Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1072 хувьцааныхаа 30 хувийг зарах нь зөв, буруу...


Б.ЦЭДЭВСҮРЭН

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн хувьцаа”  арга хэмжээ өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь буюу 300 мянган төгрөгөөр Засгийн газарт худалдаж байна. Ингэхдээ дурын банкны салбартаа очиж хүсэлт гарган өөрийн дансаа бүртгүүлж байв. Харин дансгүй нэгэн нь шинээр данс нээлгэж байлаа. Бүртгүүлсэн хүмүүсийн хувьд долоо хоногийн дараагаас эхлэн 300 мянган төгрөгөө гурав хуваан авах юм. Гэхдээ нэгээс илүү банк сонгож хүсэлт гаргасан тохиолдолд хувьцааных нь мөнгийг олгохгүй юм байна. Иргэдийн эзэмшлийн хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Түүнчлэн иргэд энэхүү хувьцаагаа зарахгүй байж ч болох юм. Засгийн газар цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөжээ.

Өглөө зургаагаас эхлэн урт цуваа хөвөрчээ

Дээрх шийдвэрийг Засгийн газар гаргасан талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн. Харин бямба гарагаас эхлэн банкууд харилцагчдынхаа бүртгэлтэй утасны дугааруудад өөрийн салбарт ирж хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргахыг уриалсан юм. Тэгвэл өчигдөр өглөөнөөс банкны салбаруудад иргэд хүсэлтээ өгч эхлэв. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд зэрэгцэн орших Төрийн банк, “Хаан” банк, “Капитал” банкны салбараар оров. Аль нь ч оочер ихтэй. Иргэд банкны хаалгаар гарч, гудамжинд урт дараалал үүсгэжээ. Банкны салбаруудад нэг эсвэл хоёр теллер иргэдийн хувьцаагаа зарах хүсэлтийг бүртгэж байна билээ.
Банкны салбарууд дээр 14 цагийн үед очиход байдал иймэрхүү байсан ч Төрийн банкны хамгаалаагч “Иргэд өглөө 06 цагаас эхэлж оочерлосон гэсэн. Өглөө 09 цагт банк нээгдэхэд манай дээр л гэхэд бараг 200 хүн оочерлосон байсан. Цайны цаг хүртэл хүмүүсийн тоо буурсан юм алга” хэмээн ярив.

Банкинд дугаарлан зогсох иргэдийн ихэнх нь залуучууд, хүүхдээ тэвэрсэн ээжүүд байгаа нь өмнө нь “Эх орны хишиг” нэрээр хүүхдүүд, оюутнууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааны хувиа хүртсэнтэй холбоотой биз ээ. Банкинд дугаарлаж буй иргэд “Засгийн газраас зөв шийдвэр гаргасан байна. Ингэж тал талаар нь ч болов аваад мөнгөтэй болмоор байна. Өмнө нь оюутан залуус, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая, сая төгрөг өгсөн. Биднийг нэг ёсондоо гадуурхаад үлдээчихсэн байсан байхгүй юу. Тиймээс өгч байгаа дээр нь авна” гэсэн саналтай байх. Гэхдээ энд мөнгөтэй болох зайлшгүй шаардлагатай иргэд л цуглан дараалал үүсгэжээ. Учир нь, миний уулзсан иргэн бүр л мөнгөө аваад зарцуулах зүйлээ төлөвлөчихсөн байв.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б.Мэндбаяр гэх эмэгтэй Төрийн банкинд хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаад гарч ирэв. Тэрээр “1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэсэн нэр төдий явж байснаас ингээд ч болов худалдаад мөнгөө авсан нь дээр болов уу гэж бодож байна. Хүүхдүүд маань ажил, хичээлтэй учраас би гэр бүлээ төлөөлөөд ирсэн ч өөрийгөө л бүртгүүллээ. Иргэд өөрийн биеэр ирж бүртгэлээ хийлгэх ёстой юм байна. Энэ жил бага охин маань их сургуульд элсэнэ. Хувьцаагаа худалдаж сургалтын төлбөрт нь л нэмэр болох гэсэн санаатай явна” хэмээн ярилаа.
Харин “Хүү минь дөрвөн сартай” хэмээн ярих нэгэн эмэгтэй “Нөхөр бид хоёр 1072 хувьцаатай. Би гэртээ хүүгээ хараад суудаг учраас 09 цагт ирж оочер авсан. Нөхөр маань оочер дөхөхөөр ирнэ. Ойрхон ажилладаг юм аа. Түүнээс манайх чинь Шар хаданд байдаг. Хувьцааныхаа 30 хувийг худалдчихвал лизингээ л төлнө дөө. Нөхрийн маань цалин буухгүй удаж байгаа” гэв.
Бас нэг залуу “Интернэтээр орж шалгасан чинь надад 1063 хувьцаа байна лээ. Намайг хүүхэд байхад сард 3000 төгрөг, 20000 төгрөг “Эх орны хишиг” гээд өгдөг байсан. Тэгж л есөн ширхэг хувьцааг маань өгсөн байх. Хувьцаагаа худалдаад мөнгөө авчихвал төлөвлөсөн юм бий” хэмээн ярьсан юм.
Миний орсон Төрийн банкны салбарт хоёр теллер хувьцааныхаа 30 хувийг худалдах иргэдийн саналыг хүлээн авч байсан. Өглөөнөөс хойш 600 гаруй иргэнд үйлчилж, хэвлэсэн маягтаа дуусгаад дахин хэвлэсэн хэмээн ярьж байв.

Данс нээхэд мөнгө төлөхгүй


Өчигдөр гэрт, гудамж, автобусанд зөвхөн 1072 хувьцааныхаа 30 хувийг худалдах үйл ажиллагааны талаар яриа өрнөв. Автобусанд явж байтал хоёр эмэгтэй хоорондоо “Манай дүү “Хаан” банкинд ажилладаг. Биднийг бүртгүүлчихнэ гэсэн” гэтэл нөгөөх нь “Өглөө манай хадам ээж бидний бичиг баримтыг аваад явсан чинь хүн нь өөрийн биеэр ир гэж байна гэсэн. Тэгээд дансгүй хүмүүс нь шинээр данс нээлгэхдээ 7000 мянган төгрөг төлнө гэж байна лээ” хэмээн ярив.

Хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлт гаргах иргэд хамгийн түрүүнд 1072 хувьцаа эзэмшиж буй эсэхээ нягтлах ёстой. Ингэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн веб сайт болох net.schcd.mn/registration аар орж шалгана. Эсвэл ямар ч банкны салбар нэгж дээр очиж болох ч дараалал их байгаа тул харьяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстээ хандаж хувьцааны талаарх мэдээллээ шалгуулж болох юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг, 18 нас хүрсэн иргэд банкинд хүсэлт гаргахдаа иргэний бүртгэлийн зөрчилгүй байх, иргэний цахим үнэмлэхтэй байх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/ ёстой. Мөн тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэх шаардлагатай аж.
 
Иргэдийн амьжиргаа хувьцаагаа зарах гэсэн дарааллаас харагдана

Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаатай байсан ч хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө хувьцаагаараа төлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлэн мөнгө хэлбэрээр авч, үлдсэн 1.5 сая иргэн өдгөө “амьгүй” хувьцаа эзэмшиж буй юм. “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжсэнээр дээрх 1.5 сая хүн түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй 971 мянган иргэнд тулгамдаад буй асуудлаа шийдэхэд тус нэмэр болно хэмээн Засгийн газраас үзэж буй. Тэгвэл хэрэгжиж эхэлсэн эхний өдөр банкны салбаруудын гадаа урт дараалал үүсгэн зогсох иргэдээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг тольдож болохоор. Монгол Улсад хэнд мөнгө хэрэгтэй байна вэ гэдгийг ч харж болохоор. Хүүхдээ тэвэрсэн гэртээ суух ээжүүд, их сургуульд элссэн ч төлбөр байхгүй оюутнууд, ажил хийж байгаа ч цалингийн зээлээ төлж чадахгүй байгаа залуус, ахмад настай ч тэтгэврийн насандаа хүрээгүй иргэд...

Талцал...

Бүх зүйл хоёр талтай. 1072 хувьцаатай 1.5 сая иргэн хоёр хуваагджээ. Банкны гадаа дугаарлах хэсэг нь эх орныхоо хувь хишгийг ингээд ч болов хүртэнэ гэсэн байр суурьтай байхад банкинд очоогүй иргэд “Бэлэн мөнгө тарааж байгаа нь буруу. Дахиад л өр зээл өснө” гэсэн байр суурьтай байх.
Уг нь “Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны гол утга нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүнд хувьцааг нь бүхлээр нь өгч, хувьцааныхаа оруулсан хөрөнгийн дагуу үйл ажиллагаа нь ашигтай байвал иргэдийн эзэмшүүлсэн хувьцаанд ногдол ашиг хүр­тээх ёстой аж. Гэтэл одоогоор Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь эргээд маш их өрийн дарамтыг үүсгэнэ хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.
Мөн уг хувьцааг эзэмшиж буй 1.5 сая иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэвэл 30 хувийг нь худалдан авахад 400 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ хэмээн халаглах хэсэг ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан