Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн допингийн агентлагийг өөрчлөхийг уриалав

Копенгаген хотноо болсон чуулга уулзалтын үеэр 17 улсын допингийн эсрэг агентлагуудын тэргүүнүүд Оросын тамирчид системтэйгээр, улсынхаа дэмжлэгээр допинг хэрэглэсэн гэх дуулиантай холбоотойгоор Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-г өөрчлөн шинэчлэхийг уриалалаа.

Энэхүү урианд Австраль, Австри, Канад, Дани, Финлянд, Франц, Герман, Ирланд, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Швед, Сингапур, Швейцарь, Их Британи, АНУ-ын допингийн эсрэг төв ба Үндэсний допингийн эсрэг байгууллагуудын институт нэгдсэн байна.

WADA-д хийх шаардлагатай байгаа өөрчлөлтийн тоонд юуны өмнө тус агентлагийн удирдлагууд нь спортын өөр ямар нэг байгууллагад нэгэн зэрэг албан тушаал эзлэхгүй байх явдал гэж үзжээ. WADA-ийн одоогийн тэргүүн Крейг Риди нь Олон улсын Олимпын хорооны дэд Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг.

Үүнээс гадна дараах саналуудыг оруулжээ. Үүнд:
- Спортын байгууллага өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн байцаалт явуулах шаардлагатай үед үүсдэг дотоод ашиг сонирхлын зөрчил гарахаас зайлсхийхийн тулд тэднийг шинжилгээ авах, мөрдөлт явуулах ба хориг арга хэмжээ авах эрхгүй болгох.
- WADA-ийн дүрмэнд өөрчлөлт оруулах. Тухайлбал, допингийн эсрэг системийн үйл ажиллагаанд өргөн цар хүрээтэй бусниулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд иймэрхүү үйлдлийг тогтоон барих бодит үр дүн бүхий хориг арга хэмжээ авдаг болох.
- WADA-д мөрдөлт явуулах ба хориг тавих илүү өргөн эрх өгөх.
-WADA-д хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус байгууллагыг илүү хүчирхэг болгох.
-Оросын тамирчдын допинг хэрэглэх системийн тухай мэдээ хүргэсэн эхнэр нөхөр Степанов нарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах.

Спорт цэвэр байна гэдэг мэдээж сайн гэрэг. Гэхдээ энэхүү урианд нэгдсэн орнуудын жагсаалтыг харахад л хамгийн баян, хүчирхэг улсууд байгаад нь шууд нүдэнд тусч байна. Өөрөөр хэлбэл WADA-ийн хамгийн гол санхүүжүүлэгчид. Тиймээс энэхүү урианы дагуу WADA өөрчлөгдөж л таарах байх. Гэхдээ энэхүү санаачлагыг сая Оросыг Рио-ийн тоглолтод оруулахгүй гээд дийлээгүй явдалдаа дүн шинжилгээ хийсний үр дүн, Оросын эсрэг чигэлсэн гээд хэлчихвэл илүү шударга болох байх. Учир нь, уриа гаргасан орнуудын дийлэнх нь Оростой улс төрийн зөрчилтэй, Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээнд ороцлсон улсууд.

WADA нь хориг тавих эрхгүй зөвхөн зөвлөх эрхтэй байсан тул ОУОХ-нд хандан ОХУ-ын шигшээг бүхэлд нь хасахыг зөвлөхөөс хэтрээгүй. Одоо дүрмэнд өөрчлөлт орвол яваандаа Олимпын тоглолтод хэн орох үгүйг ОУОХ бус харин WADA шийддэг болж хувирах юм байна.

Мөн Оросын тамирчдыг допинг хэрэглэсэн тухай мэдээ гарч эхлэхэд Оросын тв, сайт, сонин хэвлэлээр WADA-г шүүмжилсэн асар их мэдээлэл гарсан. Цаашдаа ийм байдал давтагдвал үүнийг WADA-ийн үйл ажиллагааг бусниулах гэсэн үйлдэл гэж үзээд мөн л шигшээг нь тэмцээн уралдаанаас хасах зэрэг хориг арга хэмжээ авах юм байна. WADA-д мөрдөлт явуулах ба хориг тавих илүү өргөн эрх өгөх гэдэг нь тус байгууллагын хүмүүс дуртай үедээ ямар ч улсын тамирчдын бэлтгэлд хяналт тавьж, сорьц авч шинжилгээ хийнэ гэсэн үг байх.

Удахгүй манайд хойд хөршид хөлбөмбөгийн ДАШТ болох гэж байна. Энэ бүхэн тийш чиглэж байгаа бололтой. Учир нь, Рио-д Оросын шигшээг оруулна оруулахгүй гэж хэрүүл маргаан дэгдэж байх үед ийм их допинг хэрэглэдэг юм бол хөлбөмбөгчид нь ч ялгаагүй хэрэглэдэг байж таараа, тиймээс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Орост явуулахаа болиод өөр улс руу шилжүүлье гэсэн үг удаа дараалан гарч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан