Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын тамирчдыг Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээжээ

Ирэх сард Рио-де-Жанейро хотод болох Паралимпод Оросын баг тамирчдыг оролцуулахгүй байх магадлал өндөр байна.

ОХУ-ын тамирчдыг Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийн эсрэг Оросын Паралимпын хороо /ОПХ/  давж заалдсан боловч Спортын арбитрын шүүх /САШ/ гомдлыг шүүн хэлэлцэхээс татгалзжээ.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулиантай холбогдуулан Олон улсын Паралимпын хороо /ОУПХ/ ОПХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлж, тамирчдыг Риогийн Паралимпод оролцохыг хориглож байгаагаа энэ сарын 7-нд зарласан юм. Үүний улмаас Оросын тал наймдугаар сарын 11-нд САШ-д давж заалдсан билээ.

Харин САШ мягмар гарагт мэдэгдэхдээ “Олон улсын Паралимпын хороо ямар ч дүрэм журмыг зөрчин Оросын тамирчдад хориг тавиагүй. Оросын давж заалдах албан бичигт ОУПХ-ны гаргасан шийдвэрийг няцаах ямар ч нотлох баримт байхгүй байна” гэв.

Тус шүүх ийм шийдвэр гаргаснаар Оросын баг ирэх сард болох Паралимпод оролцоход туйлын хүндрэлтэй боллоо. САШ-ийн шийдвэрийн эсрэг давж заалдсан тохиолдол бараг байдаггүй ажээ.

 Эх сурвалж: http://montsame.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан