Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын нисгэгчдийг мэргэжлийн бус үйлдэл хийлээ гэв


Хар тэнгист Америкийн Тэнгисийн цэргийн тагнуулын “P-8 Poseidon” онгоцонд Оросын Су-27 сөнөөгч онгоц 3 метр орчим ойртон очсон явдалд Пентагон ихэд бухимджээ. Пентагоны төлөөлөгчид Су-27 сөнөөгчид Америкийн онгоцонд хэт ойртсон нь “аюултай бөгөөд мэргэжлийн түвшний бус үйлдэл” гэж дургүйцэв.
Үүний хариуд Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хошууч генерал Конашенков мэдэгдэл хийж Америкийг тагнуулын онгоцууд онгоцны таних төхөөрөмжөө унтраан нислэг үйлдсэн, Оросын агаарын хилд хэт ойртсон тул аргагүйн эрхэнд байлдааны жижүүр хийж байсан Су-27 сөнөөгч онгоц хөөргөн угтуулсан гэдгийг тайлбарлав. Ингэхдээ Оросын нисгэгчид америкчуудын буруутгаад байгаа шиг бус харин ч жинхэнэ мэргэжлийн түвшний хүмүүс тул тагнуулын онгоцонд 3 метр хүртэл ойртон өөрийн агаарын хилийг зөрчихөөс өмнө шахан гаргасан гэжээ. Хар тэнгисийн орчим Оросын зэвсэгт хүчин “Кавказ-2016” хээрийн сургууль хийж байгаатай холбоотойгоор Америкийн тагнуулын онгоцууд тус бүс нутагт нислэг үйлдэх нь эрс нэмэгдсэн гэдгийг Конашенков онцолжээ. Крымийг нэгтгэсэнтэй холбоотойгоор Хар тэнгис дэх Америкийн Тэнгисийн цэргийн хүчний усан онгоц, нисэх онгоц ба Оросын нисэх онгоц оролцсон энэ мэт үйл явдал сүүлийн үед олон гарах болсон.
Конашенков нь “Кавказ 2016” хээрийн сургуулийг НАТО-ийн гишүүн орнууд ихэд сонирхож буйг ойлгож байгаа мэдэгдээд тус хээрийн сургуулийн сүүлийн үе шатыг ажиглах боломжийг эдгээр орнуудын Орос дахь цэргийн атташе ба хэвлэл мэдээллийн хүмүүст олгохыг санал болгосон байна.

Энэхүү үйл явдалтай зэрэгцээд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер нь Оксфордын их сургуулийн оюутнуудын өмнө  үг хэлэхдээ ОХУ-ыг хүйтэн дайны дараа бүрэлдсэн тогтолцоог нураахыг хүсч байна гэж буруутгасан явдал зэвсэглэлийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг гэж тооцогддог хоёр улсын ойлголцолд таатайгаар нөлөөлөөгүй нь ойлгомжтой. Эштон Картер “Бид Хүйтэн дайны дараа ахиц гаргаж чадсан ч Орос сүүлийн жилүүдэд Украйны ба Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн, агаар, сансар ба кибер ертөнцөд мэргэжлийн түвшний бус үйлдэл хийхтэй зэрэгцэн цөмийн зэвсгийн хүчээр далайлгах болсон нь Оросыг дэлхийд нэгэнт тогтсон тогтцолоог нураахыг оролдож байгааг ил тод харуулж байна” гэжээ. Үүнээс өмнө Эштон Картер нь АНУ-ын хувьд Оросыг БНХАУ, Хойд Солонгос, Иран ба терроризмын хөдөлгөөнөөс өмнө, нэн тэргүүнд анхааран шийдэх ёстой асуудал гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан