Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осолдсон галт тэрэгний хохирлыг тооцож, ОХУ-д төлнө


 Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу мод, модон материал тээвэрлэж явсан 2504 дүгээр галт тэрэг энэ сарын 22-23-ны шилжих шөнийн 03.58 цагт Дархан өртөөнд осолдож, 5 вагон замаасаа гарсан талаар өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг (УБТЗХНН)-ээс мэдээлэв.

Тус галт тэрэг нь банз, гуалин болон бусад модон эдлэл ачиж явсан бөгөөд одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. УБТЗХХ-ын ажлын хэсгээс Дархан хотод 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас замд уярч, тус галт тэрэгний эхний вагон замаасаа гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Улмаар арын залгаанууд эрчээрээ түрсний улмаас галт тэрэгний дундаас 6 вагоныг замаас гаргасан хэмээн үзэж байгаа юм. Ослоор хүний амь эрсдээгүй.  Мөн байгаль орчинд хохирол учраагүй байна. Осол гарсан дариуд УБТЗЗ-ын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, вагоныг сэргээн босгох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулснаар төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн ажиллаж байна хэмээн УБТЗХНН-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай онцлов.

Осолд орсон галт тэргийг сэргээн босгох ажлыг энэ сарын 23-24-нд зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд 6 вагонд тээвэрлэж явсан ачааг өөр галт тэргэнд шилжүүлж, БНХАУ-д хугацаанд нь хүргүүлжээ. Вагон осолдсон 40 метр замыг 7.8 сая төгрөг гарган сэргээн засварлаж, галт тэрэг явах боломжтой болгожээ. Сэргээн босголтын ажил эхлэхийн өмнө орон нутгийн цагдаа болон тагнуулын байгууллагуудтай хамтран галт тэргийг осолдоход санаатай буюу хөндлөнгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан эсэхэд шалгалт хийсэн байна. Ажлын хэсэг осолд гадны нөлөө ороогүй хэмээн үзэж байгаа ч эцсийн дүгнэлт тул шалтгааныг тодорхой хэлэх боломжгүй юм. Энэ сарын 27-нд эцсийн дүгнэлт гарч, ирэх пүрэв гарагт УБТЗХНН-ын Шуурхай хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг УБТЗХНН-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаяр хэллээ.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Манай улс хөрш орнуудтай ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байгаа. Монгол Улсын төмөр замын бүтэц, ашиглалт нь ачаа тээврийг нэмэгдүүлэх ачааллыг дааж чадах уу?
-Транзит тээврийг хөгжүүлэх чиглэлээр бид хичээнгүйлэн ажиллаж байгаа. Манай улсын гол төмөр зам 1100 км. Үүний 400 км нь 90:50 зам төмөр, модон дэртэй. Үлдсэн хэсэг нь 90.65 зам төмөр, бетон дэртэй.

-Галт тэрэгний осолтой холбогдуулан ОХУ, БНХАУ-д төлбөр төлөх үү?
-Галт тэрэг ОХУ-ын өмч байсан тул тодорхой хэмжээний төлбөр төлнө. Сая осолдсон галт тэрэгний вагонууд 1980-1997 онд ашиглалтад орсон байна. Тус улсаас ашигласан жилтэйгээ хамааруулан хэдэн төгрөгийн хохирол учирснаа тодорхойлж, бидэнд мэдээллээ ирүүлэх ёстой. Бид үүнийг нь хэлэлцээд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх болно. БНХАУ руу явж байсан ачаа бүрэн бүтэн, хугацаандаа очсон тул төлбөр төлөх шаардлагагүй.

-Өмнө нь хэдэн осол гарч байсан бэ?
-1984, 2006 онд осол гарч байсан. Үүнээс хойш осол гараагүй.

-Ачаа тээврийн галт тэрэг хэдэн км цагийн хурдтай явах ёстой вэ. Цаашдаа зорчигчийн галт тэрэг осолдохыг үгүйсгэхгүй?
-Суудлын галт тэрэг шулуун замд 80 км цаг, суудлын галт тэрэг 100 км цагийн хурдтай явах ёстой. Өртөө болон ойролцоох газарт 25 км цагаас дээшгүй хурдтай явна. Осолдсон галт тэрэг өртөөний ойролцоо байсан тул 20 км цагийн хурдтай явж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан