Хоёр өдрийн өмнө Хятадын Хуанжоуд өндөрлөсөн “G20”-ийн уулзалтын явцад дэлхийн хамгийн хүчирхэг 20 улсын тэргүүн, Сангийн сайд нар, эдийн засгийн бодлого боловсруулагчид уулзаж, дэлхийн эдийн засаг ба улс төрийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлов. Энэхүү чуулга уулзалтын үеэр манай улсын эдийн засгийн хэтийн төлөвтэй холбоотой уулзалт, хэлэлцээ цөөнгүй явагдсан нь өнөөдрөөс л дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын чихэнд хүрч байна.
Европын холбооны төлөөлөгчид Хятадын ган хайлуулах салбар зах зээл дээрх эрэлтээс давсан хэмжээний ган үйлдвэрлэж, бүтээгдэхүүний үнийг дэндүү унагалаа гэх шүүмжлэл өрнүүлсэн нь манайд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байх.
Хятадын өнгөт бус төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт явуулж буй бодлогын улмаас Европын холбоонд багтдаг улсуудын ган хайлуулагч үйлдвэрүүд дампуурч олон арван мянган хүн ажилгүй болж байна гэж буруутгасан. Одоо үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг багасга гэж шаардаж байгаа. Европын холбооны үгэнд орохгүй бол Хятадын компаниудын эсрэг торгууль, нэмэлт татвар энэ тэр гээд олон арга хэмжээ авна. Дэлхийн хамгийн баян холбоо ба дэлхийн хамгийн том эдийн засаг хоёр хоорондоо ойлголцох зуур манай төмрийн хүдэр олборлогчид хэлмэгдээд тун ч таагүй байдалд орж магадгүй болж таарах нь. Хятадын ган хайлуулах салбар хүчин чадлаа багасгаад ирэхээр коксжих нүүрсний эрэлт багасна, үүнийг дагаад “Тавантолгой”-оос экспортлох нүүрсний хэмжээ ч буурна.
Мөн ОХУ ба Саудын Арави хоёр нь газрын тосны үнийг тогтворжуулах, цаашид нэмэгдүүлэхтэй холбоотой хамтарсан арга хэмжээ авах боломжтой тухай гэрээг “G20”-ийн уулзалтын үеэр байгуулав. Ингэснээр Дэлхийн газрын тос олборлолтын 21 хувийн хянадаг хоёр улс эхний ээлжинд нефтийн үнийг тогтворжуулах, дараа нь өсгөх арга хэмжээг хамтран явуулж магадгүй болж таарлаа. Энэ оны эхээр газрын тос олборлогч орнуудын байгууллага ОПЕК ба түүнд багтдаггүй ОХУ нь хамтран газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх, боломжийн хэрээр багасгах тухай хэлэлцээ явуулсан ч Иран зөвшөөрөөгүй тул тохиролцоонд хүрч чадаагүй.
Харин “G20”-ийн уулзалтын үеэр газрын тосны хамгийн том хоёр олборлогч болох ОХУ ба Саудын Арави нь нефтийн үнийн хэлбэлзлийг зогсоож, тогтворжуулах, яваандаа олборлолтын хэмжээг багасгах замаар нефтийн үнийг өсгөх боломж агуулсан тохиролцоо хийлээ. Хамгийн гол нь Ираны олборлолтын хэмжээг огт тооцоогүй байгаа. Цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээний улмаас Иран газрын тосоо экспортолж чадахгүй болоод ихээхэн хохирол амсч, олборлох хэмжээгээ эрс багасгасан. Хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа Иран нь газрын тосны үнэ гэхээс илүүтэйгээр хоригоос өмнөх хэмжээгээр олборлолт хийж, энэ салбарыг эргэн сэргээхэд голлон анхаарч байгаа юм. Орос, Саудын Аравийн зүгээс үүнийг ойлгож, Ираныг хориг арга хэмжээний өмнөх үе шигээ сэргэхийг хүлээхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Иранаас бусад улстай газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх, цаашилбал багасгах замаар үнийг нэмэгдүүлэх тухайд ярилцан тохиролцоно гэсэн үг.
Гэхдээ энэ тохиролцоо тийм хялбар бий болохгүй. Эхлээд дэлхийн хамгийн том хоёр олборлогч Саудын Арави, ОХУ ажлын бүлэг байгуулна. Дараа нь энэ хоёрын шийдвэрийг ОПЕК-ийн бусад улсад хүргээд дахин ажлын бүлэг байгуулна гэх мэтээр нэгээр тогтохгүй олон сар үргэлжилнэ.
Тэгэхээр энэ хоёр улс тохиролцоонд хүрч чадвал энэ оны сүүл, дараа жилийн эхнээс газрын тосны үнийн хэлбэлзэл багасна, цаашилбал өснө. Иймэрхүү төлвийг зарим хүн үндэслэлгүй гэх байх. Гэвч бодит байдал дээр газрын тосны үнэ унахаар дан ганц ОХУ хохирч байгаа юм биш Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмират, Нигери, Венесуэл гэх мэт улс бүгд санхүүгийн хувьд хүнд байдалд орно. Эдгээр улс үгсэн тохирч газрын тосны үнийг нэмэгдүүлэхээр шатахуун үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хэр нэмэх юм вэ гэсэн асуудал гарч ирж таарна.
Манайд шатахуун нийлүүлэгч гол улс болох ОХУ нь газрын тосны үнэ буурч байгаагаас үүдэн олборлогчдод ногдуулсан татвараа бууруулж, харин боловсруулагч буюу бензин, дизель түлш үйлдвэрлэгчдэд ногдуулах татвараа нэмэгдүүлсэн. Ийм нөхцөлд газрын тосны үнэ нэмэгдээд ирэхээр шатахуун үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж л таарах байх. Сингапурын бирж дээрх үнээр Оросоос шатахуун худалдаж авна гэж гэрээ байгуулсан ч дээрх үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тааж хэлэх аргагүй.
Газрын тосны үнэ хамгийн оргил цэгтээ хүрээд байх үед манайд шатахуун ямар үнээр борлогддог байсан бэ гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа. Газрын тосны үнэ доод цэгтээ хүрсэн үед манайд шатахууны үнэ буурсан уу үгүй юу гэдгийг та бас л сайн мэдэж байгаа. Ашиг ихэддэггүй гэсэн үг бий тул Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн сургаар шатахуун үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хэрхэн нэмэх, үүнийг импортлогчид яаж ч далимдуулж магадгүй. Одоогоор энэ тухай таамаг гараагүй байна. Нүүрснээс эхлээд зэс, төмрийн хүдэр гээд манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүний үнэ буурч байгаа цагт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн сургаар шатахуун импортлогч компаниуд бензин, дизель түлшний үнийг өчүүхэн нэмэхэд л манай эдийн засаг сөхөрнө.
Иймд байнга шуурга болдог нутагт энэ жил шуурга болохгүй байгаасай гээд хийдэд хурал хуруулж хоосон найдаж суухын оронд бодит үр дүнтэй арга хэмжээг эхнээс нь авч эхэлсэн нь дээр байх. Ядаж л нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийн зорчих төлбөр 500 бус харин 1000 болбол яах вэ гэдгийг тооцсон хүн байна уу? Газрын тосны үнэ өслөө гэсэн сургаар импортлогч компаниуд бензин, шатахууны үнийг хиймлээр өсгөхгүй гэх баталгаа байна уу?
Гэхдээ юм болгон хоёр талтай гэдэг. Газрын тосны үнэ өсөхөөр манайд эрчим хүчний нүүрсээ боловсруулан шингэн түлш гаргаж авах нэмэлт боломж нээгдэнэ гэсэн үг. Газрын тосны үнэ 30 ам.доллар хүртэл буурч, байнгын хэлбэлзэлтэй тогтворгүй үед нүүрснээс шингэн түлш гаргах нь ашиггүй. Гаргалаа гэхэд зардлаа дийлэхгүй. Харин Орос, Саудын Арави хоёр нэгдэж байгаад ОПЕК-ийн бусад улсыг шахаанд оруулж газрын тосны үнэ өсч, тогтмол 50, дээшлээд 70 ам.доллар боллоо гэхэд хэнд ч хэрэггүй овоо үүсгээд байгаа эрчим хүчний нүүрснээс шингэн түлш гарган авах явцыг ашигтай болгох бодит нөхцөл үүсгэж байна гэж ойлгож болно.
Нүүрснээс шингэн түлш гаргаж авах үйлдвэрлэлийг нэг л эхлүүлэн жигдрүүлж чадвал цаашид өртгийг хямдруулах тухай ярьж болох бүрэн боломжтой.