндээсээ Европ руу шатдаг хий дамжуулахаар тооцож байсан. Гэвч Европын холбооны удирдлага энэхүү төслийг “Эрчим хүчний аюулгүй байдлын гурав дахь багц” гэдэгтэй нийцэхгүй гэж шүүмжлэхтэй зэрэгцэн Болгарын эрх баригчид АНУ-ын шахалтаар өөрийн нутаг дээгүүр хоолой тавих зөвшөөрөл олгохгүй байсантай холбоотойгоор цуцалсан юм.
Үүний дараа “Турк урсгал“ төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон ч Сирид Оросын бөмбөгдөгч онгоцыг туркууд унагасны дараа хэсэг зогсонги байдалд орсон. Гэвч Путин Эрдоган хоёр эвлэрсний дараа энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд туйлын таатай орчин бүрдээд байна. Сүүлд ирсэн мэдээгээр “Газпром” нь хоолой тавихтай холбоотой зөвшөөрлүүдийг Туркээс аваад дууссан бололтой.
Үүнтэй зэрэгцээд Турк руу ирэх шатдаг хийг Европ руу дамжуулах зангилааг нутаг дээрээ байршуулна гэж тооцож байгаа Грекийн эрх баригчид тус төслийг ашигтай гэж үзэн оролцоход бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдсэн аж.
Грекийн байгаль орчин ба Эрчим хүчний сайд Панос Скурлетис “Грек нь шатдаг хий дамжуулах хоолой барих ажлыг сонирхож, оролцоход бэлэн байгаа. Гэхдээ бүх зүйл Европын холбооны шийдвэрээс шалтгаална” гэв. Тун удахгүй энэ сэдвээр Европын холбооны комисстой хэлэлцээ хийх бөгөөд нааштай шийдвэр гаргавал хоолой тавихтай холбоотой техникийн ямар ч асуудал гарахгүй гэсэн байна. “Турк урсгал” хэрэгжиж эхэлбэл Грекийн эдийн засагт 5 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, олон мянган хүн баталгаатай ажлын байртай болно гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийгээд байгаа юм.
“Турк урсгал” –ын шатдаг хий нь Оросын Анапа муж дахь шахуурга станцаас эх авч Хар тэнгисийн ёроолоор 910 км үргэлжлэх хоолойгоор дамжин Туркийн Кайыкей нэртэй суурин хүрэх бөгөөд тэндээсээ газар дээгүүр явах 180 км хоолойгоор дамжин Турк ба Грекийн хил дээрх Ипсала нэртэй газарт очих юм.
АНУ ба Европын холбооны удирдлага, Украйн нь “Турк урсгал” төслийг Европыг Оросоос хамааралтай болгож болзошгүй аюултай гэж шүүмжлэн тууштай эсэргүүцэж байна.