Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио-2016 олимп Оросын хөнгөн атлетикчидгүй болох нь тодорхой боллоо


Олон улсын хөнгөн атлетикийн нийгэмлэгийн зөвлөл  / IAAF / өнгөрсөн баасан гараг буюу зургадугаар сарын 17-ны өдөр хуралдаад Оросын хөнгөн атлетикийн холбооны тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна. Зөвлөлийн тэргүүн Себастьян Коу “Оросын хөнгөн атлетикчдын холбоог IAAF-гийн гишүүнээр сэргээн бүртгэх шаардлагагүй гэж гишүүд санал нэгтэй шийдвэрлэлээ. Одоо Оросын хөнгөн атлетикчдын холбоо, түүний гишүүд олон улсын тэмцээн уралдаан, мөн IAAF-гийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй болж байна” гэжээ.

Бямба гарагт Олон улсын олимпын хороо энэ асуудлаар телефон бага хурал хийж Оросын хөнгөн атлетикчдыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хүрээнд болох олон улсын уралдаан тэмцээн, олимпын тоглолтод оролцуулахгүй байх гэсэн “IAAF-гийн энэ шийдвэрийг бүрэн хүндэтгэж байна” гэжээ.

ОУОХ бас Олимпод оролцох тамирчдыг эрх тэгш өрсөлдөх боломжийг хангахын төлөө тууштай ажиллана гэдгээ энд тэмдэглэсэн байна.  
Харин ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко “Р-Спорт” агентлагт Олон улсын олимпын хорооны мэдэгдэл нь Оросын хөнгөн атлетикчдыг Рио-де-Жанерогийн олимпод оролцуулахгүй гэсэн эцсийн шийдвэр биш, Орос улс үүний төлөө эцсээ хүртэл тэмцэх болно гэж мэдэгдээд байгаа юм. 

2014-2015 онд Саранскт спорт алхааны тамирчид олимпын бэлтгэл хийж байх үед Оросын хөнгөн атлетикчид тэмцээн уралдаанд оролцохдоо сэргээш хэрэглэдэг гэсэн дуулиан дэгдэж энэ төрлийн ерөнхий дасгалжуулагч Виктор Чегин огцорсон бол Сергей Кирдяпкин, Ольга Каниськина, Сергей Бакулин, Валерий Борчин, Владимир Канайкин нарын тамирчныг сэргээш хэрэглэснийх нь төлөө олон улсын тэмцээнд уралдаанд оролцуулахыг хориглосон юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Сэргээшийн эсрэг олон улсын нийгэмлэг 2012 оны олимпын аварга Юлия Зарипова, олон төрөлтийн аварга Татьяна Чернов нарын шагналыг хураахаар шийдвэрлэжээ. Энэ бүхий л дуулиан дүнд 2015 оны хоёрдугаар сарын 17-нд ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр 1991 оноос хойш ажиллаж байсан Валентин Балахничёв албан тушаалаасаа огцорсон юм.

Олон улсын хөнгөн атлетикийн нийгэмлэгийн зөвлөлийн энэ шийдвэр гарсны дараагаар тулгууртай харайлтын олимпын хоёр удаагийн аварга, Оросын тамирчин  Елена Исанбаева “хэрэв Олон улсын олимпын хороо Оросын хөнгөн атлетикчдыг Рио-де-Жанейрогийн олимпод оролцуулахгүй юм бол би Чебоксарт болох Оросын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоод спортын карьераа өндөрлөнө” гэж мэдэгдлээ. Оросын аварга шалгаруулах тэмцээн Чебоксарт энэ сарын 20-ны өдрөөс 23 хүртэл болно.

“Чебоксарт Оросын аварга шалгаруулах тэмцээн болно. 20, тэгээд 21-ний өдөр болно. Хэрвээ Олон улсын олимпын хороо Оросын хөнгөн атлетикчдыг олимпод оролцуулахгүй, цэнгэлдэх хүрээлэнд нь сул суудал байхгүй юм бол Чебоксар миний спортын сүүлийн гараа байх болно” гэж Исинбаева өөрийнхөө Instagram-д бичжээ.
Тэр бас бямба гарагт “Р-Спорт” хэвлэлд өгсөн ярилцлагадаа IAAF-гийн энэ шийдвэр нь улс төрийн сэдэлтэй гээд, үүнийг нь Олон улсын олимпын хороо дэмжиж байгаад харамсч байна гэжээ.

Зөвлөлтийн үеийн нэрт хөнгөн атлетикч Андре Кузнецов бас Олон улсын хөнгөн атлетикийн нийгэмлэгийн энэ шийдвэр нь хүний  эрхийг зөрчсөн шийдвэр гэсэн байна. “Хөнгөн атлетикийн төрлөөр тэргүүлэгч том гүрний тамирчдыг Рио-Де-Жанейрогийн олимпод оролцуулахгүй гэдэг нь IAAF-гийн алдаа гэдгийг 100 хувь хэлэх байна. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг” гэж тэр тэмдэглэжээ.
 
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын хэвлэлийн нэр хүнд бүхий AP, Reuters и Xinhua зэрэг агентлагийн удирдагчтай баасан гарагт уулзахдаа энэ тухайд “Ингэж бүгдийг нь нэг хэмжүүрээр харж болохгүй шүү дээ. Хэдхэн хүний өмнөөс бусад нь яагаад хэлмэгдэх ёстой гэж” гэсэн байна. Тэрээр сэргээш хэрэглэсэн хэдхэн хүний өмнөөс ямар ч гэмгүй бусад нь хариуцлага хүлээнэ гэдэг шударга биш гэж тэмдэглэжээ.

ОХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ баг зуны олимпын хамгийн хүчтэй баг байсаар ирсэн. 2012 онд Английн нийслэл Лондонд болсон зуны олимпын тоглолтод ОХУ-ын баг нийт 436 хүний бүрэлдхүүнтэй оролцсоны 94 нь хөнгөн атлетикчид байж 14 медаль авсны зургаа нь алт, гурван мөнгө, таван хүрэл медаль байсан юм.

Сар хүрэхгүй хугацааны дараа Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод эхлэх гэж байгаа зуны олимпод орон орны хөнгөн атлетикчид 47 багц медалийн төлөө наймдугаар сарын 12-21-ний өдрүүдэд өрсөлдөнө. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан