Дэлхий дээр хаана дайн, төрийн эргэлт гарах, хаана тайван амгалан байх вэ гэдгийг АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон хүн шийддэг болоод 20 гаруй жил болж байна. Нэг ёсондоо АНУ-ын Ерөнхийлөгч нь “Библь” судрын “Хуучин гэрээ”-нд гардаг Ертөнцийн эзний үүрэг гүйцэтгэдэг болсон. Өөрийг нь тахин шүтэж, тахил өргөн залбирч дурыг хүргэсэн улсуудыг шууд Эдэний цэцэрлэгт хүрээлэнд жаргааж, дургүйг нь хүргэсэн улсуудад Египетийн арван гэсгээлийг шууд ногдуулдаг болсон. Тиймээс дэлхийн нийтээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн байгаа байдал, хэлэх үгийг тун ч анхааралтай ажиглаж суухаас өөр аргагүй. Ийм үед АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч буюу Ертөнцийн эзэгтэй болох магадлал хамгийн өндөр гэгдэж байгаа Хиллари Клинтоны эрүүл мэндтэй холбоотой таагүй мэдээ тархаж байгаа нь бүгдийн анхаарлыг маш ихээр татаж байгаа нь ойлгомжтой.
Юуны өмнө сонгуулийн сурталчилгааны элдэв арга хэмжээнд оролцохдоо Хиллари Клинтон бугшиулан ханиалгаж байгаа явдал олны анхаарлыг маш ихээр татсан.
Үг хэлэх ч сөхөөгүй ханиалгаж байгаа хүн ямар ч улсын урлаг, утга зохиол, аман зохиолд хоногийн тоо нь гүйцсэн хүний дүр болсоор ирсэн тул ингэж анхаарахаас өөр аргагүй байх. Ядаж байхад Хиллари Клинтон нэг бус нэлээд хэдэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ ийнхүү ханиалгасан байх юм. Өөрөө тогтоож дийлэхгүй болохоор ус ууж ханиалгаа зогсоох гэж байгааг харуулсан бичлэг Ютүбээр дүүрэн.
Ингээд ч зогсохгүй Хиллари нь сонгогчидтойгоо хийсэн нэгэн уулзалтын үеэр ярьж байснаа гэнэт таталдахыг бүгд хараад учраа олохгүй балмагдсан. Хилларигийн штабын тайлбараар тэрээр өөрийг нь ингэж харагдуулахыг хүсч байна гэдгийг харуулахын тулд хошигносон. Харин түүний эсрэг талын тайлбараар гэнэтийн дайрлага дайрч түр зуурын таталт өгөх үед байдлыг засахын тулд таталт өнгөрсний дараагаар худал инээсэн дүр эсгэсэн гэнэ.
Хамгийн таагүй нь сонгуулийн сурталчилгааны нэгэн арга хэмжээний үеэр Хиллари Клинтон хэлж байсан үгээ гэнэт гэнэт таслан зай нь суусан утас шиг гацаад хөдөлгөөнгүй болсон явдал. Бүгд балмагдаад юу гэж ойлгохоо мэдэхгүй байх зуур бие хамгаалагч нь түүнд сэм тариа хийж буцаан сэхээсэн. Хожим ТВ сувгууд энэхүү таагүй үйл явдлын бичлэгийг томруулж хараад бие хамгаалагч нь тархи, мэдрэлийн хүнд гэмтлийн үед хийдэг бэлдмэл бүхий тариаг гартаа атгасан байхыг олж харсан нь маш их дуулиан дэгдээсэн юм.
Энэ явдлын дараагаар Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга хийж байхдаа 2012 онд онгоцны шатанд бүдрэн толгойгоороо унаж, ухаан алдсан явдлыг бүгд онцгой анхаарах болсон байна. Америкт ихээхэн нэр алдартай эмч Марк Сигель энэ тухайд “Би Клинтоныг бүдрэн унасны дараах эрүүл мэндийн байдлын талаар олон нийтэд ил тод мэдээлүүлэх гэж дөрвөн жил зүтгэж байна. Түүний тархины судсанд нөжрөлт үүссэн тухай мэдээллийг ил болгох гэж. Энэ нөжрөлт түүний эрүүл мэндэд хэр хохирол учруулсан тухай мэдээллийг ил болгох гэж. Гэвч мэдрэл судлаач нэг ч эмч миний асуултад хариулаагүй, эмнэлгийн үзлэгийн бүх бичлэг одоо хүртэл нууцлагдсан хэвээр” гэжээ.
Клинтоны мэдрэл, сэтгэц хэвийн бус болсон гэх энэ бүх хардалтыг үгүй болгохын тулд түүнийг ямар ч үнээр хамаагүй ялуулахыг хүсэгчид сүүлийн үед хамгийн харгис арга хэмжээ авч эхэлсэн байна. Тэд сонин, ТВ, сайтуудаар Хиллари Клинтоны эрүүл мэндтэй холбоотой таагүй зүйл бичсэн сэтгүүлч, сурвалжлагчдыг ажлаас нь халж эхэлсэн. Жишээлбэл, “Huffington Post” сонинд Хиллари Клинтоны эрүүл мэндтэй холбоотой цуврал нийтлэл бичсэн Дэвид Симаныг ажлаас нь халсан. Эрүүл мэндийн талаарх алдартай нэвтрүүлэг хөтлөгч Эндрю Дрюг нэвтрүүлгийн үеэр Хиллари Клинтоныг цоо эрүүл гэдэгт эргэлзсэн үг хэллээ гэж ажлаас нь халсан байна. Мөн Хилларийг өвдсөн тухай мэдээг Оросын тагнуулын алба тарааж байгаа гэж ойлгогдохоор мэдээ ихээр цацах болсон юм. Өөрөөр хэлбэл, Хиллари Клинтоныг архаг эмгэгтэй гэсэн мэдээг тараасан хүн болгон Оросын тагнуул, Америкийн аюулгүй байдалд заналхийлэгч байж болзошгүй гэж бодогдох мессэжийг далайцтайгаар тарааж эхэлсэн. Гэвч харамсалтай нь Хиллари Клинтоны талыг баримтлагчид энэ мэт арга хэрэглэн түүнийг эрүүл гэдгийг батлах гэх тусам Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр түүнийг мэдрэлийн хүнд өвчтэй гэсэн цуу яриа улам бүр газар авч байна.
