Украйны цэргийн Ерөнхий прокурорын газраас гаргасан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгууг баривчлах хүсэлтийг Киев хотын Печер дүүргийн шүүх ёсоор болгож зөвшөөрөл олгожээ. Шүүхээс өгсөн баривчлах зөвшөөрөл буюу ордерт “Мөрдөн байцаалт хариуцсан шүүгчээс өгсөн тодорхойлолтыг үндэслэн баривчлагдсан этгээдийг баривчилсан цагаас хойш 36 цагаас хэтрүүлэлгүйгээр суллаж эсхүл мөрдөн байцаалт хариуцсан шүүгч дээр хүргэн ирэх ёстой” гэж бичсэн байна.
Мөн энэхүү зөвшөөрлийг давж заалдах эрхгүй бөгөөд 2017 оны хоёрдугаар сарын 26-нд эсвэл “сэжигтэнийг баривчлан авчирсан эсвэл зөвшөөрлийг прокурор буцаан татсан” тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дуусгавар болно гэдгийг онцолжээ.
Украйны прокурорын газар наймдугаар сарын 22-нд Сергей Шойгу болон Оросын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг сэжигтнээр эрэн сурвалжилж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.Тэр үед Украйны Ерөнхий прокурор Юрий Луценко нь “Эдгээр этгээдүүдийг баривчлан түр хорих замаар саатуулах хүсэлтийг шүүхээр хэлэлцүүлэхийн тулд тэднийг баривчлах зөвшөөрөл өгөх хүсэлтийг шүүхэд гаргахаар бэлдэж байгаа” гэж байсан билээ.
Шойгу болон Оросын 17 албан тушаалтныг төрийн эргэлт хийхийг өдөөн турхирсан, алан хядах бүлэглэл байгуулсан, дайныг сурталчилсан, түрэмгий дайныг төлөвлөн бэлдэж, явуулсан гэх зэрэг гэмт хэрэг хийсэн гэж сэжиглэж байгаагаа өөрсдөд нь албан ёсоор дуулган сайн дураар Украйны прокурорын газар хүрэлцэн ирэх тухай мэдэгдэх хуудас илгээсэн гэдгээ Луценко онцолж байсан.
Америкийн утсан хүүхэлдэй гэсэн нэр аваад байгаа Украйны шинэ удирдлагууд Оросыг Украйнд цэргээ оруулсан гэж мэдэгдээд бараг хоёр жил болж байгаа ч нэг ч удаа ул үндэстэй нотлох баримтыг дэлхийн нийтэд үзүүлж чадаагүй юм. Харин Шойгууг гадаадын аль нэг улсад айлчлах үеэр далимдуулан баривчлах оролдлогыг Америкийн хатгаасаар хийвэл украйнчуудын үзүүлж чадахгүй байгаа тэр нотлох баримтыг нь оросууд жинхэнэ утгаар нь үзүүлж Украйнд цэргээ оруулаад бөөн юм болох вий дээ.