Жилээс жилд улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүд олон хоногоор цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарласан ч хүүхдээ оруулж чаддаггүй тохиолдол бий. Энэ нь цэцэрлэгийн хүртээмж бага, хүүхдийн тоо олонтой холбоотой юм. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн цэцэрлэгт хүүхдүүдийг сугалгаагаар бүртгэж ирсэн нь эцэг эхчүүдийн хэл амыг татлахад хүргэдэг. Учир нь цэцэрлэгийн эрхлэгч, багш нар нь танил талаа харж авлига хээл хахууль авч хүүхэд авдаг гэсэн яриа бий.
Тэгвэл энэ жил дахин цэцэрлэгийн бүртгэлийг ачаалал, тоо зэргээс шалтгаалаад сугалаагаар явуулах аж. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 22-ноос эхлэх бөгөөд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүртгэхийг Нийслэлийн боловсролын газарт үүрэгдсэн байгаа ажээ. Гэхдээ зарим нэгэн дүүрэгт сугалгаагаар шийдэхээс өөр гарцгүй гэдгийг салбарын сайд нь учирлав. Мөн эцэг эхчүүдийн төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах асуудлыг жигд явуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг яамнаас барьж байгаа юм байна.
Харин төрийн алба хаагчдын хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцуулах журмыг хэвээр нь мөрдөх юм байна. Түүнчлэн сурагчдын дотуур байранд хүүхэд хүлээж авах бэлтгэлийг хангах болон хүүхдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлын талаарх зөвлөмжийг хүргүүлсэн байна.