Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнхтөр: “Зорчигт тээврийн нэгтгэл” 2.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой байсан


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өнгөрсөн найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хийгээд холбогдох хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн танилцууллаа. Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНААТҮГ-ынхан хэрэглээний дизель түлшээ худалдан авахдаа Худалдан авах ажиллагааны тухай хууль болон тендерийн үйл ажиллагааны журам зөрчсөн гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл “Зорчигч тээврийн нэгтгэл” хэрэглээний түлшээ худалдан авах нийлүүлэгч сонгохдоо тендер зарлаж шалгаруулалгүй,   “Эм ойл”, “Сод Монгол” компанийг тодруулсан гэв. Мөн түлш авахдаа бөөний үнээс 100 орчим төгрөг, жижиглэнгээс 35 төгрөгөөр өндөр үнээр авсан нь 2.3 тэрбум төгрөг буюу 22 хувийн хэмнэлт хийж, тасалбарын үнийг бууруулах боломжийг үгүй хийсэн аж. Энэ тухай болоод бусад хяналт шалгалтын дүнгийн талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа.

-“Зорчигч тээврийн нэгтгэл”-тэй холбоотой зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-ШӨХТГ-аас өнгөрсөн найман сарын хугацаанд буюу 200 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын дүн, тайланг нэгтгэлээ. Энэ хугацаанд бид томоохон хэмжээний 20 гаруй ажил амжуулж, тэр бүхэнд холбогдох хяналт шалгалт хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн шатахууны худалдан авалт хийдэг ч эл худалдан авалтаа Худалдан авах ажиллагааны тухай хуульд нийцүүлээгүй байсан нь тогтоогдсон. Мөн тендер шалгаруулалтын дүн мэдээг цахим хуудсанд оруулдаггүй нь илэрсэн. Дээрх 20 тэрбум төгрөгийн 10 тэрбумыг дизель түлш худалдан авахад зарцуулдаг ч 2014, 2015 онд тендер зарлалгүй ханган нийлүүлэгч тодруулж, “Алхана трейд” буюу “Содмонгол” компаниас шууд худалдан авалт хийсэн байна. Мөн “Алхана” трейд болон “Эм ойл” групптэй байгуулсан шатахуун худалдан авах гэрээний хугацаа дууссан ч удирдах зөвлөлийн хүчингүй болсон тогтоолоор энэ онд ч сонгон шалгаруулалт хийлгүй өмнөх гэрээгээр худалдан авах захирамж гаргасан. Гэтэл дээрх захирамжаар дизель түлшээ өнөөгийн зах зээлийн бөөний үнээс өндөр үнээр худалдаж авсан байгаа юм.10 тэрбум төгрөгөнд түлш бөөндөж авахдаа жижиглэнгийн үнээс 35 төгрөгөөр илүү үнэ төлсөн буюу өөрөөр хэлбэл, автобусны тасалбарын үнэ буурах боломжтой байсан ч энэ нөхцөлийг бүрдүүлээгүй, санаатайгаар өндөр үнэтэй түлш авсан байна. Тиймээс уг ханган нийлүүлэгч “Алхана трейд” болон “Эм ойл” компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн.

-Танай байгууллагаас зөрчил залруулах тухайд шаардлага хүргүүлсэн нь энэ үү. Мөн торгууль ногдуулах байх?

-Тийм. Манай талаас зөрчил залруулах албан бичиг хүргүүлсэн. Зөрчлөө богино хугацаанд залрхуулахгүй бол хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаар бэлдсэн.

-Бусад хяналт шалгалтын дүнг сонирхвол?


-Манай байгууллагын зүгээс давамгай буюу монополь компаниудын үнэ, үйл ажиллагаанд шууд хяналт тавьж ажилладаг. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1000 гаруй давамгай аж ахуй нэгж бий гэх дүн гарсан. Өнөөдрийн байдлаар ШӨХТГ-ын хяналт шалгалтын дүнд зургаан байгууллагыг давамгай байдалтай хэмээн тогтоолоо. Үүнд, баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержи ресурс” ХХК, түүхий коксжих нүүрс экспортлох зах зээлд “Эрдэнэ-Тавантолгой” ХК, сул коксжих нүүрс экспортлох зах зээлд “Монголын алт” ХХК болон “Өсөх зоос” ХХК, эрчим хүчний хүрэн нүүрс экспортлох зэх зээлд мөн “Монголын алт” ХХК-иудыг нэрлэж байна. Түүнчлэн, спортын контент нийлүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “SBS” телевизийг нэрлэж байна. Мөн Увс аймгийн зах зээлд “Хотгор” ХХК давамгай байдалтай байна.

-Дээр дурдсан онцлох 20 ажлаас жишээ болгон танилцуулбал?

-Миний бие ШӨХТГ-ыг толгойлж ажиллах хугацаанд манай газрын хийж хэрэгжүүлсэн 20 ажлыг онцолж байгаа юм. Бид энэ хугацаанд 864 албан бичиг, 117 өргөдөл, гомдол хүлээж авснаас 655 албан бичигт хариу өгч, 189 өргөдөл, гомдол шийдвэрлэж, хаажээ. Бусад өргөдөл, гомдол хяналт шалтгалтын шатанд явж байна. Энэ хугацаанд хийсэн ажлуудаа бүлэг болгон хуваасан байгаа. Эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас 2016 оны хэрэглэгчийн жил болгон зарлуулах ажилд оролцсон. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ноль зогсоолоос хураамж авч байсан зөрчлийг арилгууллаа. Хот хоорондын замд, постоор нэвтэрч өнгөрөхөд авдаг хураамжийн төсөв хэрхэн бүрддэг хийгээд зарцуулагддагийг судлан тогтоож, хяналт шалгалтын чиг үүргийг холбогдох байгууллагуудад шилжүүллээ.

Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг Засгийн газраар амжилттай батлуулсан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль 1993 оноос хойш шинэчлэгдээгүй байсан хууль юм. Мөн байгууллагынхаа чиг үүрэгтэй уялдуулж Өрсөлдөөний тухай хуулийн шинэчлэлтийн асуудлаар ажиллаж байна. Мөн агентлагийн дунд хугацааны стратеги боловсруулан өргөн барьсан. Энэ мэт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бататгах цаашлаад ШӨХТГ-ын үйл ажиллагааг сайжруулах тал дээр нөлөөлөх, цаашид илүү бодитой, үр дүнтэй ажиллах суурь бааз бий болгоход анхаарч ажиллалаа.

-Оюутны сургалтын төлбөрийг ирэх есдүгээр сард зарлах тухай яригдсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Жил бүрийн намар их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгддэг. Эцэг эх, оюутан залуусын дунд нь ч тийм хүлээлт үүсдэг нь үнэн. Эдийн засаг хүнд, харьцангуй уналттай байгаатай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, юмны үнэ буурч байгаа. Ер нь, улсын төсөв мөнгө хүнд байгаа энэ үед их, дээд сургуудиудыг сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тухайд санал хүсэлт гаргасан. Хэрэв нэмэхээр болвол нэмэгдэх үндэслэл, шалтгаанаа тайлбарласан албан ёсны мэдэгдэл хийж байх талаар албан шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь, эл албан шаардлагад одоогоор хариу ирүүлсэн их, дээд сургууль байхгүй байна.

Албан шаардлагад хариу ирүүлэхгүй бол зөвшөөрснөөр тооцдог жишиг байдаг. Ер нь тэгээд хичээлийн жил эхлэх үеэр, цагийг нь тулгаж төлбөр мөнгө нэмж буйгаа зарлах нь өрсөлдөөний зарчим биш юм. Хэрэв хичээлийн жил эхлэхтэй зэрэгцүүлэн эсвэл эхэлсэн хойно төлбөрөө нэмэх тухай зарлавал манай байгууллагаас тухайн их, дээд сургуудиудад хяналт шалгалт оруулан ажиллана гэдгийг үүгээр мэдэгдье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан