Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам нь халахаараа хараал урсгадаг Ерөнхийлөгч


Филиппинийн Ерөнхий­лөгч, “Гэсгээгч” хочтой Родриге Дутертегийн хэлсэн үгс сүүлийн хэдэн өдөр дэлхийн мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татах болсон. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүн Обамаг “Биеэ үнэлэгчийн хүүхэд минь би чуулга уулзалтын үеэр чамайг хараана даа” гэж хэлдэг төрийн тэргүүн дэлхий дээр түүнээс өөр нэг ч үгүй болохоор ингэж анхаарахаас ч аргагүй байх.

“Их хорь”-ийн уулзалтын дараа Лаост болсон Зүүн Азийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын өмнө Америкийн Ерөнхийлөгч нь “Гэсгээгч” Дутертегийн хар тамхины наймаатай хийж байгаа тэмцлийг шударга шүүх, хүний эрхийг хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж шүүмжилсний улмаас өөрийгөө “биеэ үнэлэгчийн хүүхэд”, Филиппинийн Ерөнхийлөгчийг “хараал хийдэг бөө” болохыг олж мэдсэн хэрэг .

“Гэсгээгч” Дутерте  нь Филиппинийг аалзны тор мэт хэлхэж, шударга иргэдэд амьдрах боломж олгохгүй байгаа хар тамхины мафитай ямар ч өршөөлгүй тэмцэнэ гэсэн амлалтаараа филиппинчүүдийг өөртөө татаж, энэ оны зургаадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн.

Ямар ч улсын төрийн тэргүүн бүх л төрлийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй өршөөлгүй тэмцэнэ гэж мэдэгддэг гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Гэхдээ “өршөөлгүй” гэсэн үгийг хуулийн хүрээнд хэрэглэдэг бол “Гэсгээгч” Дутерте шиг тэр чигээр нь бодитоор хэрэгжүүлж байсан тохиолдол нэг ч үгүй биз.
Дутерте сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр “100 мянган гэмт хэрэгтнийг хороож, цогцсыг нь Манилын булан руу хаяхаар загаснууд таргална” гэж мэдэгдэж байсан нь хоосон үг байгаагүйг филиппинчүүд төдийгүй дэлхий нийтээрээ харан балмагдаж ямар хариу өгөхөө мэдэхгүй сууж байна.

Дутертег Ерөнхийлөгч болсноос хойш ганцхан сарын дараа буюу 7 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 1-ний хооронд гэхэд Филиппинд хар тамхины наймаатай холбоотойгоор 1900 хүн алагдсан. Эдгээрийн 756 нь цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн гэж буудуулсан бол бусад нь Дутертегийн ивээл дор байгуулагдсан хар тамхитай тэмцэх “нөхөрлөл”-ийн гишүүдийн гарт амиа алдсан гэнэ. Энэхүү “нөхөрлөл” гэгчийг Дутерте нь Давао хотын даргаар ажиллаж байхдаа анх байгуулан хар тамхитай холбоотой гэж үзсэн хүнээ ямар ч шүүхийн шийдвэргүйгээр гудамжинд буудан хороох кампанит аян эхлүүлж 1700 хүнийг хороож байсан “өвөрмөц туршлагатай” нэгэн.

Энэ бүхнийг зөвхөн эхлэл гэж болох.  Учир нь, Дутерте Ерөнхийлөгч болсны дараа захирагчийг нь хийж байсан Давао хотдоо айлчлахдаа “Хэрэв ийм хүмүүс хажууд чинь амьдардаг бол цагдаа руу залга, харин өөрөө зэвсэгтэй бол очоод тэднийг хөнөө. Хар тамхины наймаачныг алвал би таныг медалиар шагнана” гэж мэдэгдсэн. Филиппинийн цагдаагийн газрын дарга нь хар тамхины улмаас хохирсон хүмүүст хандан хар тамхи наймаалагчдын гэр рүү дайрч, бензин асгаж шатаахыг уриалсан зэрэг нь энэ бол зөвхөн эхлэл гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна.

Хар тамхины наймаатай тэмцэх нь зөв ч зөвхөн хуулийн хүрээнд, хүний эрхийг зөрчилгүй явуулах ёстой гэж Өрнөдийнхөн үздэг тул Дутертег шүүмжлэх нь зүйн хэрэг. Харин Дутертегийн хувьд түүнийг шүүмжлэгчид нь Филиппинд бүрдээд байгаа нөхцөл байдлыг ойлгодоггүй, хоосон цэцэрхэгчид. Ийм  болохоор уурлаж бухимдан өөрийгөө хянах чадваргүй болж элдэв үгээр харааж зүхдэг бололтой. Түүний хэл амны бай болсон хүн ганц Обама биш. Тэрээр АНУ-аас Филиппинд суугаа Элчин сайд Филипп Голдбергийг “өлөгчний хүү”, “ижил хүйстэн” гэж байсан бол хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын Ерөнхийлөгч Бан Ги Муныг “мангуу” гэж цоллосон. Улстөрчдийн дунд нэгнээ элдэв өнгөөр дайрч давшлах нь байдаг үзэгдэл гэж болох. Гэтэл Дутерте нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө Давао хотын мэр хийж байхдаа дэлхийн хамгийн олон дагагчтай шашин гэгддэг Христийн шашны католик урсгалын тэргүүн Ромын Папыг “Чи муу өлөгчний хүү, тэр нутаг руугаа буц, манай улсад ахиж битгий ирээрэй” гэж загнасан гэдэг. Филиппиний хүн амын дийлэнх нь католик шашинтай тул Ромын папыг элдэв өнгөөр хараана гэдэг нь манайхаар бол Ерөнхий сайд Далай ламыг хараасантай адил зүйл.
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Гэсгээгч”-ийн хэлсэн “100 мянган хэрэгтнийг ална” гэсэн үгийг нь филиппинчүүдийн 91 хувь нь дэмжиж байсан гэхээр энэхүү арга хэрэгслийг зөвтгөх хүмүүс Филиппинд цөөнгүй.

Урьд нь зөвхөн хөрөнгө чинээтэй хүмүүсийн худалдан авдаг байсан синтетик хар тамхины үнэ эрчимтэй хямдарч байгаагаас Филиппиний нийгмийн дийлэнхийг эзэлдэг ядуусын дунд хар тамхинд донтох үзэгдэл асар хурдацтай газар авч байгаа нь Дутертегийн харгис арга хэмжээг зөвтгөх гол шалтгаан гэж тэд үзжээ. Ядуус амьдардаг зарим дүүргийн хүн амын 35 хувь нь хар тамхинд донтоод байгаа аж.Статистик мэдээнээс үзвэл  2015 оны байдлаар Филиппиний хүн ам 101 сая 562 мянга хүрээд байгаагийн 100 сая нь ядуу гэсэн давхаргад хамрагддаг. Магадгүй ийм болохоор Дутертегийн явуулж байгаа гэсгээх бодлогыг филиппинчүүд элдэв бослого үймээн гаргалгүйгээр тэвчиж болох талтай.

Тэгээд ч хуулийн дагуу шийдэх боломжтой хэмжээнээс хэтэрч, дийлдэхээ байсан хар тамхины мафи, наймаалах сүлжээний эсрэг Засгийн газар гэсгээх бодлого явуулан номхруулж байсан жишээ цөөнгүй. “Лос-Анжелос таймс” сонины бичсэнээр Индонезид 1983-1985 онд учир битүүлэг “нөхөрлөл” эрчимтэй үйл ажиллагаа явуулан хар тамхи наймаалдаг олон мянган хүнийг буудан хороож байсан. 2003 онд Тайландад эрх баригчид хар тамхины мафид дайн зарласнаар ганц сарын дотор 1200 хүн хороож, 13 мянгыг баривчилж, 36 мянга нь цагдаад сайн дураар бууж өгч байсан тохиолдол байдаг аж.

0 Сэтгэгдэл
er hurga, zub l yum hiij bna.
Хамгийн их уншсан