Өнгөрсөн шөнө Украйны киев хотод “Евро-2012” тэмцээний финалын тоглолт болж Испани Италийг 4:0-ийн харьцаатай бут ниргэж өөрсдийн төдийгүй, дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд гайхамшигтай ялалтыг байгууллаа. Тоглолт эхлээд 14 дэх минут үргэлжилж байхад Силва мөргөж гоол хийснээр салхийг хагалж 1:0 болгожээ. Харин 2 дахь гоол 41 дэх минутад Алба оруулсан юм. Тоглолтын 84 дэх минутад сэлгээнээс талбайд гараад удаагүй байсан Фернандо Торрес гуравдахь гоолыг оруулж илт илүү гэдгээ батлан харууллаа. Үүнээс нэгхэн минутын дараа Иниестагийн оронд талбайд гарсан Хуан мата Торресийн дамжуулалтаар 4 дэх гоолыг оруулсан. Ингэснээр испаничууд Европын аваргын түүхэнд финалын тоглолтонд хамгийн олон гоол оруулж хожсон баг болж аваргын цомыг 3 дахь удаагаа хүртэж эх орондоо үүрд хадгалахаар болж байгаа юм.