Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бар кодтой хариултын дагуу яг зөв бөглөсөн зургаан хүүхэд л гарсан

-ЭЕШ-ын задарсан гэх бар кодыг шалгалтын дараа тараасан гэв-

Энэ жилийн сонгуультай зэрэгцээд багагүй хэл ам дагуулж буй нэг асуудал нь ЭЕШ. Энэ сарын 15-нд эхэлж, 19-нд өндөрлөсөн шалгалттай холбоотой маргаанууд одоо ч үргэлжилсээр. Анхлан фэйсбүүк хуудсанд шалгалтын хариу задарсан хэмээн бар код тавьснаас үүдэлтэй маргааныг эцэг, эхийн болон сурагчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийснээр бүр ч дэвэргэсэн гэж болно.

Тус хуралд оролцож өөрийгөө "Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш гэж танилцуулсан Х.Сайнбилэг " Багш хүний хувьд Боловсролын үнэлгээний төв  маш өндөр нууцлалтай зохион байгуулдаг учраас тест задрах боломжгүй гэж хүүхдүүддээ хэлдэг байлаа. Гэтэл математикийн шалгалтын дараашавь маань над руу утсаар залгаад  "багшаа хариу нь задарчихсан байна. Гадуур хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд бие биетэйгээ тэврэлдээд ийм амархан байсан юм уу гэж байна" гэсэн.
Тэгэхээр нотлох баримт байна уу гэхэд тестийн хариуг фэйсбүүк чатаар бар код явуулсан. Ингээд тэрний учрыг олох гээд бодож үзтэл яг таарсан.Надад ирсэн хариу нь "Б"-хувилбар байсан. Тэгээд бодлогыг бодож үзэхэд бар кодны учир тайлагдаж, хариу нь яг таарсан. "С"- хувилбарыг бодолтыг хийгээд бар кодтой нэг л зөрчсөн. "А"- хувилбар хоёр зөрсөн. Бусад нь яг таарч байгаа юм. БҮТ Монгол Улсын хэмжээнд хамгийн том шалгалтыг зохион байгуулдаг. Гэтэл дунд нь байгаа хүн хэдэн төгрөгийн хойноос олон хүний хөдөлмөрийг үгүй хийчихлээ” гэж байв.

 Мөн нэрээ нууцлахыг хүссэн математикийн багш холбогдоод БҮТ-д бар код яаж задарсан болохыг хэлээд өгөөч ээ, хүүхдийн ирээдүйгээр тоглож болохгүй гэсэн гэв. Энэхүү мэдээлэл нь нийгмийг тэр аяар нь талцуулж, шалгалтын материал задарсан гэж итгэхэд хүргэсэн. Гэвч Боловсролын үнэлгээний төвийнхөн тэр даруйд нь мэдэгдэл гаргаснаар үүссэн нөхцөл байдлыг намжааж чадсан юм. Тэрхүү мэдэгдэлд “Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан.

Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гарлаа. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байна.

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг.Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж байна” гэсэн байлаа. Хэдийгээр нэг нь задарсан, нөгөө нь задраагүй гэх мэдээллийн алинд нь итгэхээ эцэг, эхчүүд мэдэхгүй байсан ч өнгөрсөн баасан гарагт энэхүү мэдээлэлд ЦЕГ-ынхан цэг тавив. ЦЕГ-аас элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар ийн мэдээлэл өгөв. ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгаж үзэхэд ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Энэ мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг нь харин шалгаж байгаа гэв. Сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол З гэгч нь хувийн их, дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан. Д нь 12 дугаар анги төгсч буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан гэв. Тэрээр хүүхдүүдэд бар код худалдахдаа  “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онлоор худалдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч нь ирж болзошгүй тест гэж худалдсан бол дам дам цааш худалдаалахдаа  “ЭЕШ-ын хариу” болж хувирчээ. Түүнчлэн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй болох нь тогтоогдсон гэдэг мэдээллийг нэмж өгөв. 

Харин энэ талаар БҮТ-ийн ЭЕШ болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Сүүлийн үед гарсан ЭЕШ-ын материал задлагдсан гэх гомдолтой холбогдуулан БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнг Олон Улсад ашиглагддаг шалгалтын үр дүн бодитой гарсан эсэхийг тогтоодог нарийвчилсан шинжилгээг хийсэн. Үүний үр дүнд, 2016 оны ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан гэх дүгнэлт гарсан.

 Мөн бар кодтой хариултуудын дагуу яг адилхан бөглөсөн хүүхэд улсын хэмжээнд зургаа бий. Эдгээр зургаан хүүхдийг шалгаж үзэхэд, 4 өөр сургуулийн 4 хүүхэд, 2 хөдөө орон нутгийн хүүхэд байсан. Тус зургаан сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургуулиуд байсан. Хүүхдүүд нь ч хичээлдээ сайн хүүхдүүд байсан. Тус шалгалтын үеэр тэр бар кодтой математикийн шалгалтын хариу иргэдийн дунд байгаагүй гэдгийг судалгааны үр дүнд баталсан. Тэгэхээр олон нийтэд шалгалтын өмнө биш, дараа нь тараасан гэсэн үг юм" гэв. Ямартай ч шалгалтын зөв хариу ирэх сарын 1-нд гарч дээрх мэдээллүүдийг аль нь үнэн зөв болохыг эцэслэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан