Тухайлбал, Их Британийн Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд нь Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай уулзахдаа “Ажлаа сайн мэдэх, хуучин танил сайд ирсэнд баяртай байна” гээд Их Британийн “UKEF EXIM” банкнаас манай улсад, тэр тусмаа барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн явдал энэ салбарт хөгжих боломж байгааг илтгэнэ.
Барилгыг салбарыг зураг төсөлгүй, төлөвлөлтгүй төсөөлөх аргагүй. Зураг төслийн байгууллага,түүний техник технологи ба ажилтнуудын түвшин өндөр байх тусам орчин үеийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой юм. Иймд өмнөх жилүүдэд барилгын зураг төслийн байгууллага үүсэн байгуулагдсан ойгоо барилгын салбартай хамтран тэмдэглэх болсон билээ.
Барилга, хот байгуулалтын салбарын төлөв байдал ямар байгааг тодруулах үүднээс гүйцэтгэл ба зураг төсөл гэсэн хоёр чиглэлийн төлөөлөлтэй уулзан ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------
“Үндэсний бүтээн байгуулалт корпораци”-ийн Ерөнхийлөгч, Монгол Улс, ОХУ-ын Буриад Улсын гавьяат барилгачин, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Жүгдэр:
Шинэ Засгийн газар нь ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхээр болсонд барилгачид бид баяртай байгаа
-Та Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн талаар, хийсэн ажлаасаа эхлээд танилцуулна уу?
-Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийг Монголын барилгын шилдэг гүйцэтгэгч компаниуд болох “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар барилга“, “Эрэлт Импэкс” гэсэн таван компани хамтран ажиллах зорилгоор 2013-нд нэгдэн байгуулсан. Байгуулагдсан цагаасаа манай гишүүн таван компани нь Улаанбаатар хотод бага ба дунд орлоготой иргэдэд зориулсан хоёр том төсөл хэрэгжүүллээ. Нэг нь “Буянт-Ухаа 1” цогцолборын 1674 айлын орон сууц. Энэ цогцолборыг 2013-2014 онд барьж ашиглалтад оруулсан. Хоёр дахь том төсөл нь “Буянт-Ухаа 2”. 2014-2015 онд энэ цогцолборын 2592 айлын орон сууцаас 1650 айлын орон сууцыг барьж дуусгаад одоо 972 айлын орон сууцны угсралтын ажлыг бүрэн хийгээд байна.
-Яагаад корпораци болж нэгдэх болсон юм бэ? Ямар зорилго тавин ажиллаж байна вэ?
-Ер нь Монголд барилгын 2000 гаруй компани байдаг гэсэн тоо бий. Хэрэв энэ компаниуд бүгд тус тусдаа ажиллаад байвал томоохон төслийг хэрэгжүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бид том төслүүд дээр ажиллахын тулд нэгдэж, нөөц бололцоогоо нэгтгэх нь чухал болж ирсэн. Манай таван компани нь цаг үеийн шаардлагыг мэдэрч нэгдэн корпораци байгуулж, бусдад жишээ болсон анхдагчид. Манай корпораци нь барилгын үйлдвэрлэлийн салбарын удирдлагыг боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх үндсэн зорилготой.
Таван компани нэгдэн корпораци байгуулна гэдэг нь хөрөнгө санхүүг нэгтгэж нийлүүлэх тухай ойлголт биш. Харин удирдлагын бүтэц зохион байгуулалтын хувьд хамтарч ажиллах замаар барилгын ажлын чанарыг сайжруулах явцыг түргэтгэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах маш олон таатай нөхцөл бүрдүүлэх боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө чанар стандартыг бодитоор дээдэлнэ гэсэн санаа юм шүү дээ. Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийг бүрдүүлэгч таван компани нь “Хамтдаа хөгжье” гэсэн уриатай.
-Амаргүй цаг үе ч гэлээ хэтийн төлөв хэрхэн харагдаж байна вэ?
-Цаашдаа манай корпораци нь барилгын үйлдвэрлэлийн салбарын менежмент, удирдлагын тогтолцоог сайжруулах бодлого баримтална. Том төслүүдэд хамтран оролцох зорилготой. Жишээлбэл, Улаанбаатар хотын хувьд маш чухал болж хувираад байгаа авто машины гаражийн асуудал, инженерийн бүтцийн хонгилын асуудлыг шийдэх гээд олон чухал төслүүд байна. Мөн корпорацийн хүрээнд дэд бүтцийн ажил гүйцэтгэж байгаа компани, зураг төслийн компаниудынхаа ажлыг холбож уялдуулах шаардлагатай байгаа. Өнөөдөр Барилгын салбарын 90 жилийн хурал дээр манай удирдлагууд, хувийн том байгууллагуудын ярилцаж байгаа гол сэдэв нь барилгын үйлдвэрлэлийн удирдлагыг сайжруулах. Тодруулбал, барилгын зураг төслийнхөн, барилгын гүйцэтгэгч, материалын үйлдвэрүүдийн уялдаа холбоог сайжруулах шаардлагын тухай ярилцлаа. Энэ зорилгоор дэлхий дахинаа хэрэглэж байгаа барилгын төлөвлөлт ба загварчлалын “BIM” гэж программыг нэвтрүүлэх бодлогыг бид барьж байна. Жишээлэхэд, “BIM”-ийг анхлан хэрэглэж байгаа зураг төслийн байгууллагуудтай бид хамтын ажиллагааны санамж бичиг хийгээд эхний алхамуудаа хийлээ. Ингэснээр барилгын зураг төслийг 3D, 4D хэлбэрт оруулах замаар ажлын чанарыг эрс сайжруулах, алдаа гарахаас сэргийлэх, өртгийг үнэн зөв тогтоох гэх бүх бололцоо нээгдэх ёстой.
-Та барилгын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би барилгын салбарт 47 жил ажиллаж байна. Монголын барилгын ууган байгууллага болох “Улаанбаатар хотын барилгын трест” компаниас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн хүн. Сүүлийн гурван жилд Үндэсний бүтээн байгуулалт корпораци гэж нэрлэгдсэн таван компанийн нэгдэлд ажиллаж байна.
-40 гаруй жилийн хугацаанд барилгын салбар хэр өөрчлөгдөж чадав?
-Их том өөрчлөлт гарсан гэж боддог. 90-ээд он хүртэл манай барилгын салбар нэлээн хурдацтай хөгжиж байсан. Харин 90-ээд оноос хойш, зах зээлд орсноор бүр их хурдацтай хөгжих болсон. Дэлхийн хэмжээнд барилгын салбарт нэвтэрч байгаа хамгийн тэргүүний, орчин үеийн гэсэн болгоныг манайд цаг тухайд нь нэвтрүүлж байгаа явдлыг том давуу тал гэж бодож байна. Хот гэлтгүй орон нутагт ч хамгийн сүүлийн үеийн техник, технологиор байшин барилга баригддаг болсон. Манай инженер, техникийн ажилчид ч үүнд бэлтгэгдсэн.
Ялангуяа сүүлийн 10-аад жил мэргэжлийн сургалт боловсролын төвүүдтэй хамтраад нэг үе тасалдсан барилгын мэргэжлийн ажилчин бэлдэх тогтолцоог сэргээсэн. Үүний үр дүнд барилгын салбарт бараг 100 мянга гаруй мэргэжлийн барилгачин ажиллаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд үндэсний боловсон хүчин сайн бэлтгэгдэж байгаа болохоор ямар ч том төсөл дээр ажиллах чадвартай болсон. Иймд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, тэр тусам барилгын салбарт хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход төслийг хэрэгжүүлэх, удирдах, гүйцэтгэлийн чанарыг хянах нөхцөл бололцоо бий болсон гэдгийг зориуд хэлье.
Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Ер нь, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь “Буянт –Ухаа 1,2” төслийг гүйцэтгэхдээ дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авахад онцгой анхаарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өртгөөр нь тооцож үзвэл нийт ашигласан материалын 60-70 хувийг бид дотооддоо үйлдвэрлэсэн материалаар хангасан. Импортын хэмжээг аль болох багасгах, дотоодын үйлдвэрлэгчдийн нөөц бололцоог ашиглах бодлого баримтлаж байгаа гэсэн үг.
-Дотоодын бүтээгдэхүүнээр материалынхаа 60-70 хувийг хангана гэдэг маш сайн үзүүлэлт?
-Жишээлэхэд, бид угсралт хийхдээ цемент, элс, хайрга, арматур гээд бүгдийг нь 100 хувь дотоодоосоо авч байна. Цаашлаад засал дээр гол нэр төрлийн материалуудаас олныг дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа. Наад захын жишээ татахад л сантехникийн хоолойнууд, цахилгааны кабель байна. Ийм зүйлсийг манайх дотооддоо үйлдвэрлээд эхэлсэн. Бид гаднаас плита, дүүжин тааз, тосон будаг, гипсэн хавтан, заслын будаг шунх авдаг болж. Гэхдээ л будаг шунхыг ч бид дотооддоо хийгээд эхэлсэн. Эмульс гэхэд л бид дотооддоо хийх болсон. Тэр бүү хэл шилээ, цонх, хаалгаа дотооддоо үйлдвэрлэж чадаж байна. Үүнийгээ зөв хэрэглэж, хөгжүүлэх ёстой. Цаашид, барилгын материалын жижиг ба дунд, мөн том үйлдвэрүүд барих замаар үйлдвэрлэлээ дэмжинэ гэж найдаж байгаа. Сая гэхэд л манай Барилга, хот байгуулалтын сайд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гэсэн маш чухал сэдвийг хөндөн ярьсан. Шинэ Засгийн газар нь ипотекийн зээлийг цаашид дэмжин үргэлжлүүлэхээр болсонд барилгачид бид маш их баяртай байгаа.
Ипотек үргэлжилнэ гэдэг барилгачин бид цаашид ажилтай байна гэсэн үг шүү дээ. Ер нь барилгачид бид чинь шинээр бүтээн байгуулах, хийж бүтээх ажил ямагт байгаасай, битгий тасраасай гэж хүсч байдаг хүмүүс.
-Танай корпораци хэдэн ажилтантай вэ?
-Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид ордог таван компанид нийт 300 гаруй мэргэжлийн инженер, 3000 гаруй барилгачин ажиллаж байна. Манай корпораци нь Япон улсын барилгын удирдлагын арга барилыг нэвтрүүлэхэд онцгой анхаарсан. Япон барилгачдын, инженер техникийн ажилчдын ажилд хандаж байгаа хариуцлага, сахилга бат, чанарт хандах хариуцлага зэргийг нэвтрүүлэхэд чиглэн ажилласан. Энэ зорилгоор өөрийн ажилчид, инженерүүдийг Японд сургах чиг бодлого ч баримтлаж байна. Мөн Японын техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг Косин гэж сургалтын систем бий.
Энэ сургалтын системийг Монголын гурван сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Косин систем бүрэн хэмжээгээр нэвтэрвэл Монголын барилгын салбарын хөгжилд маш чухал учраас үүнийг дэмжих зорилгоор “Косин дэмжигчдийн Монголын холбоо”-г байгуулан би өөрөө тэргүүнээр нь ажиллаж байна. Ингээд зогсохгүй “Токио-2020” тоглолтын бүтээн байгуулалтын үеэр барилгачид, инженер техникийн ажилтнуудаа Японд ажиллуулах замаар туршлага судлуулах, дадлагажуулах бодлого баримтлан харилцаагаа өргөжүүлж, яриа хэлэлцээрээ эхэлж байгаа.