Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос Хятад хоёр барууны эсрэг холбоо байгууллаа


Долдугаар сарын 3-нд Орос Хятад хоёр терроризмын эсрэг хамтарсан том хээрийн сургууль эхлүүллээ. Оросын Москва, Смоленкс мужид ОХУ-ын Үндэсний гвардийн сургуулилтад Хятадын цэргийн цагдаагийнхан оролцож байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ. “Энэ бол 2007, 2013 оноос хойшхи гурав дахь сургуулилт. Энд буудлага, дайсныг олзолж авах, агаарын десант буулгах сургууль хийж байна “ гэж хятадын эх сурвалж бичжээ.

Өмнөд Солонгосын WS PRESS хэвлэл үүнийг маш чухал ач холбогдолтой сургууль гэж нэрлэсэн байна. “Энэ бол зөвхөн террорист халдлагын эсрэг тэмцэх төдийгүй ОХУ, БНХАУ-ын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилготой. Энэ хоёр улс Барууны болон АНУ-ын эсрэг нягт холбоо тогтоож, улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ нь хөршийн харилцааг бэхжүүлэх замаар Баруун Европ, АНУ-тай хүчний харьцааг тэнцвэржүүлэх бодлого” гэж хэвлэлд бичсэн байна.

“Саявтар Европын холбоо Оросын эсрэг хоригоо зургаан сараар сунгахаар шийдвэрлэсэн. НАТО ч өөрийн нөлөөллөө Дорнод европ руу тэлж оростой хил залгаа бүс нутгуудад цэргийн хүчээ байрлуулахыг эрмэлзэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн энэ бодлогыг эрс шүүмжилж Орос өөрийнхөө аргаар хариу барина гэж анхааруулж байгаа. Ганцхан түүний энэ заналхийлэл нь НАТО-гийн хүчийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд хүргэж байгаа юм. 2014 оны украины хямралын дараанаас НАТО цэргийн оролцоогоо нэмэгдүүлж эхэлснээр Орос улс НАТО-гийн гишүүн орнуудтай хил залгаа нутгууддаа томоохон цэргийн сургуулиуд хийж эхэлсэн. НАТО ч хариу арга хэмжээ авч Балтийн орнууд руу  Оросын зүгээс цэргийн хүчээр дайрч магадгүй хэмээн болгоомжилж энэ орнууд дахь цэргийнхээ тоог нэмж байна. Үүний хариуд Орос зүгээр суусангүй гурван ч дивизээ Украин болон Балтийн орнуудтай хил залгаа баруун райнууддаа байрлуулсан нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байгаа юм” гэж WS PRESS бичжээ.

Ийм байдал удаан үргэлжилбэл АНУ, Баруунаас өмнө өөрөө  илүү сульдах болно гэдгээ ОХУ мэдэрч байна  шинжээчид үзэж байна. Ийм болохоор Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Орост ашигтай, ингэж байж  арай хүчирхэг болно гэнэ. Хятадтай хамтран ажиллах нь Баруунтай зөрчилдөж байгаа нөхцөлд олон улсын давцан дээр тэнцвэр хадгалах боломж бий болгоно.
Үүгээр ч зогсохгүй эдийн засгийн хямралын энэ үед Хятадтай эдийн засгийн талаар нягт хамтарч ажиллах нь хөгжлийн нэг шижим болно гэж тооцоолж байгаа.

Өнөөдрийн байдлаар Орос улс Европт байгалийн хий нийлүүлэх хэмжээгээ багасгаж Хятад руу илгээхээр шийдвэрлээд байгаа бол Хятад хариуд нь оросын бүс нутгуудад хөрөнгө оруулах хэлэлцээрүүд байгуулж байна. ОХУ, БНХАУ-ын хооронд хөрөнгө оруулалт, эрчим хүч, зэвсгийн наймаа  гээд төрөл бүрийн чиглэлээр олон арван хэлэлцээр байгууллаа.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцянтай уулзсаныхаа  дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр талын харилцааны үндэс нь эдийн засгийн үр ашиг байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа  нь хоёр орны харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн.
Үүнээс гадна Зүүн Ази, Солонгосын хойгийн асуудлаар Орос, Хятад хоёр улс АНУ-ын эсрэг нэгдмэл фронт болж байгаа нь энэ. Энэ хоёр улсын хувьд  Умард Солонгосын асуудлаар АНУ, Өмнөд Солонгос, Японоос өөр байр суурьтай. Энэ гурван орон умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд БНАСАУ-г тусгаарлах явдал чухал гэж үзэж байгаа бол Орос Хятад хоёр үүний эсрэг байгаа.

Орос Хятад хоёр улс бас Өмнөд Солонгост пуужин эсэргүүцэх THAAD систем байрлуулахын эсрэг байдаг улс. Өмнөд хятадын тэнгис дэх маргаантай арлуудын тухайд ОХУ болохоор Хятадын Засгийн газрын байр суурийг дэмждэг. Ийм байдлаар ОХУ, БНХАУ хоёр улс  олон асуудлаар АНУ болон барууны эсрэг нэгдмэл фронтод нэгдэж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 25-нд  БНХАУ-д айлчилж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахдаа Олон улсын харилцаанд хүч хэрэглэсэн хориг тавихгүй байх тухай  хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Энэ бол энэ хоёр улс идэвхтэй харилцаж бараа солилцох, энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх юм байна гэж шинжээчид үзэж байна. Эдний стратегийн энэ хамтын ажиллагаа АНУ болоод барууны бусад орнуудад аюул учруулж болох юм гэж Өмнөд Солонгосын хэвлэлд бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан