Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан