Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 77 жилийн ой 9 дүгээр сарын 2 буюу өнөөдөр тохиож байна. Тухайн үед байсан 72 тусгаар улсын 62 нь оролцож, дэлхийн хүн амын 80 хувийг хамарч 6 жил үргэлжилэн 55 сая хүний амиа алдаж, 100 сая гаруй хүн тахир дутуу болж, олон арван мянган хот суурин үнс, нуранги болж хувирсан. Мөн энэ дайны үеэр цөмийн зэвсэг хэрэглэж хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн эрин үе рүү хөл тавьсан юм.
Харамсалтай нь 9 дүгээр сарын 2-нд нацист Герман Польш руу дайрснаар дайн эхэлсэн гэдгийг төдийгүй, Польшийн хэрээс хэтэрсэн үндсэрхэг үзэлтэй зарим хүний үг яриа нацистуудад дайн эхэлсэн бурууг Польшд тохих сайхан шалтаг гаргаж өгснийг мэдэх хүн цөөн юм байна. Энэ тухай сонирхолтой баримт цөөнгүй хадаглагдан үлдсэн байдгаас заримыг нь сонирхуулах зөв байх.
1939 он Европын хувьд тун ээдрээтэй жил байлаа. 1938 онд Гитлер Англи ба Францтай тохиролцоо хийж Чехословакаас Судет мужийг нь тайван замаар өөрийн болгосон. Үүндээ сэтгэл ханалгүй Чехословакийг зэвсгийн хүчээр эзэлж Богеми ба Моравийн хараат нутаг гэгчийг байгуулсан юм. Үүнийг Польш, Унгар улсуудын тухай үеийн удирдлага Чехословакийг хэдэн хэсэг тас татан хувааж идэх зөвшөөрөл гэж үзжээ.
Ингээд 1938 оны 10 дугаар сарын 1-нд Польш нь Силези нутгийн Тешин гэдэг мужийг польш үндэстэн гол төлөв амьдардаг гэсэн шалтаг заан Чехословакаас зэвсгийн хүчээр булаан авч өөрийн нутаг гэж зарласан байдаг. Орост хоёрдугаар сарын, аравдугаар сарын гэх мэт олон хувьсгалын дараа эзэнт улс задран унахыг далимдуулан 1918 онд албан ёсоор тусгаар улс болсон Польшийн амбиц их байв.
1921 онд Зөвлөлт Оросоос Баруун Украйн ба Баруун Белорусийг эзлэн авсан. 1920 онд өөртэй нь адил шинэ тулгар байгуулагдаад байсан Литва улсаас Вильно хот төвтэй хэсэг газрыг зэвсгийн хүчээр авсан. Ялагдсан Германыг шүүж торгууль ногдуулсан Версалийн гэрээгээр Германы мэдлийн байсан Даньциг хот Польшийнх болсноор тус улс Балтын тэнгис руу гарцтай болсон. Польшийн анхны Ерөнхийлөгч Пилсудский нь далайгаас далай хүрсэн Их Польш нэртэй гүрэн байгуулахыг мөрөөддөг байсан юм. Өөрөөр хэлбэл Балтын тэнгисээс Хар тэнгис хүртэл өргөн уудам газрыг эзэлсэн улс байгуулахыг хүсч байсан тул түүний залгамжлагчид нь 1938 онд Чехословакаас нь Тешин мужийг өөрийн болгон булааж авахад бүгд ихэд баярлаж байсан нь ойлгомжтой.
Чехээс Силези нутгийн Тешинийг аваад санаа амарч болох байтал Силези гэдэг нутгийг бүхэлд нь өөрийнх болгох тухай бодол тухайн үеийн Польшийн удирдлагыг зүгээр суулгахгүй байжээ. Силези нь Чех, Польш, Герман гэсэн гурван улсын нутаг дамнасан оршдог нутаг юм. Силези нь 800-аад оны үед бүхэлдээ Польшийнх байгаад түүнээс хойш янз бүрийн “гар дамжин” явсаар эцэст нь Пруссийн мэдэлд бүхэлдээ орж, яваандаа Германы эзэнт улсын мэдлийнх болсон юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Германы эзэнт улс задрахад Силезид амьдарч байсан польшчууд 1919-1921 онуудад Польштой нэгдэхийн төлөө гурван ч удаа бослого гаргаад ялагдсан түүхтэй. Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Герман эзэнт улсын үеийн хүч чадлаа алдсан тул 1922 онд Үндэстнүүдийн лиг буюу тухайн үеийн НҮБ-ээс Силезийн оршин суугчдын дунд санал асуулга явуулахад герман үндэстнүүд нь Германтай байхыг, польш үндэстнүүд нь Польштой нэгдэхийг хүссэн. Үүнийг ёсоор болгож Силезийн зүүн хэсгийг Польшид өгч, дийлэнхийг Германы нутаг хэвээр үлдээсэн юм. Үүнд Польш ихэд сэтгэл дундуур байсан нь ойлгомжтой.
Польшийн хэт үндсэрхэг үзэлтнүүд хамгийн их бухимдаж байсан аж. Гэхдээ 1922 онд Силезийг хуваах үеэр Германд ногдсон хэсэгт 530 мянган польшчууд үлдэж амьдарч байсан нь тэдэнд тус нутгийг бүгдийг нь өөрийн болгох боломж байна гэсэн хоосон горьдлого төрүүлжээ. Энэ 530 мянган польшчуудыг өдөөж байгаад бослого үймээн дэгдвэл далдуур дэмжсээр Силезийг бүхэлд нь өөрийн болгох боломжтой гэж бодож байж.
Версалийн гэрээ ёсоор Герман нь арми, тэнгисийн цэргийн хүчин, нисэх хүчинтэй байх эрхгүй, зөвхөн дотооддоо эмх журам сахиулах цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй байхыг зөвшөөрсөн байсан үе. Тэгэхээр 1933 оноос өмнө бол Польш нь зэвсгийн хүчээр шинэ Герман улсаас хавьгүй хүчтэй байсан гэсэн үг. Бослого хөдөлгөөн гарвал Германы Силези дэх польшчуудыг бодитоор дэмжиж чадах байлаа. Үүнийг германчууд сайн ойлгож байсан тул 1925 онд өөрийн Силези дэх польшчуудын тархийг угаахаас гадна Польшийн мэдэлд байгаа Силезид үлдсэн 260 мянган германчуудыг далдуур өдөөн хатгасан радио нэвтрүүлэг явуулдаг станцийг Глейвицед байгуулсан юм. Үүний хариу болгож 1927 онд Польш нь “Катовице дэх Польшийн радио” нэртэй станц байгуулсан нь Глейвице дэх Германы радио станцаас найм дахин хүчтэй байсан юм.
Ингээд энэ хоёр радио станц нь хэн нь түрүүлж нөгөө талд байга үндэс угсаа нэгтнээ турхиж бослого гаргуулж чадах вэ гэж хүчээ үзэж эхэлсэн түүхтэй. Радиогоор цацаж байгаа нэвтрүүлгүүд нь илэрхий өдөөн хатгасан агуулгатай. Заримдаа бүр шууд зэвсэгт тэмцэлд уриалсан агуулгатай байжээ. Та нарыг бослого гаргаад эхэлбэл “эх орон чинь дэмжинэ тусална”, “та нар эх оронтойгоор нэгдэх цаг болсон” гэх мэт утгатай байсан аж. 1933 онд Гитлер сонгуульд ялж канцлер болсны дараа жил нь Польштой харилцан үл довтлох гэрээ байгуулсан тул илэрхий өдөөн хатгасан өнгө аяс намжаад, сэм далдуур хатгасан “үгэн дотор үг” гэсэн зарчимтай нэвтрүүлэг явдаг болсон. Гэтэл 1938 онд Чехословакаас Тешинийг булаан авсны дараа нэвтрүүлгийн өнгө аяс ахин өдөөн хатагсан өнгө аястай болж дайн эхэлсэн жил буюу 1939 онд оргил цэгтээ хүрчээ.
“Катовице дэх Польшийн радио” ба Глейвиц дэх Германы радио хоорондын үзэл суртлын хэрүүл маргаан хэрээс хэтэрч эхэлсэн тул Силезийн оршин суугчид юу юугүй дайн эхлэх нь гэж болгоомжлох болжээ. Польшчууд нь Германы рейхийн радиотой төстэй байдлаар герман хэлээр нэвтрүүлэг хийж цацдаг болсон төдийгүй Богеми ба Моравийн хараат нутаг буюу хуучин Чехословакийн иргэдэд зориулсан Германы эсрэг агуулгатай нэвтрүүлгийг чех хэлээр цацах болсон байна. Үүний хариуд Германчууд нь польш, украйн хэлээр нэвтрүүлэг явуулдаг болж. Ингэнгүүт польшчууд нь польш, украйн хэлээр явж байгаа нэвтрүүлгийг Польшоос явуулж байгаа, Германы мэдлийн Силези тун удахгүй Польшийн мэдэлд орж Силези бүхэлдээ Польшийнх болно гэсэн цуурхал тараадаг болов.
Тэр үеийн Герман нь 1925 оны сул дорой Герман биш харин хүчирхэг армитай гэдгээ дэлхий дахинд зарлаж Франц, Английг айлгаж, Чехословак, Австрийг өөрийн болгосон хүчирхэг улс болоод байсан юм. Польшийн удирдлага үүнийг сайн ойлгоогүй, Германы Силези дэх польшчуудыг турхирсан нэвтрүүлэг явуулсаар байсан бол Польшийн Силезид амьдардаг хүмүүс маш сайн ойлгож байжээ. Тэд дайн болвол Германын арми Польшийг гарцаагүй ялна гэж үзэж байсан тул 1939 оны зунаас Польшийн Силезигээс хэдэн зуугаараа хил даван Германы тал руу дүрвэж эхэлсэн байна. Цэрэгт татагдан ялагдах нь гарцаагүй Польшийн армийн хамт үхэж байснаас ялагчийн талд ажил хийгээд цалин аваад суусан нь дээр гэж үзсэн хэрэг. Үүнийг Германы тал чадварлагаар ашиглан Польшийн Силезид амьдрал ямар аймаар байгааг ярьдаг ухуулгын баг бэлдэж өөрийн Силези дэх хот суурингаар аялуулдаг болжээ.
Үүний хариуд “Катовице дэх Польшийн радио” нь эдгээр дүрвэгсдэд зориулан тусгайлан нэвтрүүлэг хийж “Та нар польш цэргийн хувцас өмссөн нь дээр шүү. Өлсгөлөн герман цэргүүд ядаж л цадтал хоол идэж үзэхийн тулд Польшийн эзэлнэ гэж мөрөөдөж сууна” гэж хошигнож байв. Мөн Германы суртал ухуулгыг давж гарахын тулд 1939 оны наймдугаар сараас буюу Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс ердөө сарын өмнөөс эхлэн Германтай дайтах тухай ярьсан нэвтрүүлэг хийдэг болж. Жишээлэхэд, “Хөөе, нацистуудаа, манай бургасанд ороолгуулах бөгсөө бэлдээрэй. ... Германчууд хэрэв манай нутаг руу орж ирдэг л юм бол бид тэднийг цус болсон хурц хумсаараа тасар татан хаяна... Германчууд бидний орж ирэхэд өгзөгөө нуухын тулд хилийн дагуу хамгаалт барьж байна” гэх мэт үгс хэвийн болжээ.
Радио нэвтрүүгийн агуулга, хор малтсан үг хэллэг, ёжлол, ёгтлол, хөтлөгчдийн уран чадвар зэргээрээ Германы Глейвиц дэх радио станц нь “Катовице дэх Польшийн радио”-гийн хаана нь ч хүрэхгүй байсан тул германчууд польшчуудын ёжлолыг даалгүй дипломат шугамаараа дургүйцлээ илэрхийлжээ. Польшийн Силезийн нутгийн төв сонинд “Хошигнол, инээдэд түгшиж байдаг энэ муусайн фюрерүүд юун их нервтэй юм бэ” гэж бичиж байжээ.
“Катовице дэх Польшийн радио” –ийн ёжтой, хорон үгтэй нэвтрүүлэгтэй зэрэгцээд Польшийн Силезийг захирч байсан хэт үндсэрхэг үзэлтнүүд тун удахгүй Силезийг бүхэлд нь өөрийн болгоно гэсэн утгатай арга хэмжээг германчуудын нүдэн дээр явуулдаг болсон байна. Польшийн Силезийн захирагч Михаил Гражински нь 1939 онын 7 дугаар сард Силезид гурван ч удаа зэвсэгт бослого гаргаад ялагдсан “Звёнзек повстаньцув” бүлгэмийн гишүүд ба Польшийн армийн цэргүүдийн хамтаар босогчдод зориулсан хөшөөг Германы хилээс ердөө 200 метрийн зайнд босгожээ. Хөшөө босгох ажиллагааг “Катовице дэх Польшийн радио” шууд дамжуулж байсан бөгөөд Михаил Гражински үг хэлэхдээ “Гурав дахь бослогын баатруудын дусгаж чадаагүй ажлыг бид дуусгах болно” өөрөөр хэлбэл Германы талд үлдсэн Силезийн бид булаан авна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байдаг. Үүнээс долоо хоногийн дараа Силезид бослого гаргасан польшчуудын дурсгалд зориулсан бас нэг хөшөөг мөн л Герматай залгаа хилийн шугамын харалдаа босгосон байна. Ахиад хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын дундуур Германыи хилээс Богеми ба Моравийн хараат нутгийн ил хүртэл марш зохион байгуулжээ.
Тайван цагт бол польшийн үндсэрхэг үзэлтнүүдийн иймэрхүү арга хэмжээг нэг их тоохгүй байх байсан бол дайн удахгүй эхлэх гээд байна гэдгийг захын тэнэг хүн яс махаараа мэдэрч байсан үе хүлээн авах байдал ч өөр байлаа. Германы тал Михаил Гражински ба түүний үзэл бодол нэгтнүүдийн арга хэмжээ, сүржин мэдэгдлүүдийг овноос ашиглан польшчууд цэргийн хүч хэрэглэн Силезийг нэгтгэх түрэмгийн төлөвлөгөө боловсруулаад байгаад нотолсон үйл явдал, Польшийн түрэмгийлэлээс өөрсдийгөө хамгаалах ёстой гэж харуулсан ухуулга сурталчилгааны кампанит ажил эхлүүлсэн байдаг.
Польшийн үндсэрхэг үзэлтнүүдийг уриа, сүржин мэдэгдлийг ингэж ашиглах бодит шалтгаан нацист Германд байсан юм. 1939 оны тавдугаар сарын 23-нд Гитлерийн өрөөнд армийн генералуудын оролцсон зөвлөгөө болоход “Польшийн асуудал нь хурдан ялахад түвэгтэй Англи ба Францтай зайлшгүй тулна гэдэгтэй нягт холбоотой. Үүнтэй зэрэгцээд Польш нь большевизмын эсрэг найдвартай хаалтын үүргийг гүйцэтгэж чадахгүй. Иймд Германы гадаад бодлогын одоогийн зорилт нь амьдрах орон зайг Дорно зүг тэлж, хүнсээр найдвартай хангах боломж бий болгож Дорно зүгээс ирэх аюулыг арилгах явдал. Польшийг анхны таатай тохиолдол гармагц эзлэн авах ёстой” гэж шийдсэн байна.
Ийм анхны боломжийг 1939 оны 7 ба 8 дугаар саруудад “Катовице дэх Польшийн радио”-ийн нэвтрүүлэг ба Польшийн Силезийн захирагч Михал Гражиньскийн хийсэн үйлдэл ба мэдэгдэл гаргаж өгсөн юм. Германчууд ч анхны таатай боломжийг алдалгүй ашиглахаар шийдсэн нь ойлгомжтой.
Наймдугаар сарын 31-нд польш цэргийн хувцас өмссөн Германы цэргийн тагнуулын тусгай бүлэг Глейвиц дэх радио станц руу дайрч гал нээн, ажилтнуудыг нь хонгилын өрөөнд түгжиж байгаад радиогоор нь Польш хэл дээр уриа цацжээ. Явахдаа польш цэргийн хувцас бүхий урьдчилан бэлдсэн үхдлүүдийг радио станцын орчим үлдээсэн байна.
Маргааш нь буюу 9-р сарын 1-нд Гитлер ард түмэндээ хандан үг хэлэхдээ Польш нь Германы нутаг руу дайрсан тул өнөөдрөөс эхлэн Польштой дайны байдалдтай болсон гэсэн байна. Гитлер үг хэлэхдээ Силези нутагт дахь Польш Германы хилийн дагуу Польшийн цэргүүд 14 газраар дайрснаас гурав нь нэлээн томоохон зэвсэгт мөргөлдөөн байсан гэжээ. Нацист Германы Гадаад хэргийн сайд Риппентроп Францын Элчин сайдтай уулзахдаа Польшийн арми гурван газраас Германы хилийг давж орж ирсэн гэж хэлсэн. Германы сонин хэвлэлүүд Польшийн түрэмгийлэлийн тухай бичсэн сүржин нийтлэлүүдээр дүүрч 1939 оны 9 дүгээр 2-нд Германы сонинуудад Глейвицийн радио станц руу хийсэн дайралтад Польшийни босогчдын “Звёнзек повстаньцув” бүлэглэлийн хүмүүс оролцсон гэж мэдэгджээ.
Германчууд хэт үндсэрхэг үзэлтнүүдийн гаргаж өгсөн боломжийг ашиглан өөрийгөө хамгаалах нэрийдлээр Польшийн эсрэг байлдааны ажиллагаа эхэлснээс хоёр долоо хоног гаруйхны дараа буюу 9 дүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч Игнаций Мосцицкий тэргүүтэй Польшийн удирдлага Румын руу зугатан гарсны дараа Зөвлөлтийн ажилчин тариачны Улаан арми Риппентроптой байгуулсан нууц тохиролцооны дагуу Польшийн нутагт цэргээ оруулан Баруун Украйн, Баруун Беларусийг өөрийн болгож авсан. Ийнхүү польшчууд хэт үндсэрхэг үзэлтнүүдийнхээ “ачаар” Силези, Баруун Украйн ба Беларусь төдийгүй газар нутаг, тусгаар тогтнолоо бүхэлд нь алдаад 6 жилийн дараа аймшигтай их гарз хохирол хүлээж байж тусгаар тогтнолоо эгүүлэн олж авсан юм.
Үүнийг урт хошуу хүзүү ородог гэгч жинхэнэ утгаар биелэлээ олсон тохиолдол гэж болно. “Катовице дэх Польшийн радио” нь Польшийн Силезийн захирагч Михал Гражиньскийн “Гурав дахь бослогын баатруудын дусгаж чадаагүй ажлыг бид дуусгах болно” өөрөөр хэлбэл Германы талд үлдсэн Силезийн бид булаан авна гэсэн утгатай мэдэгдлийг шууд дамжуулснаар Польшийг эзлэх гэсэн Гитлерийн төлөвлөгөөг хэрэгжих тун таатай боломж гаргаж өгч байгаа гэж зүүдлээ ч үгүй биз. Англи, Франц нь Герман дайрвал цэргийн хүчээр хамгаална гэсэн амлалт Польшид өгсөн тул германчууд цэргээ оруулсны дараа Германд дайн зарласнаар Силези нутгийн төлөөх хоёр улсын дайн нь Дэлхийн дайн болж хувирсан юм.