Клинтоны штабынхан аргаа бараад түүнийг эрүүл, хэвийн гэдгийг харуулахын тулд сэтгүүлчдийг хувийн онгоцонд нь урьж, онгоцон дотор хэвлэлийн бага хурал хийжээ.
Онгоцонд хийсэн энэхүү хэвлэлийн хурлын үеэр Хиллари Клинтон “Оросын Засгийн газар манай улсын сонгуульд хөндлөнгөөс оролцож байгаа тухай баттай мэдээ ирж байгаад ихэд сэтгэл түгшиж байна. Кибер дайралтын тохиолдлуудын талаар манай тусгай албаны мэргэжилтнүүд судалж байгаа явдал нь Оросыг манай сонгуулийн явцад оролцох боломжтой холботоой чухал асуудлуудыг үүдэн гаргаж байна” гэжээ.
Клинтон ба түүнийг дэмжигчид Оросын эрх баригчдыг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцож байгаа тухай элдэв мэдээ тараагаад удаж байна. Нотлох баримттай, үнэмшилтэй нэг ч тохиолдол илрээгүй ч өдөр болгон шахуу Путинийг Америкийн сонгуульд хөндлөнгөөс хууль бусаар оролцож байгаа тухай мэдээ тасрахгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л ОХУ-ын Ерөнхийлөгч Путинийг “үндсэрхэг үзлийг дэвэргэх глобал чиг хандлагын загалмайлсан эцэг” гэж буруутгасан байна. Путинийг Өрнөд Европт сүүлийн хэдэн жил газар авах болсон цагаачдыг эсэргүүцэгч үндсэрхэг үзэлт хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж буруутгаж.
Оросын эсрэг, тодруулбал Путиний эсрэг чигэлсэн энэ бүх мэдэгдэл нь дэлхийн нийтэд гэхээс илүүтэйгээр Америкийн сонгогчдод зориулсан зүйл гэдгийг судлаачид онцолж байгаа. Гол өрсөлдөгч Трампыг ялахын тулд түүнийг Путиний гар хөл, “Оросын тагнуул” мэтээр харагдуулахаас өөр аргагүй болсон гэсэн үг.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар ялсан тохиолдолд хэдэн сарын турш өдөр шөнөгүй элдэв өнгөөр муулсан Путинтэй яаж хэл амаа ололцох нь ойлгомжгүй байгаа явдал дэлхийн нийтийг ихэд гайхшруулж байгаа юм.
Дангаараа дэлхийг хэд дахин сөнөөх хэмжээний цөмийн зэвсэгтэй улсын тэргүүнийг энэ мэт элдэв өнгөөр муулчихаад дараа нь Сири, Ливи, Украйн, Европыг чигэлсэн цагаачид гэх мэт чухал асуудлууд дээр яаж ойлголцон тохиролцох юм бол гэж бүгд гайхаж сууна. Клинтон нь сонгуулиар ялбал хүссэн хүсээгүй ахиад хоёр жилийн турш Путинтэй дэлхийн улс төрийн амин чухал асуудлын талаар хэлэлцээ хийхээс өөр аргагүй болно. Гэтэл сонгуулийн кампанит ажлын үеэр хэлж байсан зүйлсээ үргэлжлүүлэн “муу, муухай бүхэнд Путин буруутай” гээд зүтгээд байвал Сири, Украйн төдийгүй маш олон ээдрээтэй асуудал шийдэгдэх нь бүү хэл яваандаа Дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй гэдгийг олон судлаач анхааруулж байна.
Жишээлэхэд, Сирид эрс шийдэмгий арга хэмжээ авч цэргээ шууд оруулахыг Клинтон уриалж байгаа юм. Ерөнхийлөгч болбол энэ уриа нь бодит үйл хэрэг болно. Ингэвэл Сири дэх Орос ба Америкийн цэргийнхэн шууд зэвсэгт мөргөлдөөн хийж таарах нь гарцаагүй. Нэгэн цагт Оросын II Николай хаан Серби улсыг Австри-Унгарын эзэнт улсын түрэмгийлэлээс хамгаалахын тулд Дэлхийн I дайн эхлэхэд түлхэц өгч байсантай адил өнөөдөр Путин нь Ойрхи Дорнод дахь өөрийн гол холбоотон Сири, түүний хууль ёсны удирдлагыг Америкт дээрлэхүүлэхгүйн тулд Дэлхийн III дайныг эхлүүлэх түлхэц өгөхгүй гэсэн баталгаа алга. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ойртох тусам гол өрсөлдөгчдөд ирэх сэтгэл санааны ил ба далд шахалт, дарамт геометр прогрессор нэмэгдэх тул Хиллари Клинтон үнэхээр мэдрэлийн архаг өвчтэй эсэхийг харж болох цөөнгүй тохиолол та бидний хүлээж байгаа бололтой.