ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 40 дэх удаагийн чуулган Туркийн Истанбул хотноо өчигдөр орой өндөрлөлөө. Чуулганы сүүлчийн өдөр 12 дурсгалт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад шинээр нэмж оруулах шийдвэрийг тус хороо гаргасан байна.
Үүнээс өмнө тус хороо өнгөрсөн баасан гарагт 9 дурсгалт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ онд 27 газрыг уг жагсаалтад оруулахаар нэр дэвшүүлснээс 21-ийг нь жагсаалтад оруулахаар болсон байна.
Шинээр нэмэгдсэн 21 газрын 12 нь соёлын, 6 нь байгалийн дурсгалт газар бол 3 нь байгаль, соёл болон түүх хосолсон газар аж.
Ингэснээр Дэлхийн өвийн жагсаалтад одоо 165 улсын нутаг дэвсгэр дэх 1052 дурсгалт газар бичигдээд байна.
40 дэх удаагийн чуулган 7 дугаар сарын 10-нд эхэлсэн боловч өнгөрсөн баасан гарагийн шөнө Туркэд цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбоотойгоор хугацаанаасаа дөрвөн хоногийн өмнө дуусчээ.
Дэлхийн өвийн хороо хэлэлцэж амжаагүй дурсгалт газруудыг Парист удахгүй болох ээлжит бус хуралдааны үеэр авч хэлэлцэхээр болсон байна.
41 дэх удаагийн чуулган 2017 оны долдугаар сард Польшийн Краков хотод болно.