Б.БАДРАЛ
Жүжигчид, дуучид “од” гэсэн зиндаанд хүртэл амаргүй зам туулна. Од болохын хүслэн болсон олон мянган дуучин, жүжигчдийн дундаас цойлж гарна гэдэг хүнээс асар их авьяас, сэтгэлийн хат, нарийн тооцоо, мэдрэмж, гүйлгээ ухаан шаарддаг. Тийм ч учраас зарим од бизнес эрхлэх авьяастай, мэдрэмжтэй байдагт гайхах зүйлгүй. Одууд офисын цэвэрлэгээ хийдэг программаас эхлээд алмаз эрдэнийн үйлдвэрлэл, ухаалаг утсанд суулгадаг бясалгал хийхэд тусалдаг программ хангамж, селфи солилцох ба ил захидлын үйлчилгээ гээд маш олон салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Дэлхийд нэр алдар нь түгсэн одууд ямар салбарт хөрөнгө оруулалт хийж, тэртээ тэргүй асар их хөрөнгөө үржүүлдэг талаар сонирхуулъя.
Леонардо Ди Каприо – Алмаз эрдэнийн үйлдвэрлэл
Холливудын супер од Ди Каприо нь үнэт эрдэнийн чулууны үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Тэрээр АНУ-ын Калифорни мужаас гарсан үнэт эрдэнийн чулуу үйлдвэрлэх стартапт хөрөнгө оруулалт хийсэн. Энэ стартап нь хоёрхон долоо хоногийн дотор хэдэн зуун ширхэг үнэт чулуу үйлдвэрлэх боломжийг амалсан юм.
Сурталчилгаа ба тайлбар, боломжийг сайн сурталчилсны хүчинд “Diamond Foundry” нэртэй энэ стартап нь 2015 оны арваннэгдүгээр сард 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт цуглуулж чадсан. Өөрийн гэсэн өвөрмөц аргаар үнэт чулуу үйлдвэрлэх технологитой тул нийлэгжүүлэлт буюу синтетик аргаар гаргаж авсан бусад үнэт чулуунаас эрс ялгаатай, жинхэнэ чулуунаас ялгах боломжгүй юм гэж тус компанийн үүсгэн байгуулагчид нотолдог. Ийм учраас үнийн хувьд ч байгалийн алмазаас ялгаагүй, нийлэг аргаар гаргаж авсан бусад чулуунаас 30 хувиар илүү үнэтэй. Энэхүү чулуугаа “Diamond Foundry” нь гоёл чимэглэлдээ алмаз ашигладаг дизайнерийн компаниудад зарах төлөвлөгөөтэй.
Ди Каприо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Твиттер дээрээ ““Diamond Foundry” – хөрөнгө оруулалт хийж хүний ам ба экологийн аюулгүй байдлыг багасгахад хувь нэмэр оруулсандаа бахархаж байна” гэж жиргэн 2600 лайк цуглуулсан. Ди Каприо цагтаа хүний амь золин байж олборлодог алмазны контрбанд хийдэг залуугийн тухай “Цуст алмаз” кинонд тоглосон бөгөөд аж үйлдвэрлэл, уу уурхайг экологийн хувьд аюулгүй, хүний амь насанд халгүй болгохын төлөө идэвхтэй тэмцэгч. Хэрэв энэ стартап амжилтад хүрч чадвал “De Beers”,“Tiffany” гэх мэт энэ салбарын акулуудын бодит өрсөлдөгч болж чадах юм.
Snoop Dogg – Мэдээний сайт
Рэпчин Снуп Дог 2014 онд жүжигчин Жаред Лето, “PayPal”-ын үндэслэгч Питер Тиль, “Gmail”-ын үндэслэгч Пол Бакхейтын хамтаар “Reddit”-д хөрөнгө оруулалт хийжээ. Тухайн үедээ “Reddit” Снуп Дог болон бусад хөрөнгө оруулагчдаас 50 сая ам.доллар цуглуулж, зах зээлийн үнэлгээ нь 500 сая ам.долларт хүрч байсан юм. Тэрээр өөрийн хөрөнгө оруулалт хийсэн сайтыг сурталчлахдаа “хар тамхины өвсний мөнхөд үржин нэмэгдэж байсан цорын ганц өвөрмөц санд” гээд, түүнд бүртгүүлэхийг уриалсан байдаг.
Үүнээс гадна Снуп Дог нь “Philz Coffee” кофений компанид хөрөнгө оруулалт хийсэн, мөнгө хар тамхины олсны ургамлыг зарим мужуудад хууль ёсны болгон зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус ургамлын тарьж борлуулахтай холбоотой олон бизнес төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, өвсний ороомог хийж татах тусгай цаас“Snoop Dogg King Size Slim” гэсэн өөрийн гэсэн брэнд бий болгож түүнээ сурталчилдаг.
Жастин Тимберлейк – MySpace үйлчилгээ
Дуучин Жастин Тимберлейк нь 2011 онд “MySpace”-ийг “News Corp” компаниас 35 сая ам.доллараар худалдан авсан “Specific Media” маркетингийн компанийн эздийн нэг юм. 2011 оноос өмнө “MySpace”-ийг худалдан авахын тулд 580 сая ам.доллар зарцуулж байсан “News Corp”-ийн эзэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Руперт Мердог энэхүү наймааг асар үнэтэй алдаа гэж нэрлэж байсан удаатай. Тимберлейк нь “MySpace”-ийн креатив захирал болж багийн хамтаар төслийг дахин амь оруулахаар уйгагүй ажиллаж, 2013 онд олон нийтийн дуу хөгжмийн сүлжээ болгон өөрчилсөн. Энэ өөрчлөлт төлөвлөж байсан шиг асар их амжилт олоогүй ч 2014 оны байдлаар траффик нь 400 хувь өсч, 2015 онд хэрэглэгчдийнх нь тоо 1 тэрбум давсан тул зарсан 35 саяыгаа хэдийнэ нугалаад олоод авсан нь ойлгомжтой.
Жаред Лето – Бясалгалд туслах программ хангамж
Бясалгал хийх, эрүүл мэндээ хамгаалах, хувийн амьдралаа цэгцлэх, бодол санаагаа эмхлэхэд зориулагдсан гэсэн тодотгол бүхий ухаалаг утсанд зориулагдсан “Headspace” программ хангамж жүжигчин, рок дуучин Жаред Летогийн сонирхлыг татсанаар тус программ хангамжийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийжээ. Түүнээс гадна энэ программ хангамжийг боловсронгуй болгоход жүжигчин Жессика Альба, “LinkedIn”-ий Ерөнхий захирал Жэфф Вайнер нар хөрөнгө оруулалт хийснээр тус компани анх дөрвөн сая орчим ам.доллар хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө “давуулан биелүүлж” 30 гаруй саяыг цуглуулсан байдаг.
Одоогоор энэ программ хангамжийг дэлхийн 150 орны гурван сая гаруй хүн ашиглаж байна. Мөн программ хангамжаас гадна ном, тусгай радио, зайны сургалтын хөтөлбөр зэргийг зах зээлд эрчимтэй нэвтрүүлж байгаа аж.
Ингээд ч зогсохгүй Жаред Лето нь “Reddit”, “Meerkat”,“Zenefits” зэрэг төсөлд хөрөнгө оруулж байсан. Хамгийн амжилттай хөрөнгө оруулалт нь “Nest labs” –т хийсэн хөрөнгө оруулалт болсон гэж үздэг. Учир нь, “Google” компани “Nest labs”-ын 3,2 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.
Эштон Катчер - Өгөгдөл хадгалах үйлчилгээ
Эштон Катчерийг Холливудын одуудын дотроос өндөр технологи оролцсон төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн анхны хүн байсан гэж болно. 2013 онд “Lenovo” компанийн албан ёсны ажилтан болсон тэрээр орчин үеийн технологийг маш сайн мэддэг. Тийм ч болохоор 2015 он гэхэд “Foursquare”, “Skype”, “Spotify”, “GroupMe”, “Hipmunk”, “Flipboard”, “TinyChat”, “Fab.com”, “Optimizely”,“WarbyParker” зэрэг 40 гаруй төсөлд хөрөнгө оруулалт хийж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн таван компани байгуулаад амжсан.
Мөн 2015 онд Эштон нь файл удирдах систем“Git” дээр суурилсан төслүүдийн үндсэн кодыг хадгалах онлайн үйлчилгээ явуулдаг “GitLab”-д хөрөнгө оруулалт хийсэн юм. Одоо энэ компаниар “NASA”, “CERN”, “Alibaba”, “SpaceX”, “O’Reilly”, “IBM”, “Expedia” зэрэг нийт 10 мянга гаруй компани үйлчлүүлж байна.
Боно – Хөрөнгө оруулалтын сангийн хамтран эзэмшигч
“U2” хамтлагийн гоцлол дуучин домогт Боно нь “Elevation Partners” хөрөнгө оруулалтын сангийн хамтран эзэмшигч юм. Энэ санг цагтаа “Apple”-ийн санхүүгийн захирал, гүйцэтдэг дэд ерөнхийлөгч байсан Фред Андерс бий болгосон юм. Хоёр тэрбум гаруй ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй энэ сан нь 2009 онд “Facebook”-ийн хувьцааны 1,5 хувийг 90 сая ам.доллараар худалдан аваад 2013 онд 1,5 тэрбумаар зарж байсан юм. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын энэ сан нь үл хөдлөх хөрөнгийн “Move” сэтгүүл, халаасны компьютерийн үйлдвэрлэгч “Palm”, “Yelp” үйлчилгээ гэх мэт томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хувьцааг нь худалдан авсан байдаг.
Селена Гомес – Гар утасны ил захдлын үйлчилгээ
Дуучин Селена Гомес 2012 онд 19-тэй байхдаа гар утасны “Postcard on the Run” үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ үйлчилгээний тусламжтайгаар гар утсаар авсан зургаа ашиглан ил захидал хийж, найз нөхөддөө илгээх, хэвлэх боломжтой болдог. Тухайн үедээ энэ Селена Гомесийг технологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн явдал ихээхэн дуулиан шуугиан тарьж, олны анхаарлыг багагүй татаж байсан юм. Гэвч харамсалтай нь 2015 оны аравдугаар сараас эхлэн тус үйлчилгээ нь хаагдсан. Тэгэхээр Гомесийн анхны хөрөнгө оруулалт тийм ч бүтэлтэй болоогүй гэж болно. Магадгүй нас залуу байсан байдал үүнд нөлөөлсөн байх.
Жастин Бибер – Селфи солилцох үйлчилгээ
Дуучин Жастин Бибер нь технологийн стартапуудад хөрөнгө оруулалт хийх тал дээр Селена Гомесоос хавьгүй илүү тооцоотой, азтай гэж болно. Бибер нь өөрөө технологийн боломж гэх мэт зүйлсийг өөрөө муугүй мэддэг тул энэ чиглэлийн бизнест хувь эзэмшихийн тулд өөрийн асар их нэр хүндийг тун ч овжин ашигладаг.
Бибер хамгийн анх 2009 онд стартапт хөрөнгө оруулалт хийж байсан бол 2012 он гэхэд зурвас солилцох “Tinychat” үйлчилгээ, олон нийтийн хавсралт “Stamped”, “Stamped” тоглоомын компани, “Spotify” хөгжми йн үйлчилгээ гээд олон төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн хашир туршлагатай хөрөнгө оруулагч болсон байжээ.
2013 онд тэрээр “Shots Of Me” нэртэй селфи солилцох үйлчилгээнд 1,1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Биберийн нэр хүндийн ачаар “Shots Of Me”-ийн нэр хүнд огцом өссөн бөгөөд 2015 онд тус төсөл нь ахин 8,5 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадсан.
Леди Гага – Олон нийтийн сүлжээ байгуулах үйлчилгээ
Леди Гага нь 2011 онд байгуулагдсан “Backplane” стартапын үүсгэгчдийн нэг байсан юм. “Backplane” нь Леди Гагагийн шүтэн бишрэгчдэд зориулсан “LittleMonsters” олон нийтийн сүлжээг хөгжүүлэх дээр дагнан ажиллаж байсан. Гэхдээ сүлжээг хэрэглэгчдийн тоо сая хүнийг давахад адил төрлийн үйлчилгээг бусад алдартнуудад санал болгосон. “Backplane” нь олны танил болсон алдартнууд өөрийнх нь нэр хүнд, амжилтаар дулдуйдан “Facebook” мэтийн хөндлөнгийн сүлжээнүүд баяжиж мөнгө олдгийг зогсоож, өөрсдийн нэр хүнд, авьяас чадварын ачаар, шүтэн бишрэгчдээрээ дамжуулан зөвхөн өөрсдөө мөнгө хийдэг боломжтой болгоно гэж амласан юм. Энэ саналыг олон алдартнууд хүлээн авсан бөгөөд “Guns N’ Roses”ба“Condé Nast”-ийн фанатуудад зориулсан сүлжээ, “Minecraft All Minecraft”-ын фанатуудын сүлжээ зэргийг байгуулсан. 2014 оноос эхлэн жирийн интернэт хэрэглэгчид ч энэ үйлчилгээг ашиглан өөрийн гэсэн олон нийтийн буюу манайхны ярих дуртайчлан “сошиал нэтворк” үүсгэж эсвэл тусгай маркетингийн кампанит ажил явуулах боломжтой болсон.
Тоби Магуайр – “Mobli”-ын хөрөнгө оруулагч
Фото ба видео үйлчилгээ үзүүлдэг “Mobli” компани нь олон арван алдартай хүмүүсийг хөрөнгө оруулагчаа болгон татаж чадсаны нэг нь жүжигчин Тоби Магуайр юм. Магуайр 2012 оноос тус компанийн нүүр царай болж сурталчилгаанд идэвхтэй оролцсон. Энэ компани 2015 онд фото зураг ба видеог шууд бичлэгээс хайх боломж олгодог “EyeIn” үйлчилгээг хэрэглэгчдэд саналд болгосон. Нэр алдартай хүмүүсийн оролцсон концерт шоуны зургийн дийлэнх нь селфи байдаг тул тэр болгон бусдад хэрэгтэй, сонирхол татахаар зүйл байж чаддаггүй. “EyeIn” үйлчилгээ нь хайж байгаа хүний зургийг бусдын селфи бичлэгээс бус харин цэврээр олох боломж олгодог гэдгээрээ давуу аж.
Жессика Альба – Офисын ухаалаг цэвэрлэгээний программ
Жүжигчин Жессика Альба хүүхдийн эрүүл ахуй ба гоо сайхны экологийн цэвэр бөгөөд хортой нөлөө байдаггүй компани байгуулж өөрийгөө тун ч мэдрэмжтэй бизнесвумэн гэдгээ харуулсан. “The Honest Company” нэртэй компаниараа Альба 200 сая ам.доллар олсон байдаг. Энэ хөрөнгөнийхөө нэг хэсгийг офисын удирдлага ба цэвэрлэгээний ухаалаг систем гэж олон нийтэд танилцуулсан “Managed by Q” компанид хөрөнгө оруулалт хийсэн.
Тус үйлчилгээг авсан хүмүүс офисын цэвэрлэгээ, тавилгын угсралт, бичиг цаас гэх мэт урсгал зардлын материалын хангамж, техник үйлчилгээ зэргийг хянах боломжтой юм. Ингэснээр ажлын байрандаа бус харин шууд ажилдаа дагнан анхаарах боломжтой болох юм байна